"Том уран бүтээлээс алдартай дуучид төрөн гардаг"

"Том уран бүтээлээс алдартай дуучид төрөн гардаг"

"Том уран бүтээлээс алдартай дуучид төрөн гардаг"

Монголын орчин үеийн хөгжмийн урлагт өөрийн өнгө аяс, дуу хоолой, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан “New Star” студи 20 жилийн ойн “Бүх оддын тоглолт”-ын товоо аравдугаар сарын 18-нд зарласан. Үүнтэй холбоотойгоор "Пентатоник" академийн дөрвөн удаагийн шагналт, Соёлын тэргүүний ажилтан, "New Star" студийн үүсгэн байгуулагч С.Гантөртэй ярилцлаа.


-Хорин жилийн ойн тоглолтоо хийж байгаад баяр хүргэе. Энэ удаагийн тоглолтоо хэзээнээс төлөвлөсөн бэ? 

-“New Star” студи 2004 онд байгуулагдсан. Үүнээс хойш таван жил, арван жилийн ойн тоглолтуудаа хийсэн. Харин одоо удаан хугацааны дараа 20 жилийн ойн тоглолтоо хийх гэж байна. Тоглолтоо өмнө жилээс төлөвлөсөн. Олон түмэнд хүрсэн дуунуудаа сэргээж тоглолт хийе гэж хамт олон, найз нөхөдтэйгөө ярилцаж, төлөвлөснөөр цаг хугацаа нь одоо таарч байна.

-Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна вэ? 

-Тоглолтын ерөнхий бэлтгэл ажил дууссан. Уран бүтээлчидтэйгээ хамтраад өдөр бүр бэлтгэлээ хийж байна. Амьд хөгжимтэй дуулах уран бүтээлчид цөөнгүй бий. Тэдгээр дуучидтайгаа мөн хамтран бэлтгэлээ хийж байгаа. Бэлтгэл тун давгүй үргэлжилж байна даа.

-Хорин жилийн ойн тоглолтод зориулж, олон хит дууг залуу уран бүтээлчидтэй хамтран шинэчилсэн найруулгаар хүргэж байгаа шүү дээ. Үүнд сонсогчид ямар сэтгэгдэлтэй байна вэ? 

-Ямар ч уран бүтээлийг дахин шинэчилж болно шүү дээ. Саяхан шинэчилсэн хувилбараар цацагдсан дуунууд бүгд тоглолтын сурталчилгаанд зориулагдсан. Үе үеийн төлөөлөл болсон уран бүтээлчдийг сонгосон байгаа. Үүнийг хүмүүс янз янзаар хүлээн авч байна. Мэдээж аль хэдийн хит болчихсон дуунууд учраас анх сонссон мэдрэмжээ авах гэдэг хүмүүс бий. Нөгөө талдаа шинэлэг зүйлд дуртай хүмүүс ч бас бий.

-Тухайн уран бүтээлийг өөр дуучин шинэчилж дуулах гэдэг дээр оюуны өмчийн асуудал бий юу? 

-Оюуны өмч тал дээр эдгээр дуунууд маань бүгд манай студийн бүтээл учир ямар нэгэн асуудал байхгүй. “Бүх оддын тоглолт”-д залуу дуучин Э.Энх-Эрдэнэ “My love” дууг кантри стилээр, дуучин Д.Оюу “My Vision”-ыг Жэйсон, А.Хишигдалай нар “Нууц амраг чинь болъё” жүжгийн дуу “Илчилж амжаагүй хайр”-ыг, Д.Зоригт “Өвлийн дуу”-г, И.Мишээл “Sweet girl”-ыг шинэчилсэн найруулгаар дуулж, сонсогчдын хүртээл болгоно.

-“New Star” студийг үе үеийн олон оддыг төрүүлсэн гэж ярьдаг. Тэр ч утгаараа 20 жилийн ойн тоглолтоо “Бүх оддын тоглолт” гэж нэрлэсэн болов уу?

-Од төрүүлсэн гэж ярих дургүй. Манай студи дээр хамтарч ажилласан дуучдын уран бүтээл олонд хүрсэн гэвэл илүү оновчтой болов уу. Ингээд яривал маш олон уран бүтээлч бий. Одоо ч гэсэн шинээр гарч ирж байгаа уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. Жишээ Л.Балхжав ахын "Өглөө шиг эх орон" дуун дээр хамтдаа ярилцаж байж дуучдаа сонгосон. Том уран бүтээлээс дуучид төрөн гардаг. Тэр утгаараа маш олон уран бүтээлчидтэй хамтарч ажилласан.

“New Star” студийн хамгийн том төлөөлөл нь дуучин BX шүү дээ. Одоо холбоотой байдаг уу?

-Мэдээж холбоотой байдаг. 20 орчим жилийн өмнө анх Киви хамтлаг бий болсон. Тухайн үед Б.Ангирмаа найз маань охидын хамтлагтай болсон гэдгээ ярьж байсан юм. Тэр үед би ч гэсэн шинэ дуучин гаргах бодолтой явж байгаад BX-тэйгээ таарсан гэж хэлж болно. Бидний хамтдаа хийж байсан уран бүтээлүүд одоо хүртэл амьд байгаад баярладаг. Дүү минь одоо АНУ-д гэр бүлийн хамт ажиллаж, амьдардаг. Энэ удаагийн тоглолтод зориулж мэндчилгээ илгээсэн. Удахгүй хүмүүст хүрэх байх.

-Дуучин BX уран бүтээл хийж байх үед гаргасан бүхий л дуу нь хит болж байсан. Одоо харахад тухайн үе шиг хит дуунууд дахиж төрөхгүй гэж сонсогчид ярьдаг шүү дээ. Энэ юутай холбоотой вэ? 

-Миний бодлоор сошиал хэтэрхий хөгжсөнтэй холбоотой байх. Жишээ нь BX гарч ирж байх үед интернэт гэж бараг л байдаггүй байсан. Хүмүүс фм л сонсдог байлаа шүү дээ. Одоо үед хүмүүсийн хөгжим сонсох хэлбэр нь олон болсон. Шууд гар утсаараа дуртай зүйлээ үзэж, харах боломжтой. Тиймээс хүн болгон нэг зүйл рүү хошуурахгүй байна гэж л харж байна.

-Таныг "Айзам-2" хамтлагийн үүсгэн байгуулагч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Уран бүтээлч болсон түүхээсээ хуваалцахгүй юу. 20 жил гэдэг урт хугацаа шүү дээ?

-Миний хувьд "Айзам" хамтлагтай салшгүй холбоотой. Анх 1989 онд аравдугаар ангиа төгсөөд Монголын Үйлдвэрчний Соёлын Ордны дэргэдэх “Айзам” хамтлагт  гитарчнаар орж байлаа. 1990 онд "Айзам-2" хамтлагаа байгуулсан. Тухайн үед найзуудтайгаа хамт тав орчим жил хамтлагаараа уран бүтээл хийсэн. 1997 оноос дуучидтай хамтран хөгжмийн найруулга, уран бүтээл хийх ажилд орсон.

Тухайн үед компьютер дээр хөгжмийн найруулга хийдэг хүн цөөхөн байсан. Хөгжмийн студийн хувьд ч анхдагч гэж болно.

2000 онд "Мичид" нэртэй студи байгуулж байсан юм. Үүний дараа 2004 онд н.Энхбаяр гэдэг найзтайгаа, эхнэртэйгээ хамтраад одоогийн "New Star" студийн суурийн тавьсан. Дараа нь техникч н.Ядамсүрэнтэйгээ хамтарсан. Ингээд үндсэндээ 20 жил бид бүхэн энэ студидээ ажиллаж байна. Одоо 20 жилийн ойн баяраа тэмдэглэх гээд сэтгэл хөдлөөд, нойр хүрэхгүй л байна.

“Пентатоник” академийн дээд шагналт, шилдэг хөгжмийн найруулга, кино жүжгийн дууны шагналт “New Star” хөгжмийн студи нь продюсеринг, ая зохиох, лэйбел, хоолой бичлэг, аранжировк, миксинг мастеринг, томоохон шоу тоглолтын зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн студи юм.
Хорин жилийн ойн тоглолт 2024 оны аравдугаар сарын 18-нд “UG Arena” спорт цогцолборт болох бөгөөд уг тоглолтод 20 хамтлаг, дуучин оролцох юм. Тус студи нь орчин цагийн хөгжмийг өнөөгийн мэргэжлийн түвшинд авчрахад томоохон хувь нэмрээ оруулсан хэмээн салбарынхандаа тодорхойлогддог бөгөөд дуу, кино, жүжгийн урлагийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, олон зуун дуунуудын аялгуу, хөгжмийн найруулгыг хийсээр ирсэн юм. Тиймдээ ч 20 жилийн ойдоо зориулан тус студиэс төрөн гарсан “Сар шиг хол нутаг”, “Үзэсгэлэнт минь”, “Буруу эргэлт” киноны дуу, “Илчилж амжаагүй хайр”, “Хагацал үзээгүй хайр” зэрэг 40 гаруй хит дууг сонгожээ.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.190.242

Sain zaluu , arhi ih uudag baisan ch saihan zasarch, avyas gej eznee oloh yumaa, ogloltoo uzne ee

Avatar

Нэргүй 2024-10-15 202.179.25.216

Төрөө анддаа уран бүтээлийн өндөр аижилт хүсье!

Avatar

BX 2024-10-15 202.179.18.151

BX USA Яваагүй байсан бол одоо Болд шиг сайн уран бүтээлч болох байсан эндний мандах гээд авгай дарамт шахалт дээр нь BX өөрөө залуу хүүхэд дэмжлэг байхгүй толгой ажиллаагүй бас

Avatar

иргэн 2024-10-15 103.57.92.248

Мундаг байна,,,,,,,,эрхэм Дүүдээ амжилт хүсье Төрөө , Чамаар бахархадаг шүү,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж