ХААН банк 25 сая долларын ногоон бондын санхүүжилт босголоо

ХААН банк 25 сая долларын ногоон бондын санхүүжилт босголоо

ХААН банк 25 сая долларын ногоон бондын санхүүжилт босголоо

Азийн хөгжлийн банк (АХБ) болон Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны хөрөнгө оруулалтаар ХААН Банк “Ногоон бондын хөтөлбөр”-ийн хүрээнд дотоодын хөрөнгийн зах зээлд анх удаа ам.долларын Ногоон бонд гаргах ажлыг амжилттай зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 6-р сард баталсан ХААН Банкны “Ногоон бондын хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 30 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг 2 үе шаттайгаар татахаар төлөвлөснөөс 2023 оны 12-р сард эхний ээлжинд Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа нийт 5 сая ам.доллартай тэнцэх 17 тэрбум төгрөгийн Ногоон бондыг олон нийтэд санал болгон Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалсан билээ. Тэгвэл тус хөтөлбөрийн удаах үе шат болгон стратегийн хөрөнгө оруулагчдад тусгайлан санал болгож буй 25 сая ам. долларын Ногоон бондод ХААН Банкны урт хугацааны түншүүд болох АХБ болон ЕСБХБ-наас тус бүр 12.5 сая ам долларын хөрөнгө оруулалт хийлээ.

ХААН Банк дотооддоо Ногоон бонд гаргаснаар Монголын хөрөнгийн зах зээлд ногоон бүтээгдэхүүн нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийг тэлэх, дотоодын хөрөнгийн зах зээлд олон улсын стратегийн хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулалтын шинэ боломж бүрдүүлэх өндөр ач холбогдолтой юм. Түүнчлэн энэхүү бондын эх үүсвэр нь ХААН Банкны ногоон зээлийн багцыг өсгөхөд хөшүүрэг болохоос гадна Монгол Улсын санхүүгийн зах зээлийнтогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж буй.

Ногоон бондын хөтөлбөрийн хүрээнд ХААН Банкнаас энэхүү бондын “ногоон” шинж чанар болон  санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тодорхойлж, хөрөнгө оруулагчдын өмнө бондын эх үүсвэрийн ашиглалтаа тайлагнах үүрэг амлалтыг тусгасан баримт бичиг болох “Ногоон бондын санхүүжилтийн хүрээ”-г Олон улсын хөрөнгийн зах зээлийн холбоо (ICMA)-ны “Ногоон бондын зарчим”, ТоС холбооны “Монголын ногоон санхүүжилтийн таксаноми” зарчимд нийцүүлэн боловсруулсан юм. Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах үйл ажиллагааны андеррайтераар үнэт цаасны “БиДиСЕК ҮЦК” ХК ажилласан билээ.

Санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, найдвартай байдлаараа харилцагчдынхаа итгэлийг бүрэн хүлээж, банкны салбарын нийт активын гуравны нэгийг дангаар бүрдүүлж чадсан, Монголын хүн амын 82 хувьд хүрч үйлчилдэг үндэсний хэмжээний банк ХААН Банк нь олон улсад түгээмэл ашиглагддаг Ногоон бондыг ийнхүү төгрөг болон валютаар анх удаа Монголын хөрөнгийн бирж дээр гаргаад байна. Ингэснээр санхүүгийн шинэлэг хэрэгсэл, хөрөнгийн шинэ ангиллыг дотоодын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх суурийг тавьж буй төдийгүй ногоон санхүүжилтийн сайн жишгүүд, тогтвортой санхүүжилтийг бий болгоход хувь нэмрээ оруулж, манлайлан ажиллаж байна.

“Дотоодын хөрөнгийн зах зээлд стратегийн хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр ам.долларын бонд гаргаж байгаа нь олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдын зүгээс ХААН Банканд итгэл хүлээлгэж буйг харуулж байна. Мөн банк дотоодын хөрөнгийн зах зээлд шинэлэг санхүүгийн хэрэгсэл таниулан нэвтрүүлж байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчдаас шинэ эх үүсвэр татах чадварыг илтгэж байна. Тус санхүүжилт нь ХААН Банкны ногоон санхүүжилт, тогтвортой эдийн засгийг дэмжих стратеги зорилттой нийцэж байгаа төдийгүй харилцагчдад бизнесийн үйл ажиллагаандаа ногоон, тогтвортой жишгийг нэвтрүүлэхэд дэмжлэг болохын зэрэгцээ улс орны тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт бид итгэж байна” хэмээн ХААН Банкны Эрсдэл хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч хатагтай Г.Мөнхбаяр сэтгэгдлээ хуваалцлаа.

“Энэхүү ногоон бондын эх үүсвэр нь Монгол Улсын ногоон санхүүжилтийн зах зээлийг тэлээд зогсохгүй бичил үйлдвэр эрхлэгч, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчид болон тариаланчдын бизнесийг дэмжих, тэдгээрийн амьжиргааг сайжруудахад хувь нэмэр болохуйц илүү хүртээмжтэй хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна. Азийн хөгжлийн банк (ADB)-ны хувьд Монгол Улсад илүү хүртээмжтэй ногоон санхүүжилтийн суурийг тавьж буй ХААН Банкны энэхүү Ногоон бондод хөрөнгө оруулагчаар хамтран оролцож байгаадаа бид туйлын их баяртай байна" хэмээн Азийн хөгжлийн банкны Хувийн хэвшлийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхий захирал хатагтай Сюзан Гэйбори онцоллоо.

Бүхий л төсөл, хөтөлбөрүүдээ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийн зорилгод нийцүүлэн хэрэгжүүлдэг тэргүүлэх ногоон банкны хувьд Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD) нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлд гаргаж буй Ногоон бондод анх удаа хөрөнгө оруулж буйдаа тун их баяртай байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь бидний удаан хугацааны түнш болох ХААН Банкны ногоон санхүүжилтийг дэмжиж байгаа төдийгүй Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэгдэж буйгаараа онцлог юм” хэмээн  Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Ханнес Такач хэллээ.

ХААН Банк 2023 оны 12-р сард Монголын хөрөнгийн бирж дээр олон нийтэд санал болгосон 17 тэрбум төгрөгийн Ногоон бондын эх үүсвэрийг бүрэн зарцуулж, 2023 онд 377 тэрбум байсан ногоон зээлийн багцаа 2024 оны II улирлын байдлаар 590 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн төдийгүй эхний хагас жилийн дотор 56%-ийн өсөлт бий болгосон байна. Өдгөө ХААН Банк салбарын хэмжээнд олгосон нийт ногоон зээлийн багцын 55 хувийг эзэлж буй бөгөөд ногоон, тогтвортой санхүүжилтийн шийдлүүдийг харилцагчдадаа таниулахаар идэвхтэй ажиллаж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж