Эзэн Чингис хааны түүхэн аялал жуулчлалын маршрутын нэг чиглэл болсон Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв өнөөдөр үүд хаалгаа нээлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд болон аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцов.
Тус музей нь газрын гадаргаас доош 45 метрийн гүнд байх бөгөөд 881 метрийн урттай, 7988 метр куб эзлэхүүнтэй, 2466 метр куб талбай бүхий бүтээн байгуулалтын томоохон ажил юм.
Гүний музей нь Сургалт судалгааны, Энтертайнмент гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд газрын дээр Минералогийн музей буюу эрдэс баялгийн музейтэй.
Далд уурхайн музейн таван танхимыг уул уурхайн музейн чиглэлээр, бусад 12 танхимыг техникийн болон үйлчилгээний чиглэлээр тохижуулсан байна. Музей үзэхийн зэрэгцээ газрын гүн дэх кофе шопт амарч саатангаа уурхайчид газрын дор иддэг хоолыг амсаж үзэж болох “Уурхайчин” кафе байгуулжээ. Мөн 100 хүний хүлээн авалтын тохилог танхим бий.
Тодруулбал, Уурхайн тээврийн түүхийг харуулсан хэсэг, уурхайчдын амрах байр, сургалтын танхим, Очирваань бурханы танхим, Монголын үйлдвэрлэлийн түүхийн танхим, Монголын уул уурхайн үүсэл хөгжлийн танхим, Бэрхийн уурхайн түүхийн танхим, “Эрдэнэт үйлдвэр”-ийн газрын нэрэмжит танхим, “Монголросцветмет” ТӨҮГ-ын түүхийн танхим, “Оюутолгой”-н уурхай түүхийн танхим, Уурхайчин цайны газар, Уулзалтын өрөө, Хүлээн авалтын танхим, VR тоглоомын өрөө, Айдсын өрөө, Усан хүрхрээ зэрэг онцлох бүтээн байгуулалт олонтой газрын гүнд танилцав.
Холбоотой мэдээ