“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал болно

“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал болно

“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал болно

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан найрагчийн нэрэмжит “Дорно” сангаас санаачлан “Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурлыг 2024 оны аравдугаар сарын 18-ны Баасан гаригт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулах гэж байна.

Уг эрдэм шинжилгээний бага хуралд Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Дашням, Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын доктор Г.Мэнд-Ооёо, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор До.Цэнджав, яруу найрагч, судлаач, доктор Д.Нямдорж, судлаач Х.Чойдогжамц, Г.Лхагвадорж нар Төрийн шагналт яруу найрагч Н.Нямдоржийн уран бүтээлийн онцлог, гүн, далд чанар, шүлгийг нь дорно дахины зохист аялгууны онолын үүднээс тайлбарлах нь, найрагчийн хэвлэгдээгүй шүлгүүдийн тухай зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.

Нямдорж судлалыг хөгжүүлэх зорилготой энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг цаашид уламжлал болгон зохион байгуулах бөгөөд “Дорно” сангаас утга зохиолын салбарын залуу судлаач, оюутнуудыг дэмжих чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөжээ. Нямдорж найрагчийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд түүний бүтээлийг яруу найраг, шүүмж, судлал, дурсамж, тэмдэглэл гэсэн гурван ботиор хэвлэхээр бэлтгэж байгаа аж.

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж 1934 оны аравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бүрхийн төгөл гэдэг газар мэндэлжээ. 1957-1962 онд тэр үеийн ЗХУ-ын нийслэл Москва  хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцан төгссөн. “Хөдөлмөр” сонинд утга зохиолын ажилтан, Өмнөговь аймагт мэргэжлийн зохиолч, Ардын боловсролын яамны хэвлэлийн хэлтэст хэвлэлийн редактор, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо суманд багш, Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын зам” сонинд сурвалжлагч, Эрдэнэт хотын хивсний үйлдвэрт мастер зэрэг ажлыг хашиж явсан байна.

Анхны ном нь 1959 онд “Үүлэн бор” нэртэйгээр хэвлэгдсэнээс хойш 1992 оныг хүртэл яруу найргийн нийт 14 ном хэвлүүлж, 1992 онд шилдэг шүлгүүдээрээ Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн юм. Н.Нямдоржийг Монголын яруу найрагт чөлөөт сэтгэлгээний салхи оруулсан яруу найрагч гэж зүй ёсоор үнэлдэг. Эзэндээ алдар хүнд, хавчигдал, хэлмэгдлийн аль алиныг авчирч, яруу найрагт цоо шинэ үзэгдэл болсон “Үүлэн бор”, “Онон хатан ижий” номууд хожим төрийн шагналынх нь зарлигт дурдагдсан байдаг. Н.Нямдорж бол 1960-1970 онд Монголын яруу найрагт хэлбэр, агуулгын хийгээд сэтгэлгээний шинэчлэлийг авчирсан, өвөрмөц, давтагдашгүй яруу найрагч юм.

Төрөлх нутаг Хэнтий аймгийн Батширээт сумынх нь дунд сургуулийг Н.Нямдорж найрагчийн нэрэмжит болгон, хүндэтгэлийн хөшөөнд “Онон хатан ээжий” шүлгийг нь сийлэн мөнхжүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Марал 2024-10-16 103.57.94.88

маш их баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж