Нийслэлийн тулгамдаж буй асуудлын нэг бол авто замын түгжрэл. Түгжрэлд бид өдрийн талыг зам дээр өнгөрүүлсээр. Замын түгжрэлийг бууруулах ажил хийхэд өчнөөн тэрбум төгрөг зарцуулж байгаа ч үр дүнд хүрсэн зүйл алга. Хамгийн сайн хэрэгжиж буй ажил нь торгуул ногдуулах. Жишээлбэл, нэгдүгээр эгнээ буюу автобус зорчих эгнээгээр авто машин зорчсоноор түгжрэл үүсээд байна гэж үзээд 2020 оноос эхлэн нийтийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэхээс бусад тохиолдолд нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон.
Хэрэв дүрэм зөрчвөл Зөрчлийн тухайн хуулийн 50 дугаар заалтад зааснаар 20 мянган төгрөгөөр торгох заалттай. Одоо ч энэ дүрэм үйлчилдэг.
Гэхдээ хүмүүс камергүй замуудад нэгдүгээр эгнээгээр зорчсоор төдийлөн үр дүнгүй байна гэж үзсэн. Тиймээс өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс эхлэн авто замуудын камераас гадна автобусанд теле камер суурилуулж нэгдүгээр эгнээгээр зорчигчдод хариуцлага тооцохоор болов. Ингэснээр 20 мянгаар торгуулах тээврийн хэрэгсэл өмнөх саруудаас эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, есдүгээр сарын 2-20-ны өдрийн тоон мэдээллээр давтагдсан тоогоор 145 мянга 897 тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчиж нийт 2.9 тэрбум төгрөгийн торгууль төлжээ.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛБЭЛ ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, зөвшөөрөл авахаар хуульчилсан.
Энэ дагуу аравдугаар сарын 15-наас эхлэн зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгжиж эхлэв.
Хууль хэрэгжсэнээр такси үйлчилгээний хүртээмж улам муудна гэж зарим иргэд бухимдаж буй. Нөгөө талд такси үйлчилгээний чанар хүртээмж болоод аюулгүй байдал сайжирна гэх нэг хэсэг ч бий. Гэтэл хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2024.10.16/ залруулга мэдээлэл хийсэн. Тодруулбал, “ Тус хууль бол такси үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой асуудал. Тиймээс хувираа такси үйлчилгээ эрхэлдэг иргэд уг журамд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд такси үйлчилгээ эрхлэхдээ тусгай зөвшөөрөл аваагүй эсвэл тусгай зөвшөөрлөө сунгаагүй тохиолдолд хуульд заасан арга хэмжээг тооцно” гэдгийг хэлэв. Ямартай ч түүний хэлснээр хувиараа такси эрхлэгчдэд хамаарахгүй бололтой. Гэтэл Нийслэлд такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хэдхэн аж ахуй нэгж байдаг аж. Эдгээр компаниуд хууль, журамд заасан тусгай зөвшөөрлөө сунгаагүй, стандарт шаардлагаа хангаагүй тохиолдолд уг зохицуулалт үйлчлэх аж.
“ХОРИГЛОСОН ГАЗАРТ ТАМХИ ТАТВАЛ ИРГЭН 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО”
Олон нийтийн газарт тамхи татсан иргэнийн 50 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулал бий. Тодруулбал, уг хууль 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл үйлчилж буй. Тус хуульд аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин, зочид буудлын нийтийн үйлчилгээний танхим, ресторан, баар, цэнгээний газар, кино театр, үзвэрийн газрууд, агаарын тээвэр, зорчигчдын галт тэрэг болон цэцэрлэг, бүх шатны сургууль, дотуур байрны гадна, дотор орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн орон сууцны орц, цахилгаан шатанд тамхи татахыг бүрэн хориглосон байдаг.
Хориглосон газарт тамхи татвал иргэн 50 мянган төгрөгийн торгууль төлнө.
Тамхи татах нөхцөл бололцоог бүрдүүлсэн тухайн байгууллагын удирдах ажилтныг, аж ахуйн нэгжийн эзнийг 1.500.000-аас 3.000.000 төгрөг хүртэл торгоно.Албан байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах зохицуулалтай билээ.
ГУДАМЖИНД ШҮЛСЭЭ ХАЯВАЛ 5000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгад 2016 онд өөрчлөлт оруулж тухайн оны гуравдугаар сараас эхлэн гудамжинд шүлс, нус цэрээ хаясан тохиолдолд 5000-1 сая төгрөгөөр торгох заалт оруулсан байдаг.
Монголын хууль гурав хоногт гэдэг шиг тус хууль төдийлөн үр дүнгээ өгөхгүй байсан тул 2020 онд эл хуулийн заалтыг чангатгаж, зөрчил гаргасан иргэдэд торгууль ногдуулахыг тухайн үеийн хотын дарга байсан С.Амарсайхан үүрэг өгч холбогдох албаныхан хуулиа чангатгаж иргэдийг эрчимтэй торгож байсан. Гэтэл өнөөдөр хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй. Ийм хуулийн заалт бий эсэхийг мэдэх хүн ховор гэхэд хилсдэхгүй.
22 ЦАГААС ХОЙШ ЧАНГА ДУУ ЧИМЭЭ ГАРГАВАЛ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Нийтийн орон сууцанд амьдардаг оршин суугчдын хувьд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулбал, Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 100 мянга, аж ахуй нэгжийг нэг сая хүртэлх төгрөгөөр торгох заалттай. Өөрөөр хэлбэл шөнийн 22:00-06:00 цагийн хооронд шашны зан үйл хийх, бөөлөх, барилгын хана нурааж чимээ гаргах, хүүхэд үймүүлэх, архидан согтуурах бусдын амгалан тайван байдлыг алдагдуулбал иргэн Цагдаагийн байгууллагат дуудлага өгснөөр торгууль ногдуулах хуулийн заалт бий.
Гэвч Монголын хууль гурав хоног гэдэг зүгээр ч нэг гарчхаагүй үг бололтой. Уг зохицуулалт нь бодит байдал дээр хэрхэн хэрэгждэг, үнэхээр торгууль ногдуулахаар үр дүнтэй байж зөрчил буурч байгаа эсэх нь тодорхойгүй. Мөн иргэдийн халааснаас гарч буй торгуулийн мөнгө хаашаа орж хэрхэн зарцуулагддаг нь мөн л тодорхой бус.
3,576.02






















































Холбоотой мэдээ