Хойд Солонгост 1970-1980-аад оны хооронд хулгайлагдсан 17 хүний жагсаалтыг Японы засгийн газар гаргасан. Тэднээс тав нь 2002 онд эх орондоо буцаж ирсэн. Үлдсэн хүмүүсийг авчрах ажлыг Япон эрчимжүүлэхийг хичээж буй ч ахиц дэвшил муутай байна.
Тэгвэл шинэ ерөнхий сайд Шигэрү Ишиба Пүрэв гаригт хулгайлагдсан иргэдийн гэр бүлийнхэнтэй уулзаж, хүмүүсийг эргүүлэн авчрана гэдгээ амлав. Энэ үеэр тэр хулгайлагдсан иргэдийн асуудлын ач холбогдлыг онцлоод, цаг хугацаатай уралдаж байна гэжээ. Мөн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй байгаагаа онцлов.
Олон жил дамнасан энэ асуудлыг шийдэхийн тулд Японы засгийн газар харилцаа холбооны газар байгуулах төлөвлөгөө гаргасан. Гэвч энэ нь хулгайлагдсан хүмүүсийн ар гэрийнхний эсэргүүцэлтэй тулгарчээ. Тэдгээр гэр бүлийн бүлгийг тэргүүлдэг Такүяа Ёкота хэлэхдээ "Ингэлээ гээд цаг хугацаа алдахаас өөр зүйлгүй. Гэхдээ Ишиба албан тушаал хаших хугацаандаа асуудлыг шийдэх хүчтэй санаа зорилготой гэж бодож байна" гэжээ.
Ерөнхий сайд асан Фүмио Кишида Хойд Солонгосын удирдагчтай ганцаарчилсан хэлэлцээ хийх саналтай байсан ч энэ нь хэрэгжээгүй юм.
Нэргүй 2024-10-18 204.8.96.88
Ишиба гуай тэгвэл Монголтой л ярих болно доо.