Нэг хэсэг олны анхааралд өртөж, хэл амны бай болсон Өмнөд Солонгосын волейболын тамирчин Лий Да Ён спортдоо эргэн ирлээ. Түүний хувьд ихрийн хамтаар дунд сургуульд байхдаа үеийнхээ хүүхдүүдийг дээрэлхдэг байсан нь илчлэгдэж, шигшээ багаасаа хөөгдсөн түүхтэй.
Тэгвэл Лий Да Ён АНУ-ын мэргэжлийн волейболын холбооны Сан Диего Мохо багт нэгджээ. Түүний хувьд АНУ-ыг зорихоосоо өмнө Грекийн Паниониос багт түр хугацаанд тоглох аж. Паниониос багийн мэдэгдэлд "Өмнөд Солонгосын шигшээ багийн од Лий Да Ён Грект ирлээ. Тэрбээр Сан Диего Мохогоос зорихоосоо өмнө энэ оныг дуустал Паниониос багт тоглоно" гэжээ.
Лий мэргэжлийн волейболын анхны тоглолтоо 2014 онд Хюндай Инжинерин, Констракшн багийн төлөө хийж байв. Түүнээс хойш шигшээ багийнхаа гол тоглогч болсон билээ. Тэрбээр өмнө нь Грекийн лигийн Паок, Румыны Рапид Бучуре, Францын Волеро Ле Каннет зэрэг багуудад тоглож байсан. Харин Лий Да Ёны эгч Лий Жа Ёны хувьд ахлах сургуулийн хүчирхийллийн скандалаас болж, энэ оны эхэнд зодог тайлж буйгаа зарласан билээ.
Сан Диего багийн дасгалжуулагч Таиба Ханиф-Парк ярихдаа "Ли Да Ён бол хурдан довтолгоо, хаалтын давж цохидог цохилтуудаараа танигдсан нэгэн" гэжээ.
2021 онд Солонгосын оддын ахлах, дунд сургуульдаа үйлдэж байсан хүчирхийллийн хэргүүдийг илчлэх хөдөлгөөн өрнөсөн. Улмаар Да Ён, Жа Ён нарын хохирогчид гарч ирсэн. Ихрүүдэд дээрэлхүүлж байсан нэгэн хохирогч цахим сүлжээнд “Одоогийн байдлаар тэдэнд дээрэлхүүлж байсан дөрвөн хохирогч байна. Гэхдээ илүү олон хохирогч байгаа. Бид насаа хэлэхгүй. Мөн өөрсдийгөө илчлэх зүйл хэзээ ч хийхгүй. Бид 10 жилийн өмнөх хар бараан дурсамжаа санахгүй байхыг хичээсэн. Гэвч тэдний цахим сүлжээнд оруулсан бичлэгийг хараад мартахгүй байж чадсангүй. Уг нь тэднийг одоо илүү төлөвшсөн байх гэж бодсон юм” хэмээн бичжээ.
Өмнөд Солонгосын волейболын холбооноос тухайн үед мэдэгдэл гаргаж, ихэр тамирчдыг ирэх Токиогийн олимп болон 2021 оны үндэстнүүдийн лигт оролцох бүрэлдэхүүнд багтаахгүй гэдгээ мэдэгдсэн түүхтэй.
Холбоотой мэдээ