Өчигдөр /2024.10.20/орсон их хэмжээний цасан шуурганы улмаас зарим чиглэлийн зам, мөстөж зорчих боломжгүй болжээ. Тээврийн цагдаагийн албанаас тодруулснаар Сэлэнгэ чиглэлийн зам мөстөж, хайлан онцгой нөхцөл байдал үүссэн тул өчигдөр /2024.10.20/ 19:00 цагаас эхлэн тээврийн хэрэгсэл зорчих боломжтой болох хүртэл хугацаагаар замын зорчих хөдөлгөөнийг түр хаах шийдвэрийг гаргасан байна. Одоогийн нөхцөл байдлаар мөстсөн зам дээр халтиргаа гулгаа ихсэж, зам тээврийн осол гарах эрсдэлтэй байгаа аж.
Түүнчлэн Говьсүмбэр аймагт цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, халтиргаа гулгаа үүсэж байгаа тул иргэд жолооч та бүхэн хурдаа тохируулан аюулгүй байдлаа хангаж зорчихыг зөвлөж байна. Мөн Өлгий-Цагааннуур, Өлгий-Ховд чиглэлийн Олон улс, улсын болон орон нутгийн чанартай А/0305, А/0306 дугаартай авто замуудад халтиргаа, гулгаа үүссэн нөхцөл байдалтай байгаа тул иргэд, жолооч нар онцын шаардлагагүй бол дээрх чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байх, тээврийн хэрэгслийнхээ зуны дугуйг өвлийн дугуйгаар сольж, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
Улаанбаатар хотын хувьд хаасан зам байхгүй авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгааг хэллээ. Харин Багануур, Налайх зэрэг алслагдсан дүүргүүдээс орон нутаг руу чиглэх хөдөлгөөн үзэгдэх орчин хязгаарлагдмал, цасан шуурга шуурч байгаа тул холын замд зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Холбоотой мэдээ