Сонгууль болдгоороо болж, наймаас бусад аймаг, мөн нийслэл Улаанбаатарт МАН ялдгаараа яллаа.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлд, Х.Нямбаатар дээр бүх бооцоогоо тавьсан бол АН-ын дарга Л.Гантөмөр Женко.Баттулгын багийг эс дэмжиж, эс үйлдэхүй үзүүлсэн. Ингэснээрээ хэн, хэн нь хүссэн дүнгээ сонссон, бодсон улс төрөө хийх боломжтой ч болсон биз.
1.
Монгол Улс хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, танхимын сайдаа өөрөө чөлөөлдөг, томилдог эрх мэдэл олгосон юм.
Харин 2023 оны Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно" гэх ганцхан өөрчлөлт оруулсан билээ.
МАН эцэг хуульд хоёр удаа “завсар” хийсэн ч засаглалын хэлбэрээ өөрчилж чадаагүй. Товчхондоо, институци хоорондоо зөрчлийг хэвээр үлдээсэн нь "шинэ-30" жилийн хуучин зовлон болж мэдэхээр байна.
Өнгөрсөн гурван жил МАН У.Хүрэлсүхийг “дэвшүүлэн зайлуулсан” ч, У.Хүрэлсүх МАН-аас огтхон ч яваагүй. Үнэндээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг, ЗГХЭГ-ын даргаар Н.Учралыг томилуулсан нь түүний дараагийн улс төрийн “удиртгал” болох юм. Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ тал хугацааг ардаа үдсэн түүнд бодсон, төлөвлөсөн улс төр бий нь тодорхой. Монголын номер нэг улстөрчөөс тэтгэврийн жирийн өвгөн болохыг тэрбээр хүсэхгүй. Тэгээд ч тэтгэвэртээ суух наснаас нь өмнө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болно. Биологийн нас, улстөрчийнх нь харизмыг бодсон ч У.Хүрэлсүх улс төрд зайгаа тавих цаг болоогүй, Х.Баттулга шиг парламентын сул гишүүн төдийгөөр улстөрчийн замналаа дуусгах хүн биш юм.
Тэнгэрт хоёр нар манддаггүйтай адил МАН-д хоёр хаан байх боломжгүй. Засгийн болон намын тамга нь Л.Оюун-Эрдэнийх боловч танхимын сайд нараа чөлөөлөх, томилох Үндсэн хуульт эрхээ Ерөнхий сайдын хувиар бүрэн авч чадаагүй яваа. Түүний шинэ засагт Л.Оюун-Эрдэнийн гэх өөрийнх нь томилгооны сайд тун цөөхөн. МАН-аас томилогдсон сайд нарын дийлэнх нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн болон Д.Амарбаясгалангийн “шошготой” хүмүүс.
Урьд өмнөх гашуун сургамж, эрх мэдлийн энэ мэт хуваарилалтын зөрчил нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Н.Учрал, Х.Нямбаатар нарыг хүссэн ч, эс хүссэн ч эрх ашгийн талцалд хүргэх болно. Яагаад гэвэл асуудал нь хувь хүндээ биш, хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалдаа байгаа юм.
Ийм ан цав Хэнтийн фракцийнхны дунд хэдийнэ үүссэн нь энэ удаагийн орон нутгийн сонгуулиар илүү тод анзаарагдав. Аймаг, нийслэлийн сонгуульд МАН найман аймаг, нэг дүүрэгт ялагдал хүлээсэн. Хэнтий, Говь-Алтай, Сүхбаатар аймагт болон Сүхбаатар дүүрэгт АН ялалт байгуулсан нь мэдээж Л.Гантөмөрийн сайных биш.
Хэнтий, Сүхбаатар аймаг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн, тэлсэн нутаг. УИХ-ын сонгуульд Хэнтий, Сүхбаатар, Дорнодын тойрогт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр нар хамтдаа ялалт байгуулсан. Атал парламентын сонгуулиас ердөө дөрөвхөн сарын дараа болсон орон нутгийн сонгуульд, дээрх аймгуудад МАН “өвдөг” шороодсон нь зүүний хүчний холбооны хагарал үр дагавар юм. Нэг ёсондоо Хэнтийн фракц дээрээ суудлаа олоогүйгээс доороо гүйдлээ олж чадсангүй.
Орон нутгийн сонгуулийн үеэр олон нийтийн сүлжээнд Х.Нямбаатарын эсрэг Н.Учрал, Д.Амарбаясгалан, Х.Баттулга нар хамтарч байгаа мэдээлэл цацагдсан нь АН-ын сэвээ биш. Эзэд нь цагаан байранд, “тамхины цэг”-ийн хов яриад сууц буй нь нэн ойлгомжтой. Улс төрд үүрдийн нөхөр дайсан үгүй, үүрдийн эрх ашиг бий гэгчээр Х.Нямбаатараас хотын намын хороог нь авбал, Л.Оюун-Эрдэнийг “шаг, мад” болгох нь амархан гэж хэн нэг нь тооцсон ч биз.
МАН-ын дүрэмд “..Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр Нам цөөнх болж, тухайн шатны Засаг даргаа томилуулах боломжгүй болсон бол аймаг, нийслэлийн намын дарга огцрох хүсэлтээ аймаг,нийслэлийн Бага хуралд, сум, дүүргийн намын хорооны дарга сум, дүүргийн намын хорооны хуралд тавина” гэж заасан.
Атал дүрмийн дагуу намын сонгуульт албаа өгөх хүн нь Х.Нямбаатар биш Н.Учрал болов. Н.Учралын хувьд ЗГХЭГ-ын даргын суудлаас цаашилж, засгийн тамга зүүдлэж явааг хэн мэдлээ.
2.
Үзэл баримтлал, үзэл санаагаа дагаад улс төрийн намууд өөр, өөр характертай байдаг. Аливаа намын үйл ажиллагаа, бодлого, мөрийн хөтөлбөр ч манлайлагчийн харизмаас хамаардаг. Атал УИХ-д 42 суудалтай, засагт найман сайдтай АН түүхэндээ ийм сул дорой байж үзээгүй юм. С.Эрдэнэ хүртэл Женко.Баттулгыг хаан байхад нь ана, мана хэрэлддэг, АН-ын тамгыг алдахгүй гэж айж эмээлгүй үзэлцдэг байсан.
Харин Л.Гантөмөрийн намд ардчилал ч алга, амбиц ч алга. Хүнээр бол хамаг сүр сүлдээ гээчихсэн, үлгэн салган өнөөдрийг өнгөрөөж яваатай адилхан болжээ. Л.Гантөмөр хувь хүн талаасаа зөөлөн, хэн нэгэнтэй дайсагналцах сонирхолгүй байж болно. Гэвчиг намын даргын хувьд бөөрөнхий, ойлгомжгүй удирдагч байж болохгүй. Улс төрийн том намын дарга байж утсан хүүхэлдэй шиг яваа нь Л.Гантөмөрийн хамгийн том алдаа агаад АН-ын эмзэг цэг болж хувирсан.
Үнэндээ, Л.Гантөмөр өнөөдөртөө морь унасан толгойгүй хүн болсон байна. Ингэх хэлэхийн шалтгаан нь УИХ-ын сонгуульд хэнийг хаанаас нэр дэвшүүлэхийг АН-ын дарга биш МАН-ын БЭТ шийдсэн. Тэгвэл нийслэлд хэнийг, хаанаас нэр дэвшүүлэхийг Х.Баттулга ганцаараа шийдлээ. Энэ бүхнээс харахад Л.Гантөмөр АН-ын бэлгэ тэмдэг төдий дарга гэвэл гашуун сонсогдож мэднэ. Үнэнийг сонсох, үнэнийг хэлэхээс ч хэцүү гэдэг.
Парламентын сонгуульд нийт сонгогчдын 35 хувийг авч засгийн эрхийг авсан МАН нийслэлд 16-хан хувиар ялалт байгуулсан нь монголчууд ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд элэгтэй хэвээр байгаагийн нэг үзүүлэлт. АН-д лидер шиг лидер заяасан аваас засгийн эрхийг, нийслэлийн удирдлагатай авах боломжтой байсныг сонгуулийн статистик харуулж байна. Авчиг Л.Гантөмөрт айлын хатавчинд амьдрах нь илүү таашаалтай, илүү хялбар байгаа бололтой, АН-ын ялалт, ялагдалд тэрбээр ямар нэгэн байр суурийг илэрхийлэхийг хүссэнгүй.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Намын дүрэм дээр амжилт гаргаагүй намын дарга нарыг хоёр сарын дотор өөрчлөх заалттай. Мэдээж улс төрийн соёл гэж бий. Амжилтаа бууруулсан доод шатны намын дарга нар өөрсдөө өргөдлөө өгдөг. Өгөөгүй тохиолдолд хоёр сарын дотор өөрчилдөг” гэжээ. Орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн дарга нар албан тушаалаасаа огцрох нь зүйн хэрэг. Тэр тусмаа нийслэлийг МАН-д алдсан Т.Батцогт өргөдлөө өөрөө өгнө гэсэн байна лээ.
Гээд нийслэлийн сонгуульд АН-ын удирдлагуудад ялах хүсэл байв уу гэдэг нь асуултын тэмдэг. Хоржоонтой нь, Женко.Баттулгыг улс төрөөс зайлуулах гэж Л.Гантөмөр АН-аар, Монголын ардчиллаар туг тахилаа. Тэгэхээр дараалсан хоёр сонгуульд“өвдөг шороодсон” Л.Гантөмөр намаа удирдаж, бодлогоор хангаж чадаагүйнхээ хариуцлагыг ч хүлээх ёстой юм…
Эцэст нь АН үнэт зүйл, үзэл баримтлалаараа, ороо, жороогоороо ялгарахгүй бол Ардын намын уналганы морь, угаадасны нохой болж хувь заяа төгсөхөөр байна!
3,595.38















































