"Манай эдийн засаг дэлбэрэхэд бэлэн бөмбөг шиг болсон"

"Манай эдийн засаг дэлбэрэхэд бэлэн бөмбөг шиг болсон"

"Манай эдийн засаг дэлбэрэхэд бэлэн бөмбөг шиг болсон"

УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Батбаяртай ярилцлаа.


Монгол Улсын Засгийн газраас ирэх 2025 оны төсвийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Ирэх оны төсвийн төсөл дээр та ямар байр суурьтай байна вэ. Төсвийн зарлагад хяналт тавьдаг дэд хорооны дарга төсвийнхөө шүүсийг сайн шахаж суугаа байх?

-Ирэх оны төсвийн асуудал руу орохоосоо өмнө парламентаар улсын төсвийг ямар үе шаттай хэлэлцэн баталж байгаа талаар хэдэн зүйл хэлмээр байна. Тухайлбал, ирэх 2025 оны төсвийн ерөнхий төсөөллийг 2022,2023 онд гаргаж, төсвийн хүрээний мэдэгдлээ өргөн барьдаг. Өөрөөр хэлбэл, улсын төсвийг тогтвортой байлгах, төсөөллийн дагуу тооцоолохын тулд олон төрлийн арга хэмжээ авдаг боловч энэ бүхэндээ гар дүрэх байдлаар явж ирлээ. Төсвийн хүрээний мэдэгдэл, цагалбартай холбоотой асуудлыг олон нийт төдийлэн сайн мэддэггүй учраас, энэ асуудалд анхаарал хандуулахгүй байна. Төсөв ямар хүрээ, хязгаартай, ямар он цаг дарааллын дагуу явах ёстой гэдэг дээр олон нийт анхаарал хандуулдаг болох нь чухал. Хэдийгээр төсвийн талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах талаар заасан боловч төсвийн асуудалд иргэд төдийлэн анхаарал хандуулахгүй байна. Тийм учраас юунд хяналт тавьж, ямар шаардлага тавих, ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг дээр иргэд илүү их оролцоотой, хяналттай байж иргэдийн оролцооны засаглалыг сайжруулахын тулд тэднийг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангах асуудалд анхаарч ажиллана. Үндсэндээ, УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын гишүүд гуравхан сарын дотор хоёр дахь удаагаа төсөв хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, сар гаруй хугацааны өмнө 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан бол өнөөдөр 2025 оны төсвийг хэлэлцэж эхлээд байна. УИХ-ын гишүүд 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлэх үед гишүүдийн ихэнх нь шинэ байсан учраас ганц нэг асуудал дээр санал бодлоо хэлээд л өнгөрсөн. Хэн ч үүнд анхаарал хандуулаагүй.

-Эрх баригч намууд ирэх оны төсвийг өргөн барьсныхаа дараа нь хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг нь оруулж ирсэн. Зүй нь ирэх оныхоо хөгжлийн төлөвлөгөөг дагуулж төсвөө оруулж ирэх ёстой биз?

-Яг тийм. Гэтэл ирэх оны хөгжлийн төлөвлөгөөн дээр ийм ажлууд илүү, ийм ажлууд дутуу байна гэх санал гаргасан ч анх оруулж ирсэн багц асуудлуудын хүрээнд л цааш нь явуулчихдаг юм байна. Хэдийгээр МАН болон Ардчилсан нам хамтарсан Засгийн газар байгуулсан боловч Ардчилсан намын гишүүд төсөв дээр санал бодлоо илэрхийлж, зарчмын зөрүүтэй санал гаргасан ч МАН-ынхан "галт тэрэг" хөдөлчихсөн гэдэг байдлаар хандаж байгаа учраас энэ асуудалд иргэдийн анхаарлыг хандуулахын тулд иргэд, сонгогчдын төсвийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах нь чухал. Ирэх 2025 оны төсвийг есдүгээр сарын 1-ний өдөр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлчихсэн байсан. Өөрөөр хэлбэл, төсөв хэлэлцэж эхлэхээс сарын өмнө өргөн мэдүүлсэн учраас УИХ-ын гишүүдэд төсөвтэй танилцах боломж, цаг хугацаа хангалттай гарсан. Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж байгаа 14 мега төсөл үнэхээр хэрэгжиж боломжтой эсэх тал дээр гишүүд нэлээд нухацтай хандаж, асуулт асууж, хариулт авч байна. Харин 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байхад тодотголтой танилцах, тодруулж асуух боломж тун хомс байсан.

Гэсэн хэдий ч ирэх 2025 оны төсвийг ч мөн өндөр тэлэлттэй төсөв болсон талаар ярьсаар байгаад батлаад явуулчих байх гэж санаа зовж байна.

-Таны хувьд Төсвийн зарлагын дэд хорооны даргаар томилогдсон. Өндөр тэлэлттэй байгаа төсөв дээр хяналт тавих ямар боломж байна. Төсөвт тусгагдсан ийм зарлага үр ашиг багатай учраас хасах санал гаргах шууд боломж байдаг  уу?

-УИХ-ын гишүүний хувиар л саналаа илэрхийлэх боломжтой. Зарлагын хяналтын дэд хороо байнгын хороогоор төсөв хэлэлцэх үед дүгнэлт танилцуулах буюу бэлгэ тэмдэгийн журмаар ажиллаж байна. Ямар үед илүү үүрэг оролцоотой ажиллаж байна гэхээр өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэл хэлэлцэх үед төсвийн зарлагын дэд хорооноос дүгнэлт гаргадаг. Тухайлбал, аудитын байгууллагаас хязгаарлалттай, сөрөг гэсэн дүгнэлт 2023 оны төсвийн гүйцэтгэл дээр авсан байгууллагуудын мэдээллийг нэг бүрчлэн татаж авч байна.

Жилээс жилд төсвийн зарлагын тэлэлтийг дагаад төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах мөнгө өсч байна. Гэтэл тухайн захиран зарцуулсан мөнгийг юунд, хэрхэн зарцуулсан бэ гэдэгт бодит үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр зарцуулах үнийн дүнг нэмэгдүүлээд байвал тэнд хяналт алдагдана.

Орж ирсэн мөнгийг хуваарилаад байвал зарцуулаад л байдаг. Гэтэл тэнд хяналт дутагдаж байна. Төсвийн гүйцэтгэл хэлэлцэх үед төсвөө батлуулах гэж идэвхитэй гүйдэг байх хэрэгтэй. Өнөөдөр төсөв хэлэлцэх болохоор ордноор дүүрэн дарга нар “Чадвал төсвөө нэмүүлчих санаатай. Бүр болохгүй бол батлагдсан төсвөөсөө хасуулчихгүй байх юм сан” гэсэн бодолтой гүйж байна. Тиймээс юуны түрүүнд өнгөрсөн оны төсөв мөнгийг юунд зарцуулж ирэв гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгмөөөр байна. Тухайлбал, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ ажлаа өгсөн. Тус яам одоо Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд шилжсэн. Гэтэл  Биеийн тамир, спортын улсын хороо нь 110 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байсан бөгөөд 2023 оны төгсгөлд аудитын байгууллагаас шалгалт хийгээд 42.8 тэрбум төгрөгийн торгууль тавигдсан. Өөрөөр хэлбэл нийт төсөвт өртөгийн талтай нь тэнцэх хэмжээний зөрчлийн акт тавигдсан асуудлыг хэн ч ярихгүй байна. Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамд асуулга тавьсан.

Та бизнес эрхлэгч тэр дундаа уул уурхайн салбарын боловсруулах үйлдвэрлэлийн төлөөлөл. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөл дээр ямар байр суурьтай байна вэ?

 -Бизнес, эдийн засгийн орчны үүднээс нь аваад үзвэл томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэхийн хэрээр эдийн засаг тэлэх боломжтой болж байдаг. Томоохон бүтээн байгуулалтууд нь эргээд эдийн засагтаа ач холбогдолтой байх ёстой. Нөгөө талаар төрөөс хийж хэрэгжүүлж байгаа бүх зүйл эргээд мөнгө олдог байх албагүй л дээ. Засгийн газраас өгч байгаа тайлбараар бол 2023,2024 онд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудаа дуусгана. Шинээр орон нутгийн шинжтэй хөрөнгө оруулалтын ажил эхлүүлэхгүй гэсэн боловч ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 108 төсөл хөтөлбөр бий. Гэтэл эдгээр төслийн 32 төсөл нь инженерчлэл дэд бүтэц гэх мэт эдийн засгийн боломжийг бий болгодог суурь төслүүд байна. Үлдсэн 76 нь өнөөх л яриад байдаг сургууль, цэцэрлэг гэх мэт зардлуул байна.

Бизнесийн орчинг сайжруулах чиглэлд л төсөв зөрцуулагддаг бол үр өгөөжөө өгнө. Нэг ёсондоо өнөөдөр төрийн ам ажил зөрж байна.

Тухайлбал, ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгож, нэмэгдүүлэхээр боллоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ гэдэг бол эргээд цалингийн зардлыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Цалингийн зардал нэмэгдэхээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөг нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, шууд инфляцийг хөөрөгдөнө. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдэлийг дагаад улсын төсөвт төвлөрөх татварын хувь хэмжээ өснө. Гэтэл энэ эргээд бизнесийн орчинд сөрөг нөлөө үзүүлдэг.

-Хэрэглэгчээс үйлдвэрлэгч орон болох асуудлыг олон жил ярьж байна. Томоохон боловсруулах үйлдвэрүүдээс гадна жижиг дунд, үйлдвэрүүдээ хөгжүүлэх асуудлыг тогтмол хөнддөг. Гэсэн ч зөвхөн уриа лоозон төдий байгаа шалтгааныг юу гэж харж байна?

-Бүх зүйл бодитой байх ёстой. Бизнес эрхлэхх ээлтэй орчин байсан бол төртэй, төргүй хөгжих боломжтой байсан. Гэтэл ийм орчин байхгүй учраас бичил, жижиг, дунд, том үйлдвэрлэлүүд хөгжихгүй байна. Өөрсдөө дотооддоо үйлдвэрлэх боломжтой зүйлсээ гаднаас оруулж ирэхээ больё гэдгийг хүн бүр ойлгож байна. Тэгвэл төрөөс хэрхэн яаж дэмжих юм бэ гэхээр л дабль стандарт тогтчихоод байна.

-Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд дарга нарын нутагт хэрэгждэг асуудлыг хөндөж байна гэж ойлгож болох уу?

-Тухайлбал, Говь-Алтай аймагт шохойны үйлдвэр төрөөс барихаар оруулчихсан байна. Гэтэл Дархан-Уул аймагт арьс ширний үйлдвэр барих асуудлыг хөгжлийн хөтөлбөртөө тусгаагүй. Төр өөрөө бизнес эрхлэхгүй юм бол бизнесийн орчныг нь сайжруулж, боломжийг нь олгох ёстой. Хэрэв Дарханд арьс шир боловсруулах үйлдвэр барьж байгуулах асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан тохиолдолд гаднаас хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэгч хөнгөлттэй зээлд хамрагдах гэх мэт олон боломжуудыг нээж өгдөг. Төр бизнес эрхлэгчидээ дэмжиж байгаа гэдгээ хөрөнгө оруулагч нарт нь харуулах ёстой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төслийг дэмжихдээ ТЭЗҮ бэлэн байх, Засгийн газрын хөгжлийн төлөвлөгөөнд туссан байх, тухайн салбар нь дэмжсэн байх, аудитын тайлангаа хүргүүлсэн байх зэрэг хэд хэдэн төрлийн шаардлага, шалгуур тавьдаг. Гэтэл 2020 оноос хойш хэрэгжсэн төслүүдийн зарлагыг хянахын тулд  ямар төслүүдийг, ямар шалгуураар сонгож Засгийн газрын хөгжлийн төлөвлөгөөнд оруулав гээд харахаар өнөөх л дабль стандартын асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн өртөг анх 94 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 154 тэрбум төгрөгийн өртөгтэй болсон байна. Угтаа өмнө нь олгосон санхүүгийн зардал дээр нь аудитын байгуулагаас дүгнэлт гаргуулахгүйгээр төсөвт өртөгийг нь нэмэгдүүлсээр байгаа энэ мэт төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулж байгаа зардал дээрээ хяналт тавьж чадахгүй байна.

-Монгол Улсын төсвийн зардал, орлогоосоо давчихсан буюу жил бүр алдагдалтай төсөв баталж байна. Ирэх онд олох орлого талд доголдол гарах эрсдэл бий юу?

-Зөвхөн ойрын өдрүүдийн уул уурхайн түүхий эд тэр дундаа нүүрсний үнийг аваад үзвэл буурсан үзүүлэлттэй байна. Энэ байдлаараа цаашид Монгол Улсын экспортын орлогыг бүрдүүлэгч гол түүхий эдийн үнэ буурсаар байвал ирэх онд дахин төсөвтөө тодотгол оруулах болно. Өөрөөр хэлбэл, 2024 оны үйл явц ирэх онд ч давтагдахаар байна. Улс өөрийнхөө төсөөлсөн зарлагыг олохын тулд бизнес эрхэлж байна.Угтаа бизнесийг нь хувийн аж ахуйн нэгжүүд нь хийж, татварын орлогоороо төсвөө бүрдүүлж байх ёстой.

Гэтэл төрийн үндсэн зарчим алдагдаж хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж бизнес эрхэлж байна. Тиймээс улсын эдийн засаг хаагуураа ч задарч, буудахад бэлэн маш олон нөхөөстэй бөмбөг шиг болчихсон байна.

Маш олон дутуу дулимаг хийсэн ажлууд, хийсэн ажил болгондоо засвар хийж, нөхөөс тавьсаар одоо нөхөх боломжгүй болсон. Энэ бол хандлагын асуудал. Яагаад бүхнийг төр хийх ёстой гэж. Төр хийхээр юу болдог, ямар их хулгай луйвар хийдэг гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харж байна. Нүүрснээс орж ирж байгаа мөнгийг дураараа зарцуулж, хэн энэ мөнгөнөөс захиран зарцуулах эрхтэй болохыг хянах зарчмаар төр хүчирхэг болж байна. Эргээд бизнесийн байгууллагууд нь орлогоо тасалдуулахгүйн тулд төрийн байгууллагууддаа үйлчилж байна. Өөрөөр хэлбэл саалийн үнээг туугаад явж байгаа төрд үйлчилдэг нийгмийг бий болгоод байна. Гурван жилийн өмнө таны үйлчлүүлж байсан хоолны газар чинь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг нэг анзаараад үзээрэй. Монгол Улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж байгаа үйлчилгээний салбар гэхэд бизнесийн өндөр өртөгөөс үүдэн үйл ажиллагаагаа тогтмол явуулж чадахгүй, үүд хаалгаа барьж байна. Тиймээс дотооддоо төдийгүй гадагшаа бүтээгдэхүүн үйлдвэрлэж зарах боломжийг эрэлхийлмээр байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд хамгийн чухал нь түүхий эд. Тэгвэл Монголд малын арьс шир, уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн хангалттай нөөц бий. Тиймээс боловсруулах үйлдвэрүүд байгуулж төсвийн орлогоо солонгоруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага бий. Тухайлбал, Боловсролын яамны төсөв дээр шинээр олон тооны сургууль барих төсөв суулгасан. Энэ бол төсвийн урсгал зардал, хөрөнгийн зардал нэмэгдэж, төсвийн зарлага тэлнэ гэсэн үг.

Хэрэв улсын төсвийн орлого тасалдвал зарлагаа нөхөхийн тулд гадна, дотноос зээл авах эсвэл татвараа нэмнэ. Яг л ийм чөтгөрийн тойрогт орно. Тиймээс улсын төсийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа төсвүүд бодитой байх ёстой. Тиймээс төр бүхнийг хийх биш орон нутаг юм уу хувийн аж ахуйд нь сурилсан байх ёстой. Төр өөр дээрээ бүгдийг үүрэг албагүй.

-Хаагуураа ч задрах эрсдэлтэй байгаа улсын эдийн засаг нэг л өдөр задарвал хамтарсан Засгийн газарт орж ажиласан нам эвсэлүүд ч мөн адил хариуцлага хүлээх асуудал яригдах байх л даа?

-Улстөрийн хувьд тэгж харагдаж байгаа байх. Хариуцлагыг нь үүрч байгаа бол эрх мэдлийг нь хэрэгжүүлэх ёстой. Бидэнд сүүлийн найман жил энэ улс оронд юу хийх ёстой байгаа, түүнийг яаж хийх вэ гэдгийг олон нийтэд харуулах боломж олдоогүй. Тиймээс Хамтарсан Засгийн газарт АН-аас томилогдон ажиллаж байгаа сайд нар өөр өөрсдийн салбартаа ийм ажил хийж болдог юм шүү гэдгийг харуулах боломж гэж харж байна. Боломж гарахгүй бол ийм зүйл хийж болдог гэдгийг яаж харуулах юм бэ. Тиймээс хууль, эрхзүй, байгаль орчин, эдийн засаг, барилга хот байгуулалтын салбаруудад оногдсон хугацаандаа юу хийж болдог вэ гэдгийг иргэд сонгогчиддоо харуулах байх гэж найдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хог шаарууд 2024-10-21 103.212.119.201

Манай улсын эдийн засаг муу байна гэдэг ерөнхий сайд нь мэдлэггүй, чадваргүй байна гэсэн үг, гүйцээ. 126 хулгайч дотор Ч.Номин мэтийн хог шаарууд их бий.

Avatar

Нэргүй 2024-10-21 59.153.112.110

хувийн хэвшлээ дэмжихгүй, бизнес эрхлэгчдээ хууль шүүхээр дарамтлаад байхаар эдийн засаг дампуурах нь ойлгомжтой ш дээ. эдийн засаг дампуурахаар улс орон дампуурна. Юм хийж байгаа хүмүүсээ дэмжихийн оронд яагаад дарамтлаад бдаг юм бэ! Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэж яриад бгаа биз дээ?

Avatar

зочин 2024-10-21 103.57.93.75

Хувийн хэвшлийг дарамталлаа гэнэ үү, Хуулийн дагуу ажиллаж байгаа бол ямар ч дарамт байхгүй,Бусдыг гүтгэж улс төрийн ашиг хонжоо хайдаг хоцрогдсон арчаагүй муу зуршлыг арилгамаар байна

Avatar

зочин 2024-10-21 202.9.47.54

энэ цэцэн тэнэгийн ярьж байгааг дэлбэрэхэд бэлэг бөмбөг гэнэ үү

Avatar

Нэргүй 2024-10-21 202.9.40.109

Монгол хууль шүүхтэй улс дархан цаазат богд уултай шүү

Avatar

Нэргүй 2024-10-21 139.5.216.84

Гадныхнаар барилга бариулсны ачаар эдийн засаг 6000 руу орж ирсэн. Цаашид ч гэсэн тэгвэл зүгээр.

Avatar

ПОПУЛИЗМ 2024-10-21 202.70.43.34

Сар, Нар, Сансар Огторгуйг "Эзлэх Төлөвлөгөө" боловсруулж ПОПДООД тэрэндээ хамаг байдгаа золичихор чинь Эмээлээ гэдсэндээ авалгүй ч яахав хаахаа хаахааахаааа

Avatar

инженер 2024-10-21 139.5.216.164

Буудах газар нь Т1 хүнд ч ойлгогдхоор бна. Хэлж өгье. ТЭЦ-4,3 -ыг унтрааж болохгүй… Хэдэн ялзарсан шугам бгаа… Нүүрс, алт, зэс гаргахаа зогсоож болохгүй…. Тэгээд болоо… 2-ын тоо ….

Avatar

Нэргүй 2024-10-21 122.201.31.154

Ирэх онд ЗГ солигдоно.

Avatar

Чмёө 2024-10-21 202.9.40.146

Ирэх онд биш одоо солигдсн дээр

Avatar

Нэргүй 2024-10-21 103.212.119.201

яг үнэн

Avatar

Нэргүй 2024-10-21 66.181.188.251

Пээ ойрд ийм гоц ухаантан гарсангүй. Ийм болоод хэдэн жил болж бгаа мэпэх болов уу

Avatar

Нэргүй 2024-10-21 43.242.242.59

АН-ын гишүүд одооноос хаяагаа манаж эхэлж байна даа. Энэ гишүүн төсвийн талаар сайн ойлгоод бусад нь ойлгохгүй байсан нь хачирхалтай юм.Сайн л бол 2 жил болоод хамтарсан засгийн газраас АН-ынхан хүчээр гарна. Тэр үед Оюун-Эрдэнэ амаа бариад ч оройтсон байна. Тэгээд өөрөө огцорч хэн ч биш болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж