The League: Нээлтийн тоглолтуудаас юу ажиглагдсан бэ?

The League

The League: Нээлтийн тоглолтуудаас юу ажиглагдсан бэ?

The League: Нээлтийн тоглолтуудаас юу ажиглагдсан бэ?

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 30 дахь улирал нээлтээ хийлээ. 2024-2025 оны улирал урт удаан үргэлжлэх бөгөөд нийт гурван тойргийн тоглолтууд болно. Өөрөөр хэлбэл, нэг эрэгтэй баг 27 тоглолт хийж, плей-офф эхлэх учиртай. Лигийн нээлтийн хоёр өдөр олон ч гайхалтай тоглолт болж, багуудын зуны бэлтгэлжилт, шилжилт хөдөлгөөн харагдлаа. Нээлтийн тоглолтуудаас дараах зүйлс ажиглагдав.


ДАРХАН ЮНАЙТЕД ДЭЭД ЛИГИЙН БАГ БОЛЖЭЭ

Өнгөрсөн улирал гэнэтийн байдлаар дээд лигт дэвшиж, туршлага дутсан ч улирлаа аварч үлдэж чадсан Дархан Юнайтед нээлтийн өдрийн эхний тоглолтыг зүсээ хувилгасан BCH Knights-ийн эсрэг тоглож, 85-81 гэсэн харьцаатай хожлоо. Юнайтедаас Тай Харди 30 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлэв.

Дархан Юнайтед лигийн зөөлөн боорцог биш плей-оффын баг болох шинжтэй. Лигийн эргэн сэргээсэн дүрэм болох талбайд нэг багийн хоёр легионер тамирчин гарч болно гэсэн дүрэм ч Юнайтедад өгөөжтэй харагдсан. Хардигаас гадна Терран Пелтевэй 18 оноо авчээ.

Мөн драфтаас сонгосон М.Ивээлт хүү тун сайн тоглосон. Лигийн дебютдээ найман оноо авч, гараагаа сайн тавив. Тэрбээр ердөө нэгхэн улирал оюутны лигт тоглоод дээд лигт дэвшиж байгаа нь энэ. Энэ янзаараа тэд энэ улирал олон ч багийн толгойны өвчин, шүдний хорхон болох биз. Дасгалжуулагчийн суулгасан систем, арга барил энэ улирлаас хэрэгжиж эхлэх шиг.

Ц.ЭРДЭНЭБАЯСГАЛАН, KNIGHTS ХОЁР БУРУУ ХӨЛ ДЭЭРЭЭ БОСОВ

Гарьд нэрээ сольж, фэнүүдээ гонсойлгосон Knights улирлыг хожигдлоор эхлүүлэв. Угтаа улирал эхлэхийн өмнө тэднийг цаасан дээрх хамгийн хүчирхэг баг гэж тодорхойлоод байсан юм. Арга ч үгүй. Бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлж, Пендарвис Уиллиамсыг Уурхайчидаас авч, А.Тэмүүжин, Г.Билгүүн нараа эргүүлэн авчирсан учир тэгж хэлэх учиртай.

Гэтэл талбай дээр өөр зүйлс өрнөв. Магадгүй шинэ дасгалжуулагч нээлтийн тоглолтод туршлагүйтсэн биз. Knights-ийг энэ улирлаас эхлэн Ц.Эрдэнэбаясгалан дасгалжуулж байгаа. Түүнийг сагсан бөмбөг сонирхогчид тайлбарлагч, аналист, NBA Talk-ийн хөтлөгч гэдгээр нь илүү мэднэ. Лигт ч багагүй хугацаанд туслах дасгалжуулач хийсэн нэгэн.

Удахгүй Пенни шинэ багтаа уусч эхлээд Ваверли Остин нь учраа олчихвол аваргын төлөө өрсөлдөх баг болно. Сайн мэдээ нь О.Эрдэнэцогт нээлтийн тоглолтод 25 оноо авч, энэ улиралд бэлэн гэдгээ харуулав. Сагсан бөмбөг сонирхогчид түүнийг "Тэргүүн тоглогч" болоосой гэж их хүсдэг. Харин энэ улирал тэр алдрын төлөө дайралт хийх шинжтэй харагдана.

 О.ХУЛАН БАЙХГҮЙ Ч Н.НАНДИНХҮСЭЛ ЭРГЭН ИРЭВ

Амазонсын лидер О.Хулан Хятадын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дээд лигийг зорьж, багтаа том орон зайг үлдээсэн. Гэхдээ Н.Нандинхүсэл АНУ-аас ирж, түүний үлдээсэн орон зайг нөхөж байна. Үүнийгээ нээлтийн тоглолтод ч харуулж, аваргуудыг буулган авав.

Улирлын төгсгөлд финалд ч таарахыг үгүйсгэхгүй хоёр багийн тоглолтод Хүлэгүүдээсс М.Булбул, Амазонсоос Б.Ариунцэцэг сайн тоглож, тус бүр багаа тэргүүлжээ.

Амазонс алдсан аваргын цомоо эргүүлэн авчрахаар гадаад дасгалжуулагч, легионер тамирчнаар бүрэлдэхүүнээ зузаатгасан. Тэдний шинэ цэрэг Грэйс Берг дебют тоглолтдоо 22 оноо авсан аж. 

ХҮЛЭГҮҮДИЙН ШИЛЖИЛТИЙН ҮЕ ИРЖЭЭ

Аваргуудын өнгөрсөн улирал эхлүүлсэн төсөл энэ улирлаас эхлэн үр дүнгээ бүрэн харуулах учиртай. Нээлтийн тоглолтод залуучуудад ч хангалттай боломж олгож, минут өгөв. Бидний мэдэх Б.Билгүүн, Д.Мөнхтүвшин нар сэлгээнээс тоглолтод оролцож, хийдгээ хийцгээлээ. Энэ өөрчлөлт зөвхөн нээлтийн тоглолтод зориулсан тактик байв уу эсвэл цаашдаа залуучууд гараанд гарах уу? Ийм асуулт гарч ирсэн. О.Сэргэлэн гараанд гарсан ч сэлгээнээс Б.Барсболд түүнээс хамаагүй олон минутыг талбайд өнгөрүүлснийг харахад Хүлэгүүдийн шилжилтийн үе эхэлжээ.

А.Ананд энэ улиралд бүтэн тоглохгүй байх магадлалтай. Тэрбээр 3х3 сагсан бөмбөгтөө бүрэн анхаарлаа төвлөрүүлнэ.

Г.БОЛОР-ЭРДЭНИЙН ИРЭЭДҮЙ ХЭРХЭХ ВЭ?

Бишрэлт Металл багийн нээлтийн тоглолтын мэдүүлэгт Г.Болор-Эрдэнэ бүртгэлтэй байсан ч тэрбээр тоглолтод оролцсонгүй. Эрдэнэтийн Уурхайчид болон Бишрэлт Металл багууд түүнийг булаалдаж, багагүй шуугиан дэгдээсэн. Одоог хүртэл Г.Болор-Эрдэнэ аль багийн өмсгөлтэй тоглох нь эргэлзээтэй байна. Түүнгүйгээр Бишрэлт Металл, Эрдэнэтийн Уурхайчид хоёулаа нээлтийн тоглолтдоо хожигдсон.

ТЭРГҮҮН СОНГОЛТУУД ЭРС ТЭС ТОГЛОВ

Дээд лиг өнгөрсөн улирлын төгсгөлд драфтыг эргэн сэргээж буйгаа зарласан. Эргэн ирсэн драфтын эрэгтэй тэргүүн сонголтоор ТЛЖ баг М.Чинхутгыг сонгож байсан бол эмэгтэй тэргүүн сонголтоор Старс баг Н.Минжирмааг сонгож байлаа. Тэгвэл тэд нэг өдөр дебютээ хийлээ.

Старс баг гэнэтийн шийдвэрээр Н.Минжирмааг Аравт баг руу явуулсан. Шинэ багийнхаа төлөө Н.Минжирмаа есөн оноо, найман самбар авч, багаа хожилд хөтөлсөн.

Харин М.Чинхутгын лигийн эхний тоглолтыг нэг үгээр илэрхийлвэл "Бүтэлгүйтэл" байлаа. Хүлээлт үүсгээд байсан тэрбээр эхний тоглолтдоо ердөө гурав гаруй минутыг талбайд өнгөрүүлж, ганцхан оноо авчээ. Ердөө хоёрхон довтолгооны оролдлого хийсэн гэнэ. Гэхдээ баг нь Уурхайчидыг буулган авчээ.

УУРХАЙЧИД БҮГДИЙГ ТЭГЭЭС

Байгуулагдсан цагаасаа л аваргын төлөө өрсөлдөж, том амбицтай байсан Уурхайчид сэргээн босголт руугаа оржээ. Бүрэлдэхүүний ихэнхи хэсгийг залуучууд бүрдүүлж, Г.Баттөр, Н.Золжаргал, П.Болортулга, Э.Дорж-Арилд гэсэн хашир туршлагатай архагууд манлайлах гэнэ. Мөн Г.Насанжаргал тэдэнтэй нэгджээ. Нэгдсэн дээд лигээр Хүлэгүүд аварга авахад түүний нөлөө үлэмж байсныг санах хэрэгтэй. Харамсалтай нь өнгөрсөн улирал доод үеийн дүү нартаа дарагдаж, хангалттай минут олж чадаагүй. Тэрбээр нээлтийн тоглолтод 20 оноо авч, багаа тэргүүлжээ.

Түүний адилаар А.Батхуяг ч С.Тулга дасгалжуулагчтайгаа эргэн нэгдэж, сайн тоглолтоо гаргав. Тэрбээр 21 оноо авч, багаа хожилд түүчээлжээ.

ХЭММОНДС, ХАРРИС ХОЁР ЭРГЭН ИРЭВ

Дээд лигт хамгийн удаан тоглож буй легионеруудаар Маркус Хэммондс, Энтони Харрис нар тодорно. Энтони Харрис бол бараг л Монголд суурьшиж, улирал бүрт л тоглож байна. Хэммондс бол цагтаа дээд лигт дийлдэшгүй нэгэн байсан. Тэд дахин хамтдаа ТЛЖ-ийн төлөө зүтгэхээр болов. С.Тулга дасгалжуулагчийн залуус ямар аюултай вэ гэдгээ өнгөрсөн улирал хангалттай харуулж, плей-оффын үзүүрээс атгаад алдсан. Харин энэ улирал плей-оффд орж чадах болов уу?

БИЗОН Ч АВАРГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ БАГ

SG Apes-ийн цаг ирлээ гэж сагсан бөмбөг сонирхогчид ярьж байна. Тэдэнд цалин хангамж, хөрөнгө оруулалт, нөөц бололцоо, ур чадвар гээд бүхий л зүйлс байна. Байгуулагдсан цагаасаа л аваргын ярианд нэр нь ордог. Гэхдээ бодит байдал дээр хараахан чаддаггүй. Харин энэ улирал өөр байх болно гэж фэнүүд нь итгэж байна. Уурхайчид сэргээн босголт руугаа орж, Хүлэгүүдийн шилжилтийн үе тохиож байна. Ингээд үзэхээр Apes-ийн л тохироо бүрдсэн юм шиг.

Гэвч өчигдөр өөр дүр зураг харагдлаа. Бид Бизон гэдэг багийг мартах учиргүй. Багийн гол лидер Т.Санчиргүй атлаа Apes-ийн үйл тамыг нь цайж, нэмэлт цаг руу оруулав. Гадаад дасгалжуулагчийн арга барил тохирч байгаа шинжтэй. Росс гэдэг легионер нь ч сайн байлаа. Дебют тоглолтдоо 34 оноо авчээ. Энэ янзаараа илт сайжирвал Налайх Бизон аваргын ярианд хүч түрэн орж ирнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-14 66.181.183.10

ЭХНИЙ ГАНЦ ГАНЦ ТОГЛОЛТООС ДҮГНЭЖ БОЛОХГҮЙЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж