Хэнтий аймгийн байгууллагын дарга нарын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2024.03.27/ болж дараах байгууллагууд мэдээлэл хийлээ.Тодруулбал, онцгой байдлын байгууллага, цаг уур орчны шинжилгээний газар зэрэг мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өгөв.
ОБГ: Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам"-д зааснаар 03 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулна.
УЦУОШТ: Салхи 28-нд секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18 метр хүрч ширүүсэхийг анхаарууллаа.
Өндөрхаан Хот тохижилтын газар: Чингис хотын өнгө үзэмжийг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг байгууллага нэг цэцэрлэгт хүрээлэн” аяныг эхлүүлж, аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудад 11 цэцэрлэгт хүрээлэнг хуваарилсан бөгөөд зүлэгжүүлэх, мод тарих, хөшөө дурсгалыг сэргээн засах, хашаа хайс, засаж будах, цэвэрлэх ажлыг тогтмол хариуцаж ажиллахаар болсныг танилцууллаа. Мөн Хог хаягдлын тухай хуульд зааснаар байгууллага, ААН-үүд ойр орчмынхоо 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх үүрэгтэйг сануулсан юм.
Нийтийн эдэлбэр газар байршуулах хогийн сав нь хог хаягдлыг ангилах, ачих, цуглуулах технологид нийцсэн, галд тэсвэртэй материалаар хийгдсэн, хог хаягдал салхиар тархах, хур тунадасны ус хуримтлагдах, шүүрэл ялгарахаас сэргийлсэн байх шаардлагатай байдаг аж.
Тиймээс байгууллагууд энэхүү шаардлагыг хангасан хогийн савыг байршуулахгүй бол хог хаягдлыг зайлуулах боломжгүй гэдгийг мэдэгдлээ. Түүнчлэн хувийн хэвшлийн ААН-ийг хогийн сав байрлуулах шаардлага тавихаар Хэрлэн сумын ЗДТГ-тай хамтран ажиллахаар болсон талаар танилцууллаа.
ХХҮГ: малын сэг зэм устгалын ажилд аймгийн ажилгүй иргэдийг хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас урамшуулал олгохоор боллоо. Энэхүү ажилд аймгийн хэмжээнд 260 иргэнийг 10 хоног ажиллуулахад нийт 100 орчим сая төгрөгийн урамшуулал олгоно.
Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав цаг үеийн мэдээлэл өгснөөс гадна дараах чиглэлийг өглөө.
Үүнд байгууллага бүр орчин тойрныхоо хог хаягдлыг цэвэрлэж, хариуцсан цэцэрлэгт хүрээлэнгийнхээ цэвэр цэмцгэр байдалд анхаарах, мөн байгууллагын дарга нар шуурхай хуралдаан дээр тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж харилцан уялдаатай ажиллах, нийгмийн баталгааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээнд идэвхтэй оролцохыг тус тус анхааруулсан юм.
Холбоотой мэдээ