Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хооронд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого, тусламж үйлчилгээний үр дүнтэй тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд дүүргийн эмнэлэгт мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс заслын төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний чадавхийг сайжруулах, байгууллага хоорондын үр дүнтэй, уялдаатай хамтын ажиллагааг хөгжүүлж, дүүргийн эмнэлгийн менежментийг оновчтой болгоход тогтвортой дэмжлэг үзүүлэх замаар тусламж үйлчилгээний төв рүү чиглэсэн төвлөрөлийг бууруулах зорилгоор 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гурван жилийн хугацаатай “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд эрүүл мэндийн салбарын бодлогоор хэрэгжүүлж байгаа оношилгоо, эмчилгээний орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт техник технологийг дүүргийн нэгдсэн эмнэлэгт нутагшуулах, түүний хэрэглээг эрчимжүүлж, үр ашгийг тогтмолжуулах замаар иргэдэд оршин байгаа газар нутагтаа бүрэн оношлогдох, тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхэд бүхий л зорилтот үйл ажиллагаануудыг хамтран хэрэгжүүлж ажиллана.
Мөн Хан-Уул дүүрэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх өндөр үр дүнтэй тогтолцоог зохион байгуулахад харилцан туршлага солилцож суралцах, дүүргийн эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн чиглэлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах, нэн шаардлагатай мэргэшсэн хүний нөөцийн залгамж халааг бэлтгэх, бүс нутгийн хүн амын өвчлөлийн талаарх тандалт судалгааны мэдээллийг хамтран хуваалцах замаар хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл, түүний хүндрэл, нас баралтыг бууруулахад нягт хамтран ажиллахаар боллоо.
0 сэтгэгдэл