Эмзэг мэдрэмжийг ил гаргагч

ХҮМҮҮС

Эмзэг мэдрэмжийг ил гаргагч

Эмзэг мэдрэмжийг ил гаргагч

Солонгос хүн анх удаа утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн нь Хан Ган байв. Японы колоничлолын үед устах аюулд өртөж байсан солонгос хэл дэлхийн уран зохиолд байр сууриа олж чадах уу гэсэн асуултад энэ үйл явдал зохих хариуг нь өгсөн юм.  "Ньюс" агентлаг энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа Өмнөд Солонгосын зохиолч, шинэхэн Нобелийн шагналтан Хан Ганыг онцолж байна.


УРАН ЗОХИОЛЫН ГЭР БҮЛИЙН ОХИН

Хан Ган 1970 онд Өмнөд Солонгосын Гванжу хотод зохиолч Хан Сын Воны охин болон мэндэлжээ. Хан Сын Вон нь өдгөө 85 настай ч зохиол бүтээлээ туурвисаар байна. Энэ жил гэхэд “Хүний зам” нэртэй намтар зохиолоо хэвлүүлжээ. Аав охин хоёулаа Өмнөд Солонгосын утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох И Сангийн шагналыг хүртсэн юм.

Хан Ганы ааваас гадна том ах Хан Дон Рим, дүү Хан Кан Ин нар нь ч зохиолч учир тэр бүхэлдээ уран зохиолын гэр бүлээс гаралтай гэхэд болно.

Тэрбээр Кён Хи Кибер их сургуулийн утга зохиолын шүүмжлэгч, профессор Хон Ён Хитэй гэрлэсэн боловч одоо хамтран амьдардаггүй. Салаад удаж байгаа гэх боловч яг хэдэн онд салсан гэдэг нь тодорхойгүй байдаг. Хан нэг хүүтэй бөгөөд хүү нь 2018 оноос хойш Сөүлд номын дэлгүүр ажиллуулж байна.

Хан Ганыг есөн настай байхад аав нь бүтэн цагаар зохиолоо бичихээр шийдэж, багш мэргэжлээсээ татгалзсан юм. Улмаар тэд гэр бүлээрээ Сөүлийн Сүюү-рид нүүж иржээ.

Тэднийг Сөүлд ирснээс дөрвөн сарын дараа төрөлх Гванжуд нь бослого гарч, олон хүний амь үрэгдсэн. 1980 оны тавдугаар сарын 17-нд болсон төрийн эргэлтийн хариуд оюутнууд уг бослого хөдөлгөөнийг өдөөжээ. Эл бослогыг Гванжугийн ардчиллын хөдөлгөөн гэж нэрийдэх нь ч бий. Тухайн үед Өмнөд Солонгост байсан гадаадын сэтгүүлчдийн авсан гэрэл зургийг Хан Ган 12 насандаа сая үзжээ. Тэдгээр гэрэл зураг Хан Ганы хувь хүний төлөвшил болон зохиол бүтээлд нь гүн гүнзгий нөлөөлсөн гэдэг.

Хан Ган өөрийн хүүхэд насаа “бяцхан хүүхдэд хэтийдсэн” гэж тодорхойлсон. Гэсэн хэдий ч номоор хүрээлэгдсэн өдөр хоногууд нь түүнийг тайвшруулдаг байжээ.

Тэрбээр 1993 онд Йонсей их сургуулийг Солонгос хэл, уран зохиолын чиглэлээр төгссөн. Их сургуулиа төгсөөд соёл урлагийн сэтгүүлд сурвалжлагчаар ажиллаж байхдаа улирал тутам гардаг “Утга зохиол, нийгэм” сэтгүүлийн өвлийн дугаарт дөрвөн шүлгээ хэвлүүлж, яруу найрагчаар уран зохиолын гараагаа эхэлжээ. Дараа жил нь "Улаан зангуу" богино өгүүллэгээрээ Сөүлийн Шинмун сониноос зохион байгуулдаг уран зохиолын уралдаанд түрүүлснээр зохиолчийн гараагаа тавьсан байна.

Улмаар 1998 онд Айовагийн их сургуулийн Олон улсын бичихүйн хөтөлбөрт элсэн оржээ.

Тэрбээр яруу найраг, хүүхдийн уран зохиол гээд уран зохиолын олон талбарт хүчээ сорьдог. Тухайлбал, "Үдшийг шүүгээнд хийв" яруу найргийн түүвэр, "Намайг наранцэцэг гэдэг", "Нулимсны хайрцаг" зэрэг хүүхдийн ном хэвлүүлсэн.

Үүнээс гадна багшилсан туршлага ч Хан Ганд бий. Тэр 2007-2018 онд Сөүлийн Урлагийн дээд сургуульд зохиол бичихийг хүсдэг оюутнуудад хичээл заажээ. Шавь нар нь түүнийг “Мэдрэмж, сэтгэл татам байдлаараа оюутнуудаа татдаг профессор” гэж тодорхойлсон байна.

НОБЕЛИЙН ШАГНАЛТАН

Шведийн академийн Нобелийн хороо Хан Ганы зохиолуудын гол амин сүнсийг траума гэж тодорхойлжээ. Хүний амьдралын эмзэг, хэврэг бүхнийг уран зохиолоор дамжуулан Хан Ган гаргаж ирдэг. Тухайлбал, түүний “Цагаан хоолтон” зохиолоос үүнийг бэлээхэн харах боломжтой.

Хан Ган "Цагаан хоолтон" зохиолоороо 2016 онд Ман Букерын олон улсын шагналыг хүртэж, алдар хүндийн оргилд хүрсэн. Уг зохиол ном болон хэвлэгдээгүй байхдаа 2004 онд цувралаар “Бүтээл ба шүүмжлэл” сэтгүүлд хэвлэгдэж байжээ. Улмаар гурван жилийн дараа ном болгон хэвлүүлсэн. “Цагаан хоолтон” зохиолыг “The New York Times Book Review” сэтгүүлээс "2016 оны шилдэг 10 ном"-ын нэгээр шалгаруулжээ.

Тэрбээр коллежийн оюутан байхдаа модернист яруу найрагч И Сангийн шүлгийг шимтэн сонирхдог байжээ. Эндээс түүнд “Хүн ургамал байх боломжтой” гэдэг санаа анх төрсөн байна. Улмаар “Цагаан хоолтон” зохиолдоо уг санаагаа шингээжээ.

Түүний хамгийн сүүлийн уран бүтээл “Бид салахгүй” зохиолд 1948 онд Чежү аралд болсон эмгэнэлт явдлыг дүрсэлсэн байдаг. Энэхүү зохиол нь өнгөрсөн онд Францын утга зохиолын дөрвөн том шагналын нэг болох гадаадын уран зохиолын Прикс Медичисийн шагналыг, энэ оны гуравдугаар сард Францын нэрэмжит Эмил Гимегийн Азийн уран зохиолын шагналыг хүртсэн юм.

“Цагаан хоолтон”, “Бид салахгүй”, “Хүний үйлс” зэрэг зохиол нь ихэвчлэн хар бараан, эмзэг сэдвийг хөндсөн тул ирээдүйд илүү гэрэлтэй, халуун дулаан түүх бичих хүсэлтэй байгаагаа тэр илэрхийлжээ.

Хан Ган Нобелийн шагнал хүртсэнээр Солонгос төдийгүй дэлхий даяар шуугиан тарив. Солонгосчууд хэдэн арван жилийн турш бид хэзээ утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэх вэ гэсэн асуултад анхаарлаа хандуулсаар ирсэн. Өнгөрсөн амралтын өдрүүд солонгосчуудын хувьд баярын өдөр болж хувирсан юм. Мөн номын дэлгүүрүүдийн гадаа үүр цүүрээс эхлэн Хан Ганы номыг худалдан авах гэсэн уншигчид дугаарлан зогссон билээ.

Солонгосын уран зохиол ихэвчлэн дайн, колоничлол, хуваагдал, түүний дараах аж үйлдвэржилт, ардчиллыг харуулдаг. Өөрөөр хэлбэл, асар их түүхэн мэдээллийг уран зохиолд шингээсэн байдаг. Харин Хан Ганы бүтээлүүдэд түүхийг бодитоор өгүүлэх бус түүнийг үзэж туулсан хүмүүсийн дотоод сэтгэл, мэдрэмжийг гүнзгий харуулсан. Үүгээрээ тэр бусдаас ялгардаг гэдгийг Ханьян их сургуулийн Солонгос уран зохиолын профессор Ёо Сун Хо хэлсэн юм.

Аливаа уран зохиолыг дэлхийн тавцанд гаргахад орчуулагчийн үүрэг маш чухал. Хан Ганы хувьд уран зохиолын гүн гүнзгий мэдрэмжтэй Дебора Смиттэй хамтран ажилласан нь зол болжээ. Түүний бүх номыг Дебора Смит дангаараа орчуулсан юм. “Цагаан хоолтон” номын орчуулгаараа Дебора Смит нь Ман Букерын шагналыг Хан Гантай хамтран хүртжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP, KOREA HERALD, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-17 202.9.40.170

Олон арван сая хүнтэй Солонгос улс Японп эзлэгдээд хэл нь устаж үгүй болох юм бол 1939 онд манай улсыг эзэлсэн бол юу болох байсан бэ. Саяхан Баабар, Зоригт, Болд нар халх голын дайны тухай ярьж байхад " Халх голын дайныг Монголчууд эхэлсэн. Манж нар зүгээр л байсан" гэж Баабар ярьж байна лээ. Зарим хүмүүс Халх голын дайнаар Монгол улс Японд эзлэгдсэн бол социалист тогтолцоо устаж бид ардчилсан капиталист улс болох байсан гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байгаа нь мэдрэгддэг

Avatar

Нэргүй 2024-10-17 202.131.249.11

Японы дарангуйллын үед устаж байсан ч гэх шиг. Жаахан бодож бич л дээ. Солонгосыг Япон удаан колоничлоогүй бас хэл соёлд нь халдаагүй.

Avatar

Нэргүй 2024-10-17 202.9.46.112

Yamr aimr hudlaa shaadimbe. Yaponchud chn Solongsuudig yargalishde.

Avatar

зочин 2024-10-17 103.229.177.181

35 жил удаан биш гэж үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж