Хятад улс сүүлийн 10 жилийн хугацаанд цахим хяналтын системийнхээ "ачаар" интернетийн эрх чөлөөгөөр дэлхийд доогуур байр эзлэх болсон. Гэвч Лхагва гаригт гарсан шинэ тайланг харвал Мьянмарын интернетийн эрх чөлөө Хятадтай ижил түвшинд байна. АНУ-ын засгийн газрын санхүүжилттэй "Freedom House" байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар дэлхийн интернетийн эрх чөлөө 14 дэх жилдээ дараалан буурч байна. Тэр дундаа Хятад, Мьянмар улсууд 100 онооноос ердөө есөн оноо авч, 2024 оны байдлаар сүүл мушгилаа.
Цэргийн хунта 2021 онд Мьянмарын засгийн эрхэнд гарснаасаа хойш эсэргүү үзэлтнүүдийг хүчээр дарж, интернетэд нэвтрэх, үг хэлэх эрх чөлөөг нь хязгаарлах болсон. Энэ оны тавдугаар сард шинээр нэвтрүүлсэн цензурын журмын дагуу виртуал хувийн сүлжээ буюу "VPN"-ийг хаажээ. Ингэснээр иргэд интернетийн хяналтыг тойрч гарах аргагүй болсон.
Мьянмарт ийн интернетийн эрх чөлөөг дарангуйлж буй нь ардчиллын төлөө тэмцэгчид болон зэвсэгт бүлгүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох зорилготой гэж тайланд дурджээ.
Харин Хятад улс дээрх тайланд эсрэг хариулт өгч байна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Лхагва гаригт мэдээлэл өгөхдөө "Хятадын иргэд хуулийн дагуу бүх эр чөлөөгөө эдэлнэ. Энэхүү мэдээлэл нь худал бөгөөд далд санаатай" гэжээ.
Дашрамд дурдахад, интернетийн эрх чөлөөгөөрөө Исланд улс 100 онооноос 94 оноо авч тэргүүлэв.
Холбоотой мэдээ