ЭЗБХ: Ипотекийн зээлийн 40 хувийг Хан-Уул дүүрэгт олгосон

LiveЭЗБХ: Ипотекийн зээлийн 40 хувийг Хан-Уул дүүрэгт олгосон

ЭЗБХ: Ипотекийн зээлийн 40 хувийг Хан-Уул дүүрэгт олгосон

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2024.10.16/ хуралдаж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Энэ үеэр УИХ-ынг гишүүд дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, хариулт авлаа.


 

16 : 39
2024-10-16

"Ипотект 2-оос дээш хүүхэдтэй өрхөд оочергүй хамрагдах саналыг гаргаж байна"

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Мөнгөний бодлогын төслийн орон сууцны ипотекийн зээлийн хэсгийг анхаарлаа. Ирэх жилээс Хуримтлалын сан, Монголбанк, арилжааны банкууд нийлээд 1.2 их наядын санхүүжилтыг хийнэ. Цаашдаа жигд авч явна гэжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2028 он хүртэл 1.1.3 дээр ипотекийн зээлийн 50-иас багагүй хувийг дэд төв, дагуул хот, гэр хорооллын иргэдэд олгоно гэж заасан. Мөн 2025 оны Хөгжлийн төлөвлөгөөн дээр адилхан тусгасан.

Одоогийн нөхцөл байдлыг харахад, 40 хувь нь Хан-Уул дүүрэгт буюу хоёр гүүрний цаана мөнгөтэй, орлого өндөртэй хүмүүст олгосон байна. 

Энэ онд олгосон нийт зээлийг өрхийн тоогоор харахаар, орон нутагт орон сууц худалдан авч байгаа 3.3 мянган өрх буюу 50 хувь нь байна. Байршлын хувьд энэ зээлийг орон нутагт олгож чадаж байгаа бол нийслэл энэ бодлогоо хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. Зээлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан түр журмаар баталж байгаа юу. Гэр хорооллын бага, дунд орлоготой иргэд орон сууцны зээл авах боломжийг хэрэгжүүлэх үү. Ипотекийн зээлийн хүсэлт гаргасан оочер маш их байна. Олон улсад 2-3 дээш хүүхэдтэй байвал оочергүй зээл авах асуудлыг шийддэг. Монголын хувьд энэ мэт шинэчлэлийг хийх хэрэгтэй. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-2013 оноос Монголбанк ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Төв банкны тухай хуульд ямар нэг салбар аж ахуйн нэгж, хувь иргэнийг дэмжсэн мөнгөний бодлого байх ёсгүй гэдгээрээ Монголбанк энэ зээлээс гарах шаардлагатай болсон. Өнгөрсөн онд баталсан УИХ-ын тогтоолоор Засгийн газарт шилжүүлтлээ энэ хөтөлбөрийг өөрөө авч явж байгаа. Манай дотоод журам үйлчилж байгаа. Өнгөрсөн онд УИХ-ын тогтоолоор хот, хөдөө энэ зээлийг тэнцвэртэй олго гэж гарсан учраас хэрэгжээд үр дүнтэй явж байна. Бид гэр хорооллын иргэдийг хамруулахын тулд БХБЯ, ГБХХЯ-тай хамтран ажлын хэсэг гарган ажиллаж байна. Аль болох хүүгийн хөнгөлөлт гэр хороолол руу илүү байна. Мөн хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй сууцтай иргэд хамрагдах боломжтой болно. Олон хүүхэдтэй өрхийг хамруулах асуудлыг ярилцаад хариу өгье.

16 : 31
2024-10-16

"Актив удирдлагын компани байгуулснаар зээлийн хүү 30 хувиар буурна"

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Зээлийн хүү тулгамдсан асуудлын нэг. Дунджаар 18 хувьтай байна. Энийг бууруулах амархан арга бол актив удирдлагын компани байгуулах. Энэ нь 30 хувиар хүү бууруулах боломжтой. Тэгэхээр 18 хувийн дундаж хүү 12 болох боломжтой. Монголд энэ ажлыг хийж, хууль өргөн барих гэж байгаад больсон энэ ажил ямар түвшинд явж байна вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Активийн удирдлагын компанийг байгуулахаар Активын удирдлагын тухай хуулийг 2019 онд төсөл боловсруулж, өргөн барьж байсан. Тухайн үед Азийн хөгжлийн банк энэ боломжтой гэж байсан бол ОУВС арай эрт байна гэдэг байр суурьтай байсан. Мэдээж Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт тухайн үед байсан, арилжааны банкууд хүндрэлтэй байсан учраас банкууд дампуурах юм биш үү гэдэг асуудал яригдаж байсан. Өнөөдөр банкууд Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанид шилжсэн. Өнөөдөр чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн 5.8 хувь гээд доод түвшинд хүрсэн учраас энэ хуулийг батлах бүрэн боломжтой. Хуулийн төсөл байгаа. 

16 : 02
2024-10-16

"Бодлогын хүүгээ хэн нэгний хэлснээр бууруулж, хөдөлгөдгөө болимоор байна"

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Банкны хууль болон Монголбанкны хараат бус байдлыг бий болгох, хадгалах зорилгоор 7-8 хуулиар баталгаажуулдаг. Хоёр асуудал байна. Бодлогын хүүгээ хэн нэгний хэлснээр бууруулж, хөдөлгөдгөө болимоор байна. Төсөв тэлсэн бол зах зээлээ харж байгаад бодлогын хүүгээ оролддог байхгүй бол. Ханш нь 70-80 төгрөгөөр суларсан. Энийг анхаармаар байна. Хоёрт, хөнгөлөлттэй янз бүрийн зээл, хөтөлбөр байна. Энэ жил бараг 5,5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Хүүгийн хөнгөлөлт гээд. Засгийн газраас ямар ч шийдвэр гаргасан бай Төв банк хараат бус байх ёстой. 

Тийм зээл гараад ирэхээр зээлийн хүртээмж байхгүй болж, зээлийн хүү буурахгүй байна. Үнэхээр боломжгүй асуудлаа танилцуулаад шийдүүлдэг баймаар байна. Гуравт, ипотекийн зээл дээр илүү анхаармаар байна. Боломж нь байдаг уу. Анх удаа байр авч байгаа, гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй сууцад амьдардаг иргэнд олгодог болчихвол тэр зээлээр олон асуудлыг шийднэ. 

Мөн алтаа бие байдлаар экспортлохоо болиод биет байдлаар хадгалсан бол зөвхөн энэ жил гэхэд 500 сая ам.долларын орлого олох боломжтой байсан. Төв банк Ирээдүйн өв сангийн мөнгийг хадгалж буй. Сангийн яамтай ярьж байгаад хуримтлалаа алтаар бий болгох зохицуулалтыг хийгээч ээ. Ирэх жил алтны үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Мөн Банкны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Энэ хуульд анхаарч, банкууд зөвхөн банкны бизнесээ хийнэ гэсэн байхад барилга барьдаг банк ч байна. Брокер, даатгалын үйл ажиллагаа ч явуулж байна. Ирэх жилээс бүх асуудлаа цэгцэлсэн баймаар байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Би бүрэн санал нийлж байна. Бодлогын хүү, хөнгөлөлттэй зээл гарч байгаатай холбоотой Төв банкны хараат бус байдал зайлшгүй байх шаардлагатай. Мөнгөний бодлогын хороог УИХ-аас байгуулдаг. Зургаан гишүүнтэй. Бид энийг хадгалах чиглэлд анхаарч ажиллая. Энэ оноос эхлэн Хуримтлалын сангийн эх үүсвэр орж ирж байгаа учраас ипотекийн зээл нэмэгдэж байгаа. Энэ зээлд анх удаа хамрагдаж байгаа хүмүүсийг анхаарч, хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амьдардаг иргэнийг . Барилга, хот байгуулалтын яамнаас стандартыг баталж байгаа. Өмнө нь улсын комиссын гаргасан мэргэжлийн баталгаан дээр зээл олгодог байсан бол хашаанд барьсан байшинг нь хэн нэгэн хүлээн авч, баталгаа өгдөггүй болохоор банк барьцаа авч чаддаггүй байсан. Одоо зээл олгодог болгохоор эрх зүйн зохицуулалтыг Барилгын тухай хуульд оруулахаар ярьж байгаа. Мэргэжлийн байгууллагаар хянагдсаны дараа ипотекийн зээлийн барьцаа болох боломжтой. Ирэх 2025 оноос хэрэгжинэ. Алтны хувьд Монголбанк өөрсдийн худалдаж авсан алтаа Европод цэвэршүүлдэг. Сүүлийн үед цэвэршүүлсэн алтаа буцаан авч ирж, өөр дээрээ хадгалж байгаа. Төрийн нууц учраас нарийн тоо хэлэх боломжгүй.

15 : 03
2024-10-16

"Мөнгөний бодлого бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой"

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Валютын албан нөөц 2022 оны наймдугаар сард түүхэн доод хэмжээндээ хүрсэн. Монголбанкны Ерөнхийлөгч сайн мэдэж байгаа байх. Харин 2024 оны тавдугаар сард түүхэн дээд хэмжээндээ хүрч 5,2 тэрбум ам.долларт болсон. Одоо 4,6 тэрбум ам.доллар болж буурсан. Үүний шалтгаан нь юу вэ. Уг нь 10 тэрбум ам.долларт хүргэх зорилготой биз дээ. Байнга л өсөх ёстой гэж ойлгож буй. Хагас жилээс хойш яагаад буураад байна вэ?

Мөн үнэт цаасны үлдэгдэл 9 их наяд төгрөг байна. Төв банкны. Энэ бол түүхэн дээд хэмжээ байх. Цар тахлын үеэр буурсан. Энэ мөнгө зах зээлд эргэлдэж байх ёстой биз дээ. Гэтэл Төв банкин дээр байгаад байдаг. Бизнес эрхлэгчид зээл авах гэхээр 22 хувьтай байна. Энийг даваад бизнес хийнэ гэдэг хол л доо. Хэцүү шүү дээ. Мөнгөний бодлого бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Энийг яаж бууруулах вэ. Тэр их наяд төгрөг хүмүүсийн гар дээр очих ёстой. Мөнгөний ямар бодлого барих вэ.

Гуравт, Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсан. 2023 оны хэдэн сард билээ. Ямар нэгэн хүсэл санал ирж байна уу. Та нар ажиллаж байна уу. Гадаадын хөрөнгө оруулалттай банк орж ирснээр хүү буурна гэсэн. Гэтэл хүү чинь улам өсөөд байх юм. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн бас ч муу ажилладаггүй юм л даа. Гэхдээ ажлын үр дүн харагдахгүй байна. Энэ их мөнгө хөрөнгө оруулалт хэлбэрээр орох нь байна. Банкны тухай хуулийг 2026 он болгож хойшлуулсан. Дахин хойшлуулах боломжгүй шүү.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Валютын нөөц энэ онд түүхэн дээд хэмжээнд буюу 5,2 тэрбум ам.долларт хүрсэн. Тэрнээс хойш Монголбанкны БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн өрийн 50 хувийг төлж барагдуулсан. Оны эхнээс гурван удаа ээлж дараатай төлсөн. Тэгээд 12 тэрбум иенийн өр оны эхэнд байсан бол одоо зургаан тэрбум иенийн өр үлдсэн. Тухайн үеийн ханшаар 2 тэрбум ам.долларын өр бичигдсэн бол одоо 800 сая ам.доллар хүрэхгүй өр болж буурсан. 

Энэ бол валютын нөөцөд нөлөөлсөн. Мөн импорт өнгөрсөн онтой харьцуулахад 20 хувиар, экспорт зургаан хувиар өссөн нь нөлөөлсөн. Импортын дарамт валютын нөөцийг өсгөхгүй байх дарамт болж байна. Төлбөрийн тэнцлийн мэдээллийг олон нийтэд хүргэж буй. Хөрөнгө оруулалт, хэрэглээний хэсэгт том өсөлт гарсан. Жишээлбэл, автомашин найман сарын байдлаар 85 мянган автомашин импортолсон нь өмнөх жилүүдтэй харьцуулахад жилдээ 50-60 мянган автомашин орж ирдэг байсан. Энэ жилийн оны эцсээр 100 мянга давах төсөөлөлтэй байна. Энэ нэмэгдэл валютын нөөц өсгөхөд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Монголбанк оны төгсгөлд валютын нөөцийг 4,8-4,9 тэрбум ам.долларын хооронд өсөх болов уу гэж төсөөлж буй. Ерөнхийдөө валютын нөөц тогтвортой, өндөр хэмжээнд хадгалагдаж чадна.

Үнэт цаасны үлдэгдэл 8.7 их наяд төгрөг байна. Энэ бол арилжааны банкуудын илүүдэл нөөц байгаа. Гэхдээ энэ нөөцөөс зээл гаргахаар бол эрсдэл бас байна. Тухайлбал, 2023 онтой харьцуулахад зах зээлд гаргасан зээлийн хэмжээ 30 хувь өссөн. Нийт зээлийн үлдэгдэл 34 их наяд төгрөгт хүрсэн. Тэгэхээр зээл хангалттай өндөр гарч байгаа. Эдийн засгийг халааж, эрсдэл үүсэх үр дагавартай. Тэр утгаараа Монголбанкнаас зээлийг зогсоогоогүй ч гэсэн зээл өндөр хэмжээнд гарч байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Ер нь валютын нөөц буурсан шалтгаан нь биржээр нүүрсээ зарахгүй байгаатай холбоотой. Бага зарж байгаагаас. Намайг байнгын хороон дээр үг хэлсний төлөө наадуул чинь баахан гүтгэлэг явуулсан. Нүүрснийхэн бүр их том болох л нь. Нүүрсээ биржээр зар л даа. Өнгөрсөн дөрвөн жил баахан өр төлсөн. Энэ жил төлөөгүй шүү дээ. Ганцхан энэ жил БНХАУ-ын Ардын банкны зээл төлөөгүй. Төлөөд болоод ирсэн зүйл. Гуравдугаар асуултад хариулт авъя.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсан. Өнөөдөр Монголбанк дээр хуулийн дагуу ямар нэгэн хүсэлт ирээгүй. Өнгөрсөн онд Хөрөнгийн бирж дээр арилжааны таван банк IPO хийж, 500 тэрбум төгрөг босгосон. Хуулийн дээд хязгаар буюу 20 хувийн заалтыг хангахын тулд дахин хувьцааны төвлөрөл нь 60, 70 хувьтай хувьцаа эзэмшигчдийг буулгахад 10 хувь нь 500 тэрбум болж байгаа бол 50 хувиа буулгахад 2,5 их наядын хөрөнгийн шаардлага гарч ирнэ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-10-16 202.9.46.164

Ипотекийн зээл нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг өрөнд оруулан ядууруулж, барилгын цөөн компаниудыг баяжуулах хэрэгсэл болон хувираад удаж бна. Хятадын чанаргүй, хямд материалиаар чанаргүй орон сууц барьчихаад иргэдээ шулж дээрэмдэж болох уу ??? Иймд 1м2 нь 3,0 саяаас доош үнэлгээтэй орон сууцанд ипотекийн зээл олгодог болох зохицуулалт хийх шаардлагатай. Ингэвэл орон сууцны хөөсөрсөн зохиомол үнэ унах болно. Төр засаг нүдгүй, чихгүй дүлий юм шиг байдагаа хэзээ болих вэ?

Avatar

Нэргүй 2024-10-16 158.59.146.30

why neg dourest iim cheer ipotek logon bubaina? duureg burd oiroltsoo hemjeegeer olgovol zohih bish vv?

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.182.248

Лувсанжамц гэж сүүнээсээ гараагүй гөлөг шиг амьгүй албат байна аа

Avatar

Оох 2024-10-16 202.9.40.22

чи Лалараа хулгай манж хужөө гөлөгүүдэ хэлээрэй

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.184.64

Архитектор бол урлагийн салбарт харьяалагддаг мэргэжил шүү дээ. Ийм амьтан яаж мөнгөний бодлого ойлгох вэ дээ!

Avatar

Нэргүй 2024-10-16 103.212.118.111

Алт аль хэдийн өсчихсөн. You are too late to the party guys. Алтаа цэвэршүүлээд энд хадгалж эхэлсэн тоо хэмжээ нь төрийн нууц гэнүү кк. Монголбанкны дуракууд мэдээд бусад нь мэдэж болохгүй юу яршиг л байна

Avatar

Нэргүй 2024-10-16 202.126.91.137

Энэ залуу чинь эргүү юм уу. Яармагийн их барилга тэгээд баячуудын хороолол болж таарав уу. Амьдрал мэдэхгүй нусгай хүүхэд жагсаалтаар оруулаад бидний амьдралыг шийдэх бодлого гаргуулах уу

Avatar

Нэргүй 2024-10-16 158.59.146.30

naadah chin huuhed bish, hugshin kulikaaz bna

Avatar

Nertei 2024-10-16 202.9.46.120

ха ха ха, та нар чинь ярих гэж алдаг улс байна, ипотэк 40 хувь нь баячуудын хороолол гэх нь ч хаашаа юм, гэхдээ улаанчцлуутын хогийн цэгт ХУД-ийн хогийн машин ирхэд хог түүгчид зодоон болж алалцдаг гэсэн

Avatar

зочин 2024-10-16 66.181.191.129

Арай гэж олж ирсэн хэдэн валютаа гадаадаас хуучин бараг актлагдахад хүрсэн машин зэргийг авчрахад л зардаг юм байна доо, Зөв юм уу зохицуулах арга байна уу, Харин гадаад валютын өр дархад зарцуулахаас өөр аргагүй, төрийн секторын болон банкны гадаад валютын өрийг аль болохоор бага байлгах хэрэгтэй, АН-нынхан шиг гадаадаас асар их зээл авч,зардлаа хэзээ нөхөх нь мэдэгдэхгүй зүйлд замбараагүй зарж, нийгэм иргэдээ хохироож хэрхэвч болохгүй

Avatar

bgcff 2024-10-16 202.9.40.22

Ийм байдал ороход нөлөөлсөн шааруудыг барьж хорьж шалгамаар бн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж