Байгалийн баялгаа хуваарилах нийгмийн зөвшилцөл эхэллээ

Байгалийн баялгаа хуваарилах нийгмийн зөвшилцөл эхэллээ

Байгалийн баялгаа хуваарилах нийгмийн зөвшилцөл эхэллээ

Эрдэс баялгийн салбарын гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид цугладаг “Mining week 2024” арга хэмжээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын Н.Учрал Засгийн газрыг төлөөлж маш тодорхой нэг зүйлийг хэллээ.

Гол санаа нь, төр стратегийн ордуудын ногдол ашгийн 34-51 хүртэлх хувийг Хуримтлалын санд төвлөрүүлж, ард түмэнд хүртээх хэлэлцээг уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хийнэ. Хэлэлцээний баримт бичгийг УИХ эцэслэн батална. Ингэснээр стратегийн ордуудыг ашигладаг хувийн хэвшлүүдэд төрийн хувь эзэмшил, оролцоо тодорхой болж, ард иргэд ч баялгийн үр өгөөжөө хүртэж, төр ч хуулиа хэрэгжүүлж, баялгаа хуваарилах хамтын зөвшилцөл бий болох юм.

Төр засаг өчнөөн их баялгаа гадагшаа зөөгөөд л байдаг. Их мөнгө оллоо л гэдэг. Тэгээд жирийн иргэд бидэнд наалдсан нь хэд вэ, амьжиргаанд нэмэр болсон нь хаана вэ? гэдэг асуултад эрх баригчид саяхныг болтол өгөх хариултгүй байв. Ялангуяа, уул уурхайн нөлөөлөлд амьдарч, эрүүл мэнд, амьдрах орчны маш ноцтой асуудлуудыг хөнддөг ард иргэдтэй ойлголцоно гэдэг амаргүй ажил байсан. Энэ хэцүү даваатай явж явж уул уурхайн компани, орон нутаг л нүүр тулдаг. Тэгвэл одоо нийгэмд байгалийн баялаг тойрсон олон жилийн зөрчлийг зөвшилцөл болгох бодит алхмууд, санаачилгууд хэрэгжиж эхэлж буй нь энэ. Өөрөөр хэлбэл, ард түмэн баялагтаа эзэн болж, хувийн хэвшил бизнесээ хийж, төр зохицуулалтаа тодорхой болгож байна гэсэн үг.

Ард түмэн баялагтаа эзэн болох үзэл санаа 2019 онд Үндсэн хуулийн 6.2-т орсон нэмэлт өөрчлөлтөөр эхлэл нь тавигдаж, 2024 оны 5 дугаар сард бталсан Баялгийн сангийн хуулиар амь орж байна. Иргэд уул уурхайн орлогыг амьжиргаандаа наах, үр шимийг нь бодитоор хүртэх боломж бүрдэв. Алсдаа баялгийн тэгш хуваарилалт нь уул уурхайн компани олон нийтээс нийгмийн лицензээ авч, бизнесээ тогтвортой явуулах асуудлыг ч шийдэж байгаа.

Өмнөх парламентын баталсан Баялгийн сангийн хууль, түүнийг дагалдан Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтөөр иргэн бүрд уул уурхайн баялгийн өгөөжийг стратегийн ордууд дахь ногдол ашгаар шууд хүртээх зохицуулалт орсон. Монгол Улсын иргэн бүр нэр дээрээ хуримтлалын данстай болж, тэрхүү хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулах боломжтой боллоо. Дэлхийн банкнаас 2020 онд гаргасан “Уул уурхай ба оюун ухаан” судалгаанд Монгол Улс байгалийн баялгаас олсон орлогоо хүний хөгжилдөө зарцуулж, улс орноо хөгжүүлэхэд хүний нөөцийн капиталаа бүрэн дүүрэн ашиглахыг зөвлөсөн байдаг. Тиймээс ч эрүүл саруул, боловсролтой монгол хүнийг бий болгоход Хуримтлалын сангийн зорилго чиглэж байна.

Тус сангийн орлогыг стратегийн ордуудын төрийн эзэмшлийн 34 хувийн ногдол ашгаар бүрдүүлэх юм. Одоогийн байдлаар Хуримтлалын санд уул уурхайн төрийн өмчит компаниудаас 500 тэрбум төгрөг хуримтлуулаад байна. Үүнийг орон сууцны санхүүжилтэд зориулж, 5000 орчим өрх ипотекийн зээл авах боломжийг бүрдүүлсэн. Энэхүү 500 тэрбумын өгөөжөөс 290 тэрбумыг нь “Эрдэнэт үйлдвэр”, “Хөтөл цемент шохой”, “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ээс бүрдүүлжээ.

Хөшигний цаадахыг сөхөөд харвал өмнө нь энэ 3 үйлдвэр харилцан хамаарал бүхий этгээдүүдийн гарт төвлөрч, Монголын баялаг улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр байсан нь гашуун үнэн юм. Харин одоо бол улс, орон нутагт төлдөг татвар нь нэмэгдэж, ард иргэдийн амьдралд бодит өгөөж болон очиж буй нь Хуримтлалын сан юм.

Албан ёсны нээлттэй эх сурвалжийн мэдээллээс үзвэл 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолоор баталсан стратегийн 16 орд бий. Үүнээс 7 орд дээр төрийн хувь эзэмшилтэй компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа бол үлдсэн 9 дээр нь одоогоор 20 гаруй компани тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Стратегийн 16 ордоос олборлолтын үйл ажиллагаа явуулж, улсад татвар хураамж төвлөрүүлж байгаа нь Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайт, Бороо, Төмөртэй, Төмөртийн-Овоо, Шивээ-Овоо, Эрдэнэтийн-Овоо, Багануур гэсэн 9 орд байна. Эдгээр орд дахь төрийн хувь эзэмшил тогтоосон болон хувийн хэвшлийн уурхайнууд 2023 онд 2 их наяд гаруй төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын татвар төлжээ. Үүний 78 хувийг төрийн хувь эзэмшил тогтоосон уурхайнууд бүрдүүлсэн байна.

 

Дэлхий дахинд байгалийн баялгийг олборлох үйл ажиллагаа улс орны хөгжилд төдийгүй ард иргэдийн амьжиргаанд маш чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс ч энэхүү баялгийг эзэмшиж, ашиглах үйл явц, олж буй орлого ашиг, түүнийг хуваарилах үйл ажиллагаа ил тод байх ёстой гэсэн үзэл санаа бий. Нэг хувь хүний, нэг бүлэг этгээдийн гарт байгалийн баялгийг төвлөрүүлэх нь авлига, ашиг сонирхлын зөрчлийг дагуулж, эрх мэдлийг төвлөрүүлж, нийгэмд тэгш бус байдлыг бий болгож, улмаар нийт ард түмэн хохирч, улс орны нийтийн эрх ашиг зөрчигдөх эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс ч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчид, харилцан хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг ч ил тод байлгахыг шаарддаг. Үүгээрээ л уул уурхайн бизнес бусад салбарт бизнес эрхлэхээс ялгаатай. Хувийн хэвшлийн эрх ашгийг ярихаас илүү ард олны сайн сайхан байдал, улс орны эрх ашиг нэгдүгээрт тавигддаг.

 Энэ бүхнийг ойлгоогүй, мэдээгүй явснаас өнгөрсөн хугацаанд монголчууд бид байгалийн баялгийн хараалд өртсөн түүхий бий. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Тавантолгойн ордыг тойрсон “нүүрсний хулгайн” дуулиан. Үүнээс урагш Эрдэнэт үйлдвэр, Дархан төмөрлөгийн үйлдвэр гээд бас тоочоод, ухаад байвал байгалийн баялаг хэсэг бүлэг хүний гарт төвлөрч, засаглалын хямралд өртөж байсан цаг бий. Харин 2019 оны Үндсэн хуулийн шинэчлэл, Баялгийн сангийн тухай хууль, Нийтийн мэдэээллийн ил тод байдлын тухай хуулиудыг баталснаар баялгийн урсгалыг ил тод болгох, өгөөжийг нь ард түмэндээ хүртээхэд дэвшил гарсан юм.

Тиймээс л одоогийн Засгийн газар стратегийн ордуудаасаа олон түмэндээ өгөөж хүртээх хэлэлцээг хийхээр хувийн хэвшлээ уриалж байна. Үүнийг ч эхнээсэээ хувийн хэвшлийн төлөөлөл хүлээн авч байгаа нь сайшаалтай. Тухайлбал, зэсийн Цагаансуварга, нүүрсний Нарийнсухайтын стратегийн ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголын Алт МАК” ХХК есдүгээр сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн 6.2-т оруулсан нэмэлт өөрчлөлтийг талархан хүлээн авснаа илэрхийлээд, Засгийн газрын хэлэлцээ хийх урилгыг хүлээн авч байгаагаа нээлттэй илэрхийлжээ.

 

Гэхдээ энэхүү төрийн хувь хэмжээ тогтоох хэлэлцээ нь стратегийн ордууд дээр үйл ажиллагаа явуулахаар Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, мөн хувьцааныхаа 10 ба түүнээс дээш хувийг олон нийтэд арилжаалсан компаниудад хамааралгүй юм. Харин Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээ нь дуусгавар болсон, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгалийн баялаг хуваарилах нийгмийн зөвшилцлийг хийнэ.

Ашигт малтмалын хуульд орсон өөрчлөлтөөс харвал, зөвшилцлийн явцад стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ногдол ашгаар авах уу, АМНАТ-аар тооцох уу гэдгээ талууд харилцан тохиролцоно. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Тусгай зөвшөөрөл эзэмшигч УИХ-тай гэрээ байгууснаар гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлдөг улс төрийн тогтворгүй байдлыг зогсоож. Гэхдээ төр оролцож байна гээд компанийн удирдлагад өөрийнхөө хүмүүсийг тавих ямар ч сонирхол байхгүй. Гол нь Хуримтлалын дансанд ногдол ашиг орж байх нь бидний эцсийн зорилго юм” гэлээ.

Түүнээс биш гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх, хувийн хэвшлийг дээрэмдэх гэсэн алхам биш аж. Гагцхүү байгалийн баялгийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх Үндсэн хуулийн үзэл санаагаа шинэ Засгийн газар хэрэгжүүлж улс төрийн тохироо, эрх зүйн орчин нь бүрдсэн хэрэг. Энэ үед л монголчууд маань эв санаа нэгтэй байж, хуулийн дагуу байгалийн баялгаа эн тэнцүү дахин хуваарилах зөвшилцлөө хийгээд, цааш явах цаг ирээд байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-15 103.57.93.199

Борчуудад юм ирэхгүй дээ

Avatar

Өгөх нь авахаасаа илүү eрөөлтэй шүү. 2024-10-15 202.126.90.212

болж байна. маш зөв шүү. eр нь монголчууд минь уул уурхайн компани байгуулвал зөвхөн өөртөө хувьдаа зөвхөн гэр бүлийнхэндээ бүхийл ашигийг хамж хурааж цуглуулж шунаж бусдаас харамлаж болохгүй шүү. гэр бүлээрээ насаараа идээд ч барахгүй хөрөнгийг зөвхөн өөрсддөө зориулж тансаглаж үрж зарцуулж тэнэглэж болохгүй шүү. заавал бусдын төлөө зориулж сураарай. хармийг тарьвал хармийг хураана.өгөөмрөөр таригч нь өгөөмрийг хураана. EСҮС.

Avatar

Нэргүй 2024-10-15 202.131.225.53

Номтойбаяр, Оджаргалыг онилсон пост юм уу даа. Бусад хүмүүсийн нэр эцсийн өмчлөг дээр төдийлөн сайн гараагүй л байна.

Avatar

Нэргүй 2024-10-15 103.57.95.139

За Учрал гэж хүүкийг ааваа гэж дуудтлаа зусардсан төлгөн коммнунист сүүлийн үед Эрдэнэс таван толгой ХК-ийг гадаадын менежментийн багаар удирдуулна гэх гоё нэр томъёоны дор хятадуудтай нийлж бүрмөсөн ордоор нь цөлмөхөөр пи ар сошил баг болон тролл багаа ажлуулаад эхэлсэн байна лээ шүү. МУ ыг ганц тэжээж байгаа саалийн үнээг Сайханбилэгийн ЗГ ын үед нэг иймэрхүү аргаар идэх гэж байхад нь УИХ дарга З.Энхболд авч үлдэж байлаа. Одоо бол тийм хүн байхгүй шүү.

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.182.69

Ard tumnii huviig ogch chadahgui bol shuud huraa chadah hunden og

Avatar

Иргэн 2024-10-15 66.181.183.248

Найруулгыг нь харахад Англи хэл дээр бэлтгэгдээд Монгол хэл рүү орчуулсан нийтлэл шиг л байх юм даа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж