Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд
Эрхэмсэг ноён Шехбаз Шариф,
Эрхэм хүндэт төлөөлөгчдийн тэргүүн нар аа,
Хатагтай, ноёд оо,

Юуны түрүүнд миний өмнө үг хэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга болон Тамгын газарт сүүлийн гурван жилийн хугацаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын үзэл санааг удирдаж, чухал манайлал үзүүлсэнд талархал илэрхийлье.Мөн өнөөдөр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч  орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг амжилттай зохион байгуулж буй Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Мухаммед Шехбаз Шариф Танд болон Таны багт баяр хүргэж, талархал илэрхийлье. ШХАБ нь үүсэн байгуулагдсанаасаа хойш цар хүрээгээ олон агуулгаар баяжуулан тэлж, гишүүн болон яриа хэлэлцээний түнш улс орнуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, улс хоорондын харилцан итгэлцэл, найрсаг харилцааг бататган бэхжүүлсээр ирсэнд талархаж байна. Мөн бүс нутагт энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс төр, эдийн засаг, соёл болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ШХАБ чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшин хөгжиж байгаад Монгол Улс сэтгэл хангалуун байдаг.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


А.БАЯР 86.7 ХУВИЙН САНАЛААР НИТХ-ЫН ДАРГААР СОНГОГДЛОО

Шинээр бүрдсэн НИТХ-ын анхдугаар хуралдаан аравдугаар сарын 14-нд боллоо.

Тооллогын комиссын тогтоолоор нийт 45 саналын хуудсаас 43 нь хүчинтэйгээс нэр дэвшигч А.Баяр нь 86.7 хувийн санал буюу 39 төлөөлөгчийн саналыг авч, НИТХ-ын даргаар сонгогдлоо. Асуулт асуух төлөөлөгч байсангүй, тогтоолын төслийг баталлаа. НИТХ-ын дарга асан Ж.Батбаясгалан шинээр сонгогдсон А.Баяр тамгаа гардуулан өглөө.

Хуралдааны дэгийн дагуу шинээр сонгогдсон НИТХ-ын дарга нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцүүлнэ гэж заасны дагуу Улаанбаатар хотын захирагчид нэр дэвших тухай асуудлыг хэлэлцэв.

Саналыг МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр танилцууллаа. Тэрбээр, 100 хувийн саналаар Х.Нямбаатарыг нэр дэвшүүлж байгаагаа танилцуулав. Өөр хүн нэр дэвшүүлэх саналтай төлөөлөгч байсангүй. Асуулт асуух, санал хэлэх төлөөлөгч бас байсангүй. Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг олонхын саналаар дэмжлээ. Тогтоолын төсөл олонхын саналаар батлагдлаа.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ЭХИЙН АЛДАР ОДОНГИЙН МӨНГИЙГ 400 МЯНГАД ХҮРГЭЖЭЭ

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Эхийн алдар I зэргийн одонтой ээжид олгох мөнгөн тэтгэлгийг 400 мянга, Эхийн алдар II зэргийн одонтой ээжид 200 мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлэхээр тусгажээ. УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд Засгийн газраас оруулж ирсэн дээрх саналыг УИХ-ын гишүүд дэмжсэн нөхцөлд ирэх оноос Алдарт эхийн одонтой ээжүүдэд олгох мөнгөн урамшуулал хоёр дахин нэмэгдэж хүрэх юм.

Монгол Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын байдлаар 300 мянган ээж Эхийн алдар I,  II зэргийн одонг авдаг болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэж байв.  Мөн мөнгөн урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгааг ч онцолж байсан удаатай.

Эхийн алдар II зэргийн одонтой ээж жилд 100 мянган төгрөг авдаг бол Эхийн алдар I зэргийн одонтой ээжид 200 мянган төгрөг олгож байгаа юм.

Сануулахад, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд Эхийн алдар II зэргийн одонг олгодог бол зургаа болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд Эхийн алдар I зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээж ирсэн юм.


О.ЭНХ-ЭРДЭНЭ АЗИЙН ШИЛДЭГ КАУНТРИ ДУУЧНААР ШАЛГАРЧЭЭ

Азийн шилдэг бүтээн байгуулалт, бизнесийн, хувь хүний онцгой ололт амжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн шилдгүүдийг шалгаруулан, алдаршуулдаг "The Knights Award" арга хэмжээ аравдугаар сарын 14-нд Малайз улсын нийслэл Куала Лампур хотноо эхэлсэн юм. Тус арга хэмжээнд Монгол Улсаас анх удаа дуучин О.Энх-Эрдэнэ оролцохоор уригджээ.

Тодруулбал тэрбээр арга хэмжээний “The Outstanding Country Singer of the Year” номинацийн сүүлийн шатанд шалгарч, шагнал хүртсэн юм.

О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч, “The World’s Best 2019” шоу болон “America’s Got Talent: Fantasy League 2024” шоуны шөвөгт шалгаран үлдсэн, New Nomad Records леблийн артист, дуучин билээ.


О.ЕСҮГЭН ДЭЛХИЙН ЦОМЫН ФИНАЛД ЗУРГАДУГААР БАЙРТ ОРЛОО

Энэтхэг улсын Шинэ Дели хотод буудлага спортын Дэлхийн цомын финалын тэмцээн аравдугаар сарын 13-18-нд болов. Тэмцээнд Монгол Улсаас урилгаар Үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдөхөд финалын шатанд 418.1 оноогоор зургадугаар байрт оржээ.
Энэ дасгалд Дани улсын тамирчин түрүүлж, Норвеги, БНХАУ-ын тамирчид удаалсан байна. Дэлхийн цомын финалын тэмцээнд тухайн оны чансаа өндөр 10 тамирчин өрсөлддөг аж.
Дэлхийн цомын финалын тэмцээнд Монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Гавьяат тамирчин Ц.Мөнхзул, ОУХМ З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байжээ. О.Есүгэний хувьд Парисын олимпийн эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалын буудлагын шигшээ шатанд өрсөлдөж, долдугаар байраар олимпоо өндөрлүүлж, шигшээ шатанд 407.6 оноо авсан юм.

Э.ЦЭНДБААТАР ТИВИЙН АВАРГЫН БҮСТЭЙ БОЛЛОО

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар аравдугаар сарын 17-нд Пуэрто Рикогийн боксчин Фрэнси Фортунатотой 10 үе тулалдаж ялалт байгуулжээ. Уг тулаан энэ сарын 9-нд товлоглсон ч цаг агаарын ноцтой үзэгдэл болж магадгүй гэх шалтгаанаар хойшилж аравдугаар сарын 16-нд буюу монголын цагаар 17-нд тулалдсан юм.

Түүнийг 28 насныхаа төрсөн өдрөөр ээлжит тулаанаа ийнхүү хийж ялалт байгуулсан тухай хэвлэлүүд онцолж байна.

Түүний өрсөлдөгч 2018 онд мэргэжлийн бокст дебютээ хийсэн 27 настай тамирчин бөгөөд анх удаа ялагдал хүлээсэн нь энэ  юм.