Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал 2024 оны аравдугаар сарын 18-ны өдөр боллоо. Энэхүү хурлыг Нямбуугийн Нямдоржийн өвийг хамгаалах "Дорно" сангаас санаачлан, Монголын зохиолчдын эвлэл, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, найрагчийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит Батширээт сумын ЕБС, Хэнтий аймгийн "Хэрлэн тооно" утга зохиолын нэгдэл хамтран зохион байгуулжээ.
Эрдэм шинжилгээний бага хурлыг МУИС-ийн багш, утга зохиол судлаач, доктор, дэд профессор А.Мөнх-Оргил даргалж, Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, доктор. профессор Л.Дашням "Н.Нямдоржийн уран бүтээлийн онцлог", "Чингис хаан" одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, утга зохиолын доктор Г.Мэнд-Ооёо "Нямбуугийн Нямдоржийн яруу найраг дахь дорнын дахин сэргэлтийн дуудлага", Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, судлаач, доктор До.Цэнджав "Эгэл энгийний гүн далд чанарыг нээгч", МУИС-ийн багш, яруу найрагч, судлаач, доктор Д.Нямдорж "Н.Нямдоржийн зориулал шүлгийн туурвил зүй", "Сити" их сургуулийн багш, судлаач Х.Чойдогжамц "Яруу найрагч Н.Нямдоржийн "Монгол" /хэвлэгдээгүй шүлгүүд/ номын тухай", МҮОНР-гийн Урлаг, соёлын албаны редактор, яруу найрагч, судлаач Г.Лхагвадорж "Нямбуугийн Нямдоржийн бүтээл дэх "Зохист аялгуу"-ны судалгаа" гэсэн илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэв.
Мөн Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй, Төрийн шагналт яруу найрагч С.Оюун, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр, "Болор цом"-ын эзэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Д.Галсансүх, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Батбаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Дашдондов, МУИС-ийн багш, яруу найрагч, орчуулагч Д.Мөнхтөр, зохиолч, сэтгүүлч Л.Пүрэвдорж зэрэг олон хүн Нямбуугийн Нямдорж найрагчийн тухай дурсамжаа хуваалцав.
Эрдэм шинжилгээний бага хурлын хүндтэй зочин нь Нямбуугийн Нямдорж найрагчийн гэргий Б.Дуламханд байлаа. Уран бүтээлч хүний амаргүй, адармаатай замыг туулж, цаг үетэйгээ тэрсэлж, тэмцэж явсан их найрагчийн ар гэрийг нуруундаа үүрч, насан туршийн амьдралынх нь түшиг тулгуур болсон энэ буурал ханийнхаа тухай дурсамжаа хуваалцав. Тэрбээр "Хань маань номын л төлөө төрсөн хүн байсан. Ном их уншина. Ном цуглуулна. Миний хань ерөөсөө бичгийн хүн л байсан даа" хэмээсэн юм.
Нямбуугийн Нямдоржийн өвийг хамгаалах "Дорно" сангаас найрагчийн уран бүтээлийг "Яруу найраг", "Шүүмж, судлал", "Дурсамж" гэсэн гурван ботиор хэвлэн гаргахаар ажиллаж байгаагаа энэ үеэр танилцууллаа. Н.Нямдорж найрагч сэрүүн тунгалагтаа 1989 онд шилмэл шүлгийн эмхэтгэлээ хэвлүүлж байсан бөгөөд мөнх бусыг үзүүлснээс нь хойш Монголын уран зохиолын дээжис 108 ботийн 81 дэх ботийг түүний бүтээлээр гаргажээ. Мөн найрагчийн шавь Д.Галсансүх 2011 онд "Сонгомол шүлгүүд" түүврийг нь эрхлэн хэвлүүлсэн байна. Харин энэ удаа "Дорно" санд гар бичмэлээр хадгалагдаж буй урьд өмнө хэвлэгдээгүй шүлэг, найраглалуудыг нь багтаасан бүрэн ботийг уншигчдын гар дээр тавих аж.
"Дорно" сан Нямбуугийн Нямдорж судлалыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөсний нэг нь 90 насны нь ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал юм. Энэхүү хурлыг цаашид тодорхой давтамжтайгаар уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. Мөн утга зохиол судлал, шинжлэлээр суралцаж буй оюутан залууст Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит судлаачийн тэтгэлэг олгож байх, анхны номоо хэвлүүлэх залуу найрагчид "Үүлэн бор" цом, тэтгэлэг, оны шилдэг яруу найрагчийг тодруулан Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит "Онон хатан ээжий" цомын эзнээр өргөмжлөн алдаршуулах зэрэг ажлыг төлөвлөжээ.
Холбоотой мэдээ