Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль өнгөрсөн Баасан гаригт /2024.10.11/ болсон. Энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн олонх нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын угшилтай байв. Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа 30 мянган төгрөгийн "Хүүхэд хөгжлийн карт"-аар хийсэн. Тэрбээр өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар 15-16 хувийн санал авчихаад, нийслэлийг удирдах гэж байна, түүгээр зогсохгүй ирц бага байсан нь АН ялагдсан хэмээн гомдоллов.
Тэрбээр "Ардчилсан намаа ялуулахын тулд нийслэл, аймаг, сумдаар явсан. Нийслэлийн намууд өөрсдөө дүүрэг дүүрэг дээрээ нэр дэвшигчдээ гаргаж ирсэн. Тэр надад ямар хамаатай юм бэ. Намаа дэмжиж ажиллах нь миний үүрэг. Орон нутгийн сонгуульд сул нэр дэвшигчид дэвшүүлсэн гэдэгтэй санал нийлэхгүй. Байгаа залуус маань тэр. Сонгуулийн хуулийг 2020 онд өөрчилсөн. Тэгээд 51 хувийн ирцийг байхгүй болгосон. Тав дахь өдөр сонгуулиа хийсэн.
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр дөнгөж 15-16 хувийн ялалт авчихаад бүхэл бүтэн нийслэлийг удирдах гэж байна.
Тэр 400 автобус, шахмал түлш, замын бродюрын асуудлаа ил тод болгох хэрэгтэй. Ардчилсан нам ялагдсан шалтгаан нь ирц хүрээгүй байх бодлогыг барьж ажилласантай холбоотой. Таван суудал авсан нь хангалтгүй үр дүн. Нийслэлийн Ардчилсан намын асуудал надад хамаагүй. Нийслэлийн ардчилсан нам хуралдаж даргын асуудлыг ярих байх" гэдэг байр суурийг илэрхийлжээ.
Угтаа бол нийслэлийн Ардчилсан намын сонгуулийг "далдуур" удирдаж, нэр дэвшигч бүрийн амны уншлага нь Х.Баттулгын дэвшүүлсэн "Хүүхэд хөгжлийн карт" байсан. Нийслэлд Ардчилсан намаас нэр дэвшсэн хүн бүр л хүүхдийн төлөө, хүүхдийн карт олгоно гэж амлалт өгч, сонгуулийн сурталчилгаагаа хийж сонгуульд оролцсон. Хэдийгээр ирц бага байсан ч санал өгсөн сонгогчдын олонх МАН-аас нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэсэн. Хэрэв ирц бага байгаад АН-аас нэр дэвшигчдийн дэвшүүлсэн хөтөлбөр, бодлого нь сонгогчдод таалагдсан бол нийт санал өгсөн иргэдийн олонх тэдэнд саналаа өгөх боломжтой байсан уу гэвэл боломжтой байсан. Эцэст нь, Х.Баттулга тэргүүтэй АН-ынхан сонгогчид руу, эсрэг нам руу буруугаа чихэж, гомдоллохоос илүү өөрсдөдөө дүгнэлт хийх нь зөв болов уу.
3,595.72






















































Холбоотой мэдээ