Төмс, хүнсний ногоо хямдарсангүй

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Төмс, хүнсний ногоо хямдарсангүй

Цаг цаг нэг цадна, цагаан сараар нэг цадна гэдэг шиг намрын цагт төмс, хүнсний ногоо хямдарч нийслэлийнхний магнай тэнийдэг. Элдэв төрлийн нарийн ногоогоор амталсан хоолоо “Ургацын далай” гэж хүртэл нэрлэдэг. Гэтэл энэ намар төмс, хүнсний ногоо бараг хямдарсангүй. Баянзүрх дүүргийн “Sky” худалдааны төвийн гадна талд гарсан хүнсний ногооны өргөтгөсөн худалдаанд Сэлэнгэ аймгийн хэд хэдэн сумын ногоочид ирж, өөрсдийн гараар тарьж ургуулсан ургацынхаа дээжийг авчирчээ. Тэнд төрөл бүрийн хүнсний ногоо, нарийн ногоо, даршилж, нөөшилсөн ногоог зарж байгаа ч үнийн хувьд үүргийн худалдаа буюу түр зуурын саравч босгон худалдаалагчид болон хүнсний захууд дээр зарж буй үнээс хямд байж чадахгүй байна. Хамгийн өргөн хэрэглээний төмс, байцаа л гэхэд кг нь 500-600 төгрөгийн үнэтэй байгаа аж. Их хэмжээгээр авбал бага зэрэг хямдруулж буй хэдий ч их хэмжээний төмс, хүнсний ногоог удаан хугацаагаар хадгалах зоорь савгүй хот газрынхны хувьд 5-10 кг-аас илүү авч буй нь тун цөөн байлаа. Ямартай ч энэ жилийн хувьд ургацын дээж өндөр үнэтэй зарагдаж эхэлжээ.

М.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж