Долоо хоног бүрийн Даваа гаригт МАН болон Ардчилсан намын бүлэг 10:00 цагт хуралдах товтой байдаг. Тэгвэл өнөөдөр /2024.10.14/ намын бүлгүүд хуралдаанаа эхлүүлсэн байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Тэгвэл 2024 оны аравдугаар сарын 4-ний өдөр МАН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авсан юм. Тодруулбал, Төсвийн тухай хуулийг хэлэлцэх хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар “Улсын төсвийн тухай хуулийн холбогдох хэлэлцүүлгүүдийг зэрэгцүүлээд хэлэлцэх нь УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүсэж байна. УИХ нь Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг баталсны дараа Монгол Улсын төсвийг хэлэлцдэг дэгтэй. Монгол Улсын хөгжлийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг хаврын чуулганаар батлах ёстой байсан. Цаг хугацааны хувьд амжаагүй учраас намрын чуулган руу шилжсэн. Иймд хоёр ч хуулийн заалт зөрчихөөр байна. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 6.10.3-д Улсын төсөв нь улсын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна гэж заасан. УИХ-ын чуулганы тухай хуулийн 70.5-д улсын төсвийн төсөл нь улсын хөгжлийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт явуулна гэж тодорхой заасан байдаг.Тиймээс МАН-ын бүлгээс тав хоногийн засварлага авах хүсэлтэй байна" гэдгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд уламжилж, хүсэлтийг хүлээж авсан юм.
Холбоотой мэдээ