Цагдаагийн байгууллага иргэд, олон нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийг олон улсын стандарт түвшинд хүргэн камержуулах “Ногоон бүс” төслийг санаачлан 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Дээрх төслийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Гандуулгаас тодрууллаа.
-“Ногоон бүс” төслийг ямар зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн бэ? . Төслийн явцын талаар мэдээлэл өгч болох уу?
Цагдаагийн байгуулагаас санаачлан “Ногоон бүс” төслийг улсын хэмжээнд сүүлийн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Энэ төслийн гол зорилго нь “Гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх мөн иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах төдийгүй нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан хяналтын камерыг цагдаагийн байгууллагын нэгдсэн системд холбох” зорилготой юм.
Энэ төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд Чингэлтэй дүүргийг бүрэн камержуулж “Ногоон бүс” буюу аюулгүй бүс болгосон нь маш үр дүнтэй ажил болж тухайн дүүрэгт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48,6 хувиар буурч, хэргийн илрүүлэлт 42 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байсан. Дээрх туршлага дээр үндэслэн нийслэлийн 5 дүүргийн 12 хороог сонгон авч, камержуулах ажлыг мөн зохион байгуулсан. Үргэлжлүүлэн цагдаагийн байгууллага 2024 онд аймаг, нийслэлийн бүх баг, хороо, сум, дүүргийг иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо, дэмжлэгтэйгээр камержуулах, теле камерын хяналтын дэд төвүүдийг байгуулах зорилтыг тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 55,329 камер байршуулж, зорилтод түвшний хэрэгжилт 73.2 хувьтай явагдаж байна.
Мөн камержуулалтын чиглэлээр хийж байгаа томоохон ажлуудын нэг нь 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд “Теле камерын хяналтын дэд төв”-үүдтэй болох ажил хийгдэж байна. Тухайлбал: Чингэлтэй дүүрэг, Найлах дүүрэг, орон нутгаас Увс, Архангай, Ховд зэрэг аймгууд камерын хяналтын төвтэй болсон байна.
Камер байршуулаад зогсохгүй тэдгээрийг хяналтын төвтэй холбож, нэгдсэн системээр хянах боломж бүрдсэнээр тухайн хариуцсан нутаг дэвсгэрийг бүрэн хянаж, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, богино хугацаанд илрүүлэх, нотлох баримтыг бүрдүүлэх гэх мэт өндөр ач холбогдолтой.
Камер ашиглалтад нэвтрүүлснээр өнгөрсөн хугацаанд 1,652 гэмт хэрэг, 8,393 зөрчлийг илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоож, оршин суугаа газраасаа алга болсон 200 хүүхдийг олж тогтоон эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгөөд байна.
-Хяналтын камеруудыг ямар тооцоо, судалгаанд үндэслэн мөн хаана, ямар байршилд байршуулсан бэ?
Олон улсын нийтлэг туршлага байна. Жишээ нь 100 хүн тутамд АНУ-д 15.28 камер, Хятад улсад 14.36, Англи улсад 7.5, Австрали улсад 4, Япон улсад 2.72, Солонгос улсад 1.99 хяналтын камер ногддог буюу дэлхийн дундаж жишгээр авч үзвэл 100 хүн тутамд 1-3 камер ногдох хүрэх түвшин байна.
Дээрх тооцоо, судалгааг үндэслэн 100 хүн тутамд 1-3 камер буюу 75 мянга орчим хяналтын камерын хэрэгцээ байна гэсэн тооцоолол гарсан. Үүний 55 мянга орчим буюу 73 хувийг цагдаагийн байгууллага санаачлаад иргэн, аж ахуйн нэгж байгууллагын дэмжлэгтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулсан байна.
Мөн цагдаагийн байгууллагаас байршуулж буй хяналтын камерын чанар, тусгал, үр дүнг шалгахдаа гэрэлтүүлэгч хантаазтай нэг иргэнийг туршилтаар 1 км-ийн газарт дугуйтай явуулж үзэхэд тухайн иргэн 1 км газарт 35-40 ширхэг камерт өртөж байгаа үр дүн гарсан.
-Нийт 55 мянга гаруй хяналтын камер байршуулсан гэж байна. Энэ тооцоог хэрхэн гаргасан бэ?
-Энэхүү камержуулалтын хүрээнд судалж үзэхэд хяналтын камерын бүртгэл, судалгаа дутмаг, алдаатай, тоо мэдээ нь зөрүүтэй байдаг байсан. Иймд цагдаагийн байгууллагаас хяналтын камерын бүртгэл судалгаа хийх, холдбогдох мэдээллүүдийг багтаасан программ хангамжийг ашиглалтад оруулснаар нийтийн эзэмшлийн гудамж замд байгаа улсын болон иргэн, ААНБ-ын хяналтын камерыг бүртгэж өнөөдөр, яг одоогийн байдлаар 55,329 камерыг бүртгэлжүүлж, “Хувийн хэрэг”-тэй болгосон байгаа.
-Энэ программыг ашиглалтад оруулснаар ямар чухал ач холбогдолтой вэ? Энэ нь цагдаагийн байгууллага дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлсэн гэж ойлгож болох уу?
“Хяналтын камерын мэдээллийн нэгдсэн сан”-д улсын болон иргэн, байгууллагаас гадна орчинд буюу нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан хяналтын камерын мэдээлэл багтана. Энэ дата, эх сурвалжтай болсноор дүн шинжилгээ хийх, нөхцөл байдлыг бодитоор тогтоож дараагийн шаардлагатай ажил, арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах боломж нээгдэнэ. Түүнчлэн хяналтын камеруудыг бүртгэл, судалгаатай болгосноор газрын зураг буюу дашбоард дээр хяналтын камеруудын байршил харагдах ба энэ мэдээллийг ашиглаж гэмт хэрэг гарсан цэгт хамгийн ойр байх хяналтын камерийн мэдээлэлтэй цагдаагийн алба хаагч шууд танилцаж, камер нь аль чиг рүү харсан, бичлэгийг хэдий хугацаанд хадгалдаг, ямар байгууллагынх, эзэмшигчийн холбоо барих утас болон дараагийн камер хаана байгаа зэрэг мэдээллүүдийг харах боломжтой болсон. Тэгэхээр гэмт хэрэг, үйлдлийг богино хугацаанд маршрутаар нь тогтоох чухал үр нөлөөтэй юм.
“Ногоон бүс” төсөл хэрэгжиж, улсын хэмжээнд бүрэн камержсанаар гэмт хэрэг зөрчлийг түргэн хугацаанд илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх орчин цагийн хамгийн зөв шийдэл юм. Дээр дурдсанчлан камер бол маш олон эерэг үр дагавартай, чухал ач холбогдолтой юм. Ийм учраас цаашид ч гэсэн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг энэ ажлыг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.
Нэргүй 2024-10-17 103.41.93.172
Цагдаагийн бие бүрэлдэхүүний бүлэг яргачид хяналтын камерийг эргүүлж байгаад бусдыг гүтгэн зодож яргалан тамласаар үхэлд хүргэсэн нь саяхан, эд нарын үйлдсэн ийм ялт хэргүүдээ нуун дарагдуулж байгаа нь тодорхой. Нэг хэргийн ард энэ төрлийн маш олон хэрэг үйлдэгдсэн байдаг. Эхлээд цагдааг хянах нь чухал. Гадуурх камерыг цагдаа нар өөрсдийн үйлдэж ирсэн гэмт хэрэгтэй ашиглах магадлалтай.
зочин 2024-10-17 66.181.191.129
Хот тосгодыг камержүүлэх ажлыг онцгой анхаарах хэрэгтэй,Улс орон бүр түүний дотор хөгжингүй орнууд үүнийг онцгой анхаарч, камергүй цэггүй шахуу болсон гэх, Туршлагыг нь авч хэрэглэ,Түүнчлэн камержуулалт хариуцах мэрэгжлийн тусгай байгууллагатай болж, хүч чадлыг улам бэхжүүлж,суурилуулсан камерүүдэд хяналт тавих,эвдэрч гэмтсэнийг нь засч тордох,солих,ажиллагааг бүр ч онцгой анхаармаар,,Бид хэрэгтэй нэг зүйл сэдээд түүнээ лавшруулж сайжруулахгүй,орхиж унтраадаг дутагдал бий