П.Сэргэлэн: Кувейт руу 7 хоногт 100 тонн халал мах экспортолно

П.Сэргэлэн: Кувейт руу 7 хоногт 100 тонн халал мах экспортолно

П.Сэргэлэн: Кувейт руу 7 хоногт 100 тонн халал мах экспортолно

Монгол Улсаас булангийн орнуудад анх удаа халал аргаар бэлтгэсэн хонины сэврээсэн шинэ мах экспортолж эхэлсэн. Тодруулбал, Кувейт улс руу халал мах экспортолж эхлээд удаагүй байгаа юм. Халал махны экспорт болон хоёр орны хамтын ажиллагааны талаар Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэнгээс тодрууллаа.


-Монгол, Кувейт хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа бизнес, эдийн засгийг нэмэгдүүлэхэд ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөр, Ерөнхийлөгчийн биечлэн өгсөн үүрэг даалгавар, Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогыг удирдлага болгон Монгол Улсын гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Үндсэндээ Монгол Улс булангийн орнууд, тэр дундаа Кувейт, Катар улстай худалдааны чиглэлд төдийлөн хамтын ажиллагаа хөгжөөгүй ирсэн хэдий ч 2022 оноос хойш идэвхтэй ажилласны үр дүнд эдгээр улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн орчин бүрдэж, экспортын ажил эхлээд байна. Мөн Кувейт улсын Засгийн газар болон Арабын Эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сан Монгол Улсын дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгож, хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Элчин сайдын яамны зүгээс цаашлаад зөвхөн мах, махан бүтээгдэхүүн бус экспортын баримжаатай боломжит бүхий л бүтээгдэхүүнийг судалгааны үндсэн дээр экспортлох, мөн аялал жуулчлал, боловсрол, эрчим хүч, уул уурхай, байгаль орчин зэрэг салбарт хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байна.

-Булангийн орнууд руу халал аргаар бэлтгэсэн мах махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой болжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Юуны өмнө булангийн орнууд руу мах экспортлоход хамгийн түрүүнд тавигдаж буй шаардлага нь тухайн мах нь Халал стандартыг хангасан гэсэн гэрчилгээтэй байх ёстой. Гэтэл Монгол Улсад халал гэрчилгээ олгодог магадлан итгэмжлэл хийлгэсэн байгууллага байхгүй байсан. Тиймээс Монголд махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд Орос, Хятад, Казахстан, Иран, Малайз зэрэг орны холбогдох байгууллагуудаас Халал гэрчилгээг мөнгө төлж авдаг байсан юм билээ. Мөн Монгол Улсаас булангийн орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлоход Саудын Арабын Хаант улсад төвтэй булангийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөс магадлан итгэмжлэл авах шаардлага тавьсан. Үүнтэй холбогдуулан Элчин сайдын яам булангийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөс Стандарт, хэмжилзүйн газрын нэр дээр халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлийг хийлгэх нэн тэргүүний шаардлага үүссэн. Энэ хүрээнд 2022 оны долдугаар сараас эхлэн Саудын Арабын Хаант улсад төвтэй булангийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөс Халал магадлан итгэмжлэлийг хийлгүүлэх чиглэлээр ажилласан. Улмаар 70 гаруй уулзалт төрийн болон хувийн хэвшлүүдтэй хийсний үр дүнд 2023 оны арванхоёрдугаар сард тус магадлан итгэмжлэлийн төв Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын нэр дээр Халал магадлан итгэмжлэлийн гэрчилгээг олгож, Монголын мах үйлдвэрлэгч, экспортлогч аж ахуй нэгжүүд Халал гэрчилгээгээ эх орондоо Стандарт хэмжил зүйн газраас авдаг болоод байна. Ингэснээр Стандарт хэмжил зүйн газрын Халал гэрчилгээг бид Кувейт Улсын Хүнс, тэжээлийн Ерөнхий газар, Катар Улсын Нийтийн эрүүл мэндийн яаманд бүртгүүлэх ажлыг эхлүүлж, 2024 оны дөрөвдүгээр сард эдгээр байгууллагад амжилттай бүртгүүлж чадсан. Үүний үр дүнд Монгол Улсаас дээрх улсуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн орчин бүрэн бүрдсэн.

Ингэж Монгол Улсаас гадаадын зах зээлд анх удаа хонины сэврээсэн шинэ мах экспортолж эхэлсэн бөгөөд одоогоор Кувейт, Катар зэрэг улсын Carrefour, Monoprix зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхлээд байна.

-Монгол Улсад малын гаралтай өвчлөл маш их. Энэ нь гадагшаа мах экспортлоход тулгардаг том асуудал.  Цаашид махаа тогтвортой экспортлоход юун дээр анхаарах шаардлага байна вэ?

-Монгол Улс малын гоц халдварт өвчнүүдийн улмаас 2010 оны эхээр Кувейт улсын махны хоригт орсон байсан. Энэхүү хоригийг цуцлуулах чиглэлээр Кувейт улсын Хүнс, тэжээлийн Ерөнхий газартай олон уулзалт хийж, Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газрын малын гоц халдварт өвчнийг арилгах чиглэлээр хийсэн ажлын тайлан, үр дүнг танилцуулан хоригийг цуцлуулах чиглэлээр ажилласан. Үүний үр дүнд Монгол Улсаас Кувейт улсад мах экспортлох хоригийг 2023 оны аравдугаар сард цуцалсан. Цаашид булангийн орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлоход Халал стандартыг маш сайн мөрдөж, эрүүл ахуйн шаардлага хангасан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл монголын мах экспортлогч аж ахуйн нэгжүүд мах бэлтгэх, бэлтгэн нийлүүлэх системийг боловсронгуй болгож, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, шаардлагатай баримт бичгүүдийг олгоход хувийн аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэхгүй байх тал дээр онцгой анхаарах шаардлагатай байна.

Учир нь энэхүү сэврээсэн махыг 24 цагийн дотор бэлтгэж, онгоцонд ачсан байх шаардлагатай байдаг. Тиймээс экспортын баримт бичгүүдийг бүрдүүлэхэд цаг хугацаа алдахгүй байх ёстой юм.

-Булангийн орнууд руу махаа агаараар болон газраар тээвэрлэсэн ч буцахдаа Монгол руу ачих бараа байхгүй нэг талдаа хоосон ирж байгаа нь бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй байдаг гэж ярьдаг. Үүнийг зохицуулах боломжтой юу?

-Тээврийн асуудлыг экспортлогч болон импортлогч аж ахуйн нэгжүүд харилцан тохиролцож, хамтран ажиллан шийдэж байгаа тул хүндрэл ихээхэн гарахгүй байх гэж бодож байна. Онгоцны хувьд буцахдаа булангийн орнуудаас жимс, жимсгэнэ тээвэрлэн буцах боломжтой бөгөөд мах экспортлогч болон импортлогч талууд харилцан тохиролцсон тохиолдолд Элчин сайдын яамнаас дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бүрэн нээлттэй.

-Гаднын оронд Монгол малын мах хэр эрэлттэй байдаг вэ. Монгол махыг гадагш нь тэр дундаа Кувейт улс руу долоо хоногт цаашлаад сард хэчнээн тооныг гаргах боломжтой вэ. Бидэнд их хэмжээгээр тогтмол гаргах боломж бий юу?

-Монгол бэлчээрийн малын мах экологийн цэвэр бүтээгдэхүүнд тооцогддог. Булангийн орнуудын хувьд махны хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр ордог. Жишээ нь 2026 он гэхэд Кувейт улсын махны хэрэглээний зардал 2.4 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд одоогийн байдлаар 2.1 тэрбум ам.доллар байна.

Тоо хэмжээний хувьд долоо хоногт доод тал нь 30 тонн, дээд тал нь 100 тонн хонины сэврээсэн мах тогтмол экспортлохоор төлөвлөж байгааг импортлогч талууд илэрхийлсэн.

Мөн булангийн орнуудаас үхэр, тэмээний мах болон дайвар бүтээгдэхүүнүүд импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа. Цаашлаад бид Саудын Арабын Хаант Улс, Оманы Султант улс, Бахрейны Хаант улс зэрэг булангийн орнуудад Халал гэрчилгээгээ бүртгүүлж, зах зээлийг тэлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн Монгол Улсын бүхий л мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүд Халал стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд булангийн орнуудын мах импортлогч аж ахуйн нэгжүүд мөн адил Халал стандарт, шаардлага хангасан бүхий л аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж, мах импортлох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа. Элчин сайдын яам нь булангийн орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох ажлыг эхлүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, зах зээлийг нээх, шаардлагатай хил, гааль, хорио цээр, эрүүл ахуйн, мал, амьтны олон улсын эмнэлгийн гэрчилгээ зэрэг бүхий л асуудлыг тохирон эцэслэж, зорилго, үүргээ биелүүлсэн бөгөөд цаашид аж ахуй нэгжүүд Халал стандарт, шаардлагыг сайтар мөрдөж, экспортыг тогтмол хийх ажил үлдээд байна.

-Махаа тогтмол экспортлоод эхлэхээр хэр хэмжээний ашигтай байх вэ?

-Аж ахуй нэгжүүд махны экспортыг тогтмол хийж эхэлснээр эхний ээлжинд жилд 30-40 сая ам.доллар цаашлаад аж ахуйн нэгжүүдийн бэлтгэл нийлүүлэлтийн хүчин чадал, бусад Булангийн орнуудад экспортолж эхлэх зэргээс шалтгаалан хангалттай хэмжээгээр өсөх боломжтой. Мөн энэ нь Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

– Цаашид Монгол Улсаас булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлоход юуг анхаарах шаардлагатай вэ?

-Цаашид хувийн аж ахуй нэгжүүд ханган нийлүүлэлт, чанар, бизнесийн соёл, найдвартай байдал тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн талууд харилцан гэрээ байгуулсан бол үүргээ ягштал сайн биелүүлж, итгэл алдахгүй байх, боловсон хүчнийг сайтар бэлтгэх зэрэг асуудлуудад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Үүнээс гадна булангийн орнууд, тэр дундаа Кувейт улс, Катар улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, шинэ зах зээлийг нээж, шаардлагатай хил, гааль, хорио цээр, эрүүл ахуйн, мал, амьтны олон улсын эмнэлгийн гэрчилгээ зэрэг бүхий л асуудлыг тохирон эдгээр улсуудын томоохон сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалах гарцыг нээж өгсөн. Тиймээс цаашид  аж ахуйн нэгжүүд хариуцлагатай хандаж, бизнесийн зарчмаар явах хэрэгтэйг онцгойлон анхаарах нь зөв гэж бодож байна.

-Монгол Улс сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Кувейт улстай аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий юу?

– Монгол Улс Кувейт, Катар, Бахрейны Хаант улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол-Кувейт, Монгол-Катарын хамтарсан анхдугаар бизнес форумыг 2024 оны зургадугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулж, Кувейт, Катарын нийт 15 орчим аялал жуулчлалын аж ахуй нэгжүүд болон Монгол талаас таван аж ахуйн нэгжүүд оролцож санамж бичгүүдэд гарын үсэг зурж, хамтын ажиллагааг эхлүүлсэн.

Энэ хүрээнд талууд харилцан аяллын багц гаргаж хоёр талд аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батгаа 2024-10-16 203.91.115.52

Зөв ажил сэджээ Сэргэлэнд баяр хүргэе Гэхдээ хэмжээ нь шалихгүй бага юм Жилд дунджаар 720тнбуюу 36000 хонь гаргана 1000орчим багаас жилд 1 л багийн хонийг борлуулах нь Цаашид бусад оронд гаргавал харин малчдын орлогод нөлөөлж чадна зудөд хэдэн арван саяаар нь алдаж байснаас арай дээр Цаашид өргөжөөд и рвэл төрийн түшмэдүүд хүнд суртал гаргаад зогсоох байх Тэгээд түгжрэл утаандаа их наядаар зараад бах байдгаараа хэдэн жилийг үднэ

Avatar

Уншигч 2024-10-16 178.63.254.41

энэ их $- рууд Монголын ямар сангууд руу орж байгааг шалгаж ар түмэнд мэдээлэх хэрэгтэй. яагаад гэвэл өчнөөн олон тонн малыг малчдаас авч байгаа,,, учраас мэдээлэх нь зөв.

Avatar

Роү 2024-10-16 202.126.89.232

Энэ нэг сагсуу ми суганы үс гэнэт үсрээд гараад ирэх чинь нэг юмны үнэр үнэртэж дээ

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.186.34

7 хоногтоо 100 тонн гаргахад л жилдээ дөнгөж 5200 тонн болох нь. Монголын дотоодын хэрэглээнд жилд 350,000 тонныг бэлтгэдэг.

Avatar

Зочин 2024-10-16 103.145.234.104

100.000 тн*12 сар*4 долоо хоног= 4.8 сая тонн ашгүйдээ малаа эдийн засгийн эргэлтэнд оруулж малчид нь мөнгөтэй, улс нь валюттай болно.

Avatar

Батгаа 2024-10-16 203.91.115.56

буруу бодсон бна.100тн гэсэн 100 000тн бишээ Сая тн бишээ зүгээр 4800 тн

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.186.41

Сэргэлэн сайдад баяр хүргэе !

Avatar

Нэргүй 2024-10-16 45.117.34.139

П.Сэргэлэн шиг Элчин сайдууд олон болооосой. Улам их ажил амжуулаарай. Одоо монгол тал өөрсдөө хариуцлагатай найдвартай байх хэрэгтэй. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2024-10-16 202.126.89.129

Мах бэлтгэлийн компаниуд бусдыгаа хөөдөж болохгүй!!! Хариуцлагатай байгаарай. Амаар орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхэж хэрхэвч болохгүй шүү. Том амжилт хүсье🌹

Avatar

Нэргүй 2024-10-16 142.126.123.189

bulangiin oron gej …?!

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.187.43

Өөрсдөө идэх мах үнэд ороод авч чадахгүй болчих вий дээ

Avatar

Зочин 2024-10-16 202.126.89.129

Ёстой чихэнд чимэгтэй мэдээ байна. Бид 70 сая малтай мөртлөө мал нь эдийн засгийн эргэлтэнд ордоггүй малчид нь ядуу хэдий болтол байх юм бэ??? Би нэг малчин айлынд очсон чинь 3000 гаруй малтай тэгсэн мөртлөө тараггүй, ааруул цагаан идээ байхгүй, малаа гаргахаас харамлаад цагаан зээрний мах хааяа иддэг гэж нутгийнхан нь хэлж байсан. 3000 гаруй малынхаа боол нь болчихсон амьдрал дээшилсэн юмгүй суух нь хэнд хэрэгтэй юм бэ? Малаа эдийн засгийн эргэлтэнд оруулья!!!

Avatar

Нэргүй 2024-10-16 122.201.31.121

butsahdaa hooson ireh geed baival benzin achij ireed bai

Avatar

Нэргүй 2024-10-16 66.181.178.54

хаха. дараагийн ээлжийн мах нь бэнзин үнэртэй болоод юун халал стандарт

Avatar

Нэргүй 2024-10-16 192.82.64.153

Элчин сайд бүр ингэж ажиллаасай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж