Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор (PhD), дэд профессор А.Энхбаттай ирэх оны төсвийн төслийн талаар ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ. Гадаад талдаа зээлжих зэрэглэл өссөн гэх сайн мэдээ дуулдаж байна?
-Оны эхний есөн сарын байдлаарх эдийн засгийн нөхцөл байдлын статистикийн тоо, баримтууд бүрэн гүйцэд гараагүй байна. Магадгүй энэ долоо хоногийн дундуур гарч, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд мэдээлэгдэнэ. Гэхдээ макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг ерөнхий байдлаар харахад бодит ДНБ-ний хэмжээ эхний хагас жилийн байдлаар 5.6 хувийн өсөлттэй, гадаад төлбөрийн тэнцэл сайжирч, улсын төсвийн тэнцэл ч ашигтай гарч байна. Мэдээж үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл бол гадаад валютын орох урсгал буюу нийт экспорт тэр дундаа нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж байгаа нь нөлөөлсөн. Инфляцийн түвшин харьцангуй тогтвортой нэг орон тоотой бага байна. Гадаад валютын албан нөөцийн хэмжээ өссөн, гадаад өрийн дарамт багассан, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшууд тогтвортой зэрэг үзүүлэлт ажиглагдаж байна. Төв банкнаас явуулж буй мөнгөний бодлого харьцангуй уян хатан тогтвортой байна. Мөн саяхан улс орнуудын зээлжих зэрэглэлийн түвшинг тогтоодог олон улсын компаниуд манай улсын зээлжих зэрэглэлийн түвшинг ахиулсан. Тухайлбал, ФИТЧ (Fitch) агентлаг “В” түвшингээс “В+” түвшин болгон өсгөсөн, Мүүдис (Moody’s) компани мөн “В+” тогтвортой түвшин болгон өөрчилсөн. Үүнийг дагаад зарим арилжааны банкуудын зээлжих зэрэглэлийн түвшин бас сайжирсан байна.
Гэсэн хэдий ч Монгол Улсын эдийн засаг гадаад талаас үзүүлэх шокт өртөмтгий, эмзэг, дан ганц уул уурхайн салбар тэр тусмаа нүүрсний зах зээлийн эрэлт, нийлүүлэлт үнэ болон нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүчний хомсдол зэргээс ихээхэн хараат байдалтай байсаар байгааг анхаарах ёстой.
-Нүүрс бол Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг гол түүхий эд. Тэгэхээр нүүрсний үнийн өсөлт, бууралт бидэнд маш чухал мэдээ байдаг. Энэ жилийн хувьд экспорт өссөн ч, үнэ бага зэрэг буурсан. Цаашдид Хятадын зах зээлд нүүрсний үнэ тогтвортой байж чадах болов уу?
-Монгол Улсын нийт гадаад худалдаанд гэлтгүй эдийн засгийн бүтцэд уул уурхайн салбарын эзлэх хувь, хэмжээ сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд давамгайлж ирсэн. Энэ нь нэг талаараа энэхүү уул уурхайн салбараас бий болгосон нөөц баялгийг эдийн засагтаа зөв оруулж, ашиглан удирдаж чадсан бол дунд болон урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох боломж нөхцөл бүрэн байсан. Харамсалтай нь өнгөрсөн жилүүдийн бидний түүх ямар байсныг хариулт өгөхгүйгээр бүгд мэдэж байгаа. Чулуун нүүрсний экспортын нийт биет хэмжээ 2014 онд 19.4 сая тонн байсан бөгөөд 2015, Covid-19-ийн үе 2020, 2021 оныхыг тооцохгүй бол байнгын өсөлттэй, 2022 онд 31.6 сая тонн, 2023 онд 66.7 тонныг тус тус экспортолсон, 2024 онд 78 сая тонныг экспортлохоор төлөвлөж байна. Энэ оны эхний есөн сарын гаалийн статистикийн мэдээнээс харахад 61.2 сая тонн нүүрс, үүнээс чулуун нүүрс 59.1 сая тонн, хүрэн нүүрс 2.0 сая тонн тус тус экспортолжээ. Эндээс харахад өмнөх оноос нүүрсний экспортын биет хэмжээ давах боловч, зорилт болгож байгаа түвшиндээ арай хүрэхгүй байх магадлал байна.
Харин үнийн түвшингийн хувьд 2023 онд чулуун нүүрсний нэг тонны борлуулалтын дундаж үнэ 131 ам.доллартай тэнцэж байсан бол энэ оны байдлаар 112 ам.доллар болж буурч байна. Цаашдаа дэлхийн зах зээлийн нүүрсний үнэ буурах хандлагатай байгааг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд мэдээлж байна.
Мэдээж нүүрсний үнийн өсөлт бууралт нь БНХАУ-ын эдийн засгийн төлөв байдал болон үл хөдлөх салбарын уналт сэргэх эсэх, нүүрсийг гол хэрэглэгч гангийн үйлдэрлэлийн эрэлт өсөх эсэхээс ихээхэн хамаарч байна. Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн бодлогын нэг гол зорилго нь сэргээгдэх эрчим хүч, ногоон эдийн засгийн дэмжих бодлогын хүрээнд нүүрсээр ажилладаг үйлдвэрүүдээ багасгах, зогсоох, байхгүй болгох арга хэмжээг түлхүү явуулах бодлого барьж байгаа нь нүүрсний зах зээлийн эрэлт буурах, үүнийг дагаад үнэ буурах нь ирээдүйд бий болох эрсдлийг Монголд авчирч байна.
СОНГУУЛИЙН ЖИЛ ТӨСВИЙН САХИЛГА БАТ АЛДАГДДАГ
-Энэ жил УИХ болон аймаг орон нутгийн сонгууль болж өндөрлөлөө. Сонгуультай жилийн төсөв үргэлж тэлэлттэй байдаг. Сонгуульд зориулсан төсөв гэж нэрлэдэг. Сонгуулийн дараа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, инфляци хөөрөгдөх эрсдэлтэй гэдгийг судлаачид хэлж байсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын янз бүрийн сонгуулийн циклийн үед, тухайн жил дэх төсвийн зарлага байнга нэмэгдэж байна. Сүүлийн бүх сонгуулийн жилийн төсвийн зарлагыг харахад. Энэ нь Монгол Улсад нэн хортой үзэгдэл болж хувирсан. Өөрөөр хэлбэл, нийтийн санхүү, төсвийн хөрөнгийг сонгуулийн үйл ажиллагаанд янз бүрийн арга хэрэгслээр дамжуулан өөрийн нам, улс төрийн хүчин, тойрогтоо ашиглах байдал түгээмэл болж хувирсан. Жишээ нь, аль нэг Засгийн эрх авсан улс төрийн хүчин бүхэлдээ сонгуульд зориулан тухайн жилийн батлагдсан нийтийн төсөв, санхүүг зарцуулах, ашиглах, аль нэг яам, агентлагын газрын дарга, сайд нар өөрийн төсвийн багцийн төсөв, хөрөнгө, харьяа байгууллагын ажилтан албан хаагчдыг сонгуулийн үйл явцад ашиглах асуудал түгээмэл болсон. Үүнийгээ зүй ёсны гэж тэд үздэг.
Төсвийн зарлагын тэлэлт нь сонгуулийн амлалт болон түүний гүйцэтгэлийг хангах, сонгуулийн өмнө цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх, өр зээлийг хөнгөлөх, тэглэх, янз бүрийн татварын хөнгөлөлт, тодорхой хэсэг, сегмент, бүлэг хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр даах, янз бүрийн нэртэй хөтөлбөрт зориулж зээл хэлбэрээр мөнгө тараах гэх мэт арга хэмжээнүүд нь багтаж байна.
Энэ үед л төсвийн сахилга бат алдагдах, хариуцлага сулрах байдал илүү их хэмжээтэй болж байдаг. Энд Авилгалтай тэмцэх байгууллага, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар мэдсэн ч мэдээгүй юм шиг дүр эсгэх, мэдэж байсан ч юу ч хийж чаддаггүй ийм л тогтолцоотой болчихсон. Үр дүн нь инфляци нэмэгдэж, төсвийн үр ашиггүй зардал ихсэнэ, ил далд төсвийн хулгай луйвар, авлигал цэцэглэн хөгжих хөрсний бордоо нь болж хувирдаг.
-УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэж эхэлж байна. Ирэх онд 35.7 тэрбум төгрөгийн зарлага гаргах тооцоолол оруулж ирлээ. Төсвийн зарлага сүүлийн жилд хэд орчим хувиар нэмэгдэв?
-Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 2024 оны төсвөөс 5,307.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 35,795.2 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. Үүнд: Урсгал зардал 26,036.4 тэрбум, хөрөнгийн зардал 9,803.8 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх цэвэр зээл 45.0 тэрбум төгрөг байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад төсвийн нийт зарлага жил ирэх тусам нэмэгдэж байна. 2017 онд нийт зарлагын дүн 9.0 их наяд төгрөг байсан бол жил ирэх тусам хоёр их наяд төгрөгөөс найман их наядаар нэмэгдүүлэн зарцуулж байна. Тухайлбал, төсвийн нийт зарлага 2023 онд 22 их наяд төгрөг байсан 2024 онд 30 их наяд төгрөг болж 8 их наядаар, тус 2025 оны төсөвт 35 их наяд болж энэ оны төлөвлөж байснаас таван их наядаар нэмэгдэхээр тооцоотой байна. Өөрөөр хэлбэл, жил бүр 20 хувиас 35 хувиар нэмэгдэж байна.
ГАЗРЫН ДООРХИ БАЯЛАГТАА ХЭТ ИХ ДУЛДУЙДСАН 30 ЖИЛИЙГ ӨНГӨРҮҮЛСЭН
-Улсын төсөв тэлэхийн хэрээр нийгэм эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл бий болгож чадаж байна уу. Эсвэл улсын төсөв тэлэхийн хэрээр улс орны эдийн засаг тэлэх биш улстөрчдийн халаас түнтийгээд байна уу?
-Хүн ам цөөтэй, газар нутаг том, гэхдээ жижиг нээлттэй зах зээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөнд хэт өртөмтгий, баялаг бүтээх гэхээсээ илүү газрын доорхи ашигт малтмалаа зарж амьдардаг, гадаад орчны зах зээлээс хэт хамааралтай, хоёр том гүрний дунд оршдог ийм манай орон шиг улс дэлхийд бараг байхгүй байх. Өөрөөр хэлбэл газрын доорхи эрдэс баялгаа зарж борлуулдаг, нөөц нь шавхагдаж байгаа, хөдөө аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлтөнд хэт өртөмтгий, гадаад зах зээлээс хэт хамааралтай, тэр нь ердөө хоёр хөрш орны хувьд онцгой, улсын салбарын санхүүгийн удирдлагын тогтолцоо нь сул, 1990 ээд оноос хойш макро эдийн засгийн бодлого тэр дундаа төсвийн бодлого нь хариуцлагагүй сул явж ирсэн Азийн нэг жижигхэн ядуу улс. Газрын доорхи эрдэс баялагаа зарж, борлуулсан орлогоо хуваарилахдаа нийгмийн халамж, цалин тэтгэмж гэх мэт баялаг, бүтээмж бүтээдэггүй салбарт илүү анхаарсан, өрөндөө баригдсан, ажилгүйдэл, тэр дундаа залуучуудын ажил эрхлэлт бага, гадаад шилжилт хөдөлгөөн ихтэй, хүн амын талаас илүү нь ядуурал түвшинд ойрхон, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас байнга гуйлга, зээл тусламж авч ирсэн, төр нь нийтийн албан хаагчид нь хариуцлага хүлээдэггүй, шүүх засаглал сул, авилгалд их өртсөн 30 жил өнгөрсөн. 1990 оноос хойш бүтэн 30 гаруй жил зарцуулж байж, нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ дөнгөж 6000 ам.долларт хүрсэн. Ерөнхий дүр зураг ийм л байна.
Учир нь газрын доорхи баялагтаа хэт их дулдуйдсан, түүнээс орж ирэх орлогодоо хэт их найдсан, түүнийгээ барьцаалан гадаад өр их тавьдаг, орж ирсэн валютын орлогоо хадгалдаггүй, эсвэл шинэ үйлдвэр барихад зарцуулдаггүй, орлого орохын хэмжээгээр зарлагаа ихэсгэдэг, түүнээс ашиг хонжоо олох үндсэн зорилготой нийтийн төрийн албан хаагчидтай ийм улс орнууд дэлхийд 1960-1990 онд Ойрхи дорнод, Дундад ази, Африкийн улсуудад байсан нийтлэг үзэгдэл. Эдгээр улс орнууд хөгжсөн түүх ерөөсөө байдаггүй.
–Монгол Улс 2024 онд 83 сая тонн нүүрс, ирэх онд ч мөн ийм хэмжээний нүүрс экспортлох төсөөлөлтэй байна. Гэтэл хилийн боомтуудын бойм тайлагдаагүй буюу төмөр замын гарцуудаа БНХАУ-тай холбож чадаагүй байна. Нүүрсний эрэлт хятад талдаа ийм өндөр байх боломж байгаа юу?
–Саяхан Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс гаргасан судалгаанаас харж байхад “2012 онд БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээн дэх нүүрсний эзлэх хувь 66 байсан бол 2023 онд 53 хувь болж буурсан гэж дурдсан байсан.Өөрөөр хэлбэл Хятад улс эрчим хүчинд хэрэглэх нүүрсний хэрэглээгээ бууруулж байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн гаргасан судалгаагаар Хятадын нүүрсний хэрэглээ 2025 он гэхэд оргил үедээ хүрч, улмаар цаашид буурч эхлэх ба 2050 он гэхэд оргил үеийнхээс 50 хувиар бага байх болно гэсэн тооцоо хийсэн байна.
Хятадын нүүрсний хэрэглээ 2025 онд оргил цэгтээ хүрч цаашид буурахад нөлөөлж буй гол хүчин зүйл нь эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч эрчимтэй хөгжиж байгаа явдал бөгөөд цахилгаан машины өргөн хэрэглээ нь газрын тосны эрэлтийг мөн сааруулж байна.
Хятадын нүүрсний хэрэглээг 2022 оны байдлаар авч үзвэл 4.2 тэрбум тонн байна. Үүний 2.35 тэрбум тонныг цахилгаан станцад, 1.93 тэрбум тонныг үйлдвэр, хөдөө аж ахуйд ашиглаж байгаа ажээ. Хятадын нүүрс хэрэглэгч гол салбаруудаас барилгын салбар таагүй дүр зурагтай байна. 2024 оны нэгдүгээр Хятадын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компани Evergrande Group-ийг татан буулгах шийдвэрийг Хонконгийн дээд шүүх гаргасан. Үл хөдлөх салбарын хөөс хагарч, цаашид бусад барилгын компаниудад нөлөөлбөл энэ жилийн нүүрсний салбарын эрэлтэд дам нөлөө үзүүлж болзошгүй” гэж дурджээ. 2022 он болон 2023 онд БНХАУ-д экспортолсон нүүрсний экспортын биет хэмжээ эрс нэмэгдсэн нь 2023 онд Хятадын тал нүүрсний ипортын гаалийн татварыг тэглэсэн холбоотой байна. Нөгөө талаар Хятадын нүүрсний импорт 2023 онд огцом өссөн шалтгааныг шинжээчид тайлбарлахдаа Индонез, Орос, Монгол, Австралиас авсан импорт ихээхэн нөлөөлсөн бөгөөд “2023 оны эхээс Монголын нүүрсний гаалийн бүрдүүлэлт саадгүй болж нэмэгдсэн, мөн Орос нүүрсээ Ази, Номхон далайн бүс нутаг руу их хэмжээгээр гаргасан”. Түүнчлэн 2022 оны Орос, Украины зөрчилдөөн нь олон улсад нүүрсний үнэ өсөхөд хүргэснээр нүүрс экспортлогч уурхайнуудын үйлдвэрлэлийг идэвхжүүлж, мөн Европт нүүрс нөөцлөх явдал харьцангуй идэвхэжсэн, гэхдээ 2022 онд дэлхий нийтээр боломжийн дулаан өвөл болсон тул Европ болон Ази Номхон далайн бүс нутагт ихээр нөөцөлсөн нүүрс хэрэглэгдээгүй үлдсэн, ингээд 2023 онд барууны орнуудын эрэлт их биш, нөөц сайтай байсан тул нүүрсний эргэлт Ази Номхон далайн бүс нутаг руу шилжсэн гэж дүгнэсэн байна.
Хятад Улс 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс нүүрсний импортын тарифаа сэргээсэн. Гэхдээ Австрали, Индонезиос импортолж буй нүүрс нь гэрээний дагуу татварын хувь хэмжээ "тэг" хэвээр байгаа аж. Харин Монгол, Орос, АНУ, Өмнөд Африкийн тухайд нүүрсний импортын татвар үйлчлэнэ гэсэн судалгаа байгаа.
ОХУ өнөөдөр Европ тивд зах зээлийн хоригт орсон, энэ утгаараа нүүрсний экспортоо Хятад улс руу ихээхэн хэмжээгээр нийлүүлэх болсон, Ойрхи дорнод болон Орос-Украйн дайны байдлаас шалтгаалан дэлхийн эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орох нь зайлшгүй байгаа нь эрсдлийг байгааг улам баталгаажуулж байна.
ГАДААД ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ ДНБ ХАРЬЦУУЛСАН ХАРЬЦАА ЗОХИСТОЙ ТҮВШИНД БАЙНА
-Төсвийн орлого төсөөлөлдөө хүрэхгүй бол алдагдлын хувь хэмжээ нэмэгдэж, гадаад өр зээлийн хэмжээ нэмэгдэнэ. Гадаад өрийн эрсдэл юу болж байна?
-Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2025 оны улсын нэгдсэн төсвийн төсөлд тусгагдсан төсвийн орлого нь гадаад зах зээлээс, тээвэр ложистик гэх мэт хүчин зүйлүүдээс шалтгаалан тасрах бол, жишээ нь 1 тонн нүүрсний үнэ 85 ам. доллар хүртэл буурах тохиолдолд энэ хэмжээгээр төсвийн орлого тасрах бөгөөд төсвийн нийт тэнцэл алдагдалтай гарах болно. Ингэсэн тохиолдолд алдагдлын эх үүсвэрийг заавал олж нөхөх зайлшгүй шаардлага гарна. Хэрвээ Засгийн газар төсвийн алдагдлаа Төв банк, арилжааны банкнуудаас зээл авч нөхвөл шинээр мөнгө хэвлэн гаргасантай адил эдийн засаг сөрөг үр дагавартай. Инфляцийг өдөөх болно. Хэрвээ Засгийн газар Чингис бонд, Самурай, Хубилай гэх мэт урьд гаргаж байсан богино хугацаатай өндөр хүүтэй арилжааны зээл авч нөхбөл гадаад өрийн дарамт болон төлбөрийн дарамтанд орох эрсдлүүдийг дагуулах болно. Өмнөх 2-3 жилийн болсон үйл явц давтагдана. Өнөөдрийн байдлаар гадаад өрийн үлдэгдэл ДНБ харьцуулсан харьцаа зохистой түвшинд байгаа. Өөрөөр хэлбэл, ДНБ-ний 60 хувиас бага буюу 44 гаруй хувьтай байна.
Эцсийн арга хэмжээ бол Засгийн газар өөрийн мэдлийн баялаг бүтээдэггүй, гэхдээ эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, зэвсэгт хүчин, онцгой байдал, хууль сахиулах хүчнээс бусад салбар байгууллагуудын өмчийг худалдах, төрийн бус байгууллагуудад чиг үүргийг шилжүүлэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.Үүнээс мөнгө хөрөнгө босгох боломж бий.
-Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зорьж ирэх оны төсвийг хөгжлийн төсөв гэж тодорхойлж байна. Өмнө нь төсвийг ихэвчлэн эдийн засагт эргээд үр өгөөж өгдөггүй хөшөө дурсгал, соёлын төв гэх мэт бүтээн байгуулалтад зарцуулах тохиолдол гарч байсан. Харин ирэх онд Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зорьж ирэх оны төсвийг хөгжлийн төсөв гэж тодорхойлж байна. Хэрэг зэрэг итгэл үнэмшил төрүүлж байна вэ?
-Олон улсын түвшинд “мега” гэсэн тодорхойлолттой төсөлд 1.0 тэрбум доллараас дээш өртөг бүхий, дэд бүтцийн шинж чанартай, авто зам, төмөр зам, эрчим хүч, боловсруулах аж үйлдвэр гэх мэтийн томоохон төслүүдийг багтааж үздэг. Энэ утгаараа энэ Засгийн газрын тавьж байгаа зорилтуудыг зүйтэй гэж харж байгаа. Гэсэн хэдий ч энэ дотор Нэг цэгийн үйлчилгээ, Налайх-Тэрэлжийн зам, орон нутгийн авто зам, орон сууц хороолол гэх мэт нэмүү өртөг бүтээх бус төслүүдийг оруулж байгаа нь үнэмшилгүй хаарагдаж байна. Үүнийг цаашдаа засан шинэчлэх байх, ТЭЗҮ, зураг төсөл нь бүрэн хийгдсэн, үр ашигтай байх нь тодорхойлогдож батлагдсан, одоогийн энэ санал болгож байгаа Гангийн үйлдвэр, Зэсийн үйлдвэр, Нефтийн үйлдвэр шиг томоохон алсын хараатай стратеги агуулсан төслүүдээ хэрэгжүүлэх нь зүйтэй.
-Жил бүр төсөвт тодотгол оруулдаг. Энэ нь төсвийн гүйцэтгэл сайн ч төлөвлөлт муу байгаагийн илрэл болж байх шиг байна. Төсвийн төлөвлөлтөө сайн хийх тал дээр юу хэлэх вэ. Ирэх оны төсөвт тодотгол оруулах болов уу?
–УИХ-аас эхлээд төсвөө батлахдаа хуулиа баримтлаад баталчихдаг, ил тод нээлттэй, доороосоо дээшээ хүртэлх төсвийн анхан шатны байгууллагаас Сангийн яам, Засгийн газар хүртэл боловсруулахдаа бодитой, үнэн тооцоолж төлөвлөдөг, төсөвлөдөг, байгууллагын хөгжлийн бодлого, зорилго зорилттойгоо нийцүүлэн уялдуулдаг байвал төсвийн төлөвлөлт гүйцэтгэл нэг их хол зөрөөд байхгүй. Харин энэ жил шиг 2025 оны төсвийн төслөө Сангийн яам Засгийн газар нь өргөн мэдүүлчихээд араас нь 2025 оны хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж оруулж байгаа нь хөгжлийн бодлого нь төсөв хөрөнгөө дагаад тодорхойлогдож байгаатай адилхан болоод байна. Угтаа Үндсэн хууль, Алсын хараа хөгжлийн урт хугацааны бодлого 2050, Засгийн газрын үйл ажиллаганы мөрийн хөтөлбөр 2024-2028 тай уялдсан хөгжлийн бодлого, төсвийн бодлого тодорхойлогдож, батлагдсаны дараа жилийн төсвийн төсөл хэлэлцэгдэж байх учиртай. Одоо хэлэлцэж байгаа төсөвт дараа жил тодотгол хийгдэнэ гэж яригдах учиргүй, харин одоогийн төслийг УИХ хэлэлцэхгүйгээр дахин оруулж ирэхээр буцаах эрх нь бий. Зарим улс орнуудад хэрвээ Засгийн газар нь төсөвт тодотгол эсвэл нэмэлт хийх зайлшгүй нөхцөл шаардлага (давагдашгүй хүчин зүйл бусад) гарсан тохиолдолд Парламент болон түүний холбогдох Байнгын хороонд мэдэгдэж зөвшөөрөл авсны үндсэн дээр Засгийн газар нь төсөвтөө тодотгол хийн дараа нь Парламенттай танилцуулах тохиолдол байдгийг судлах хэрэгтэй. Ийм заалтууд болон бусад зохицуулалтууд “Нийтийн санхүү, төсөв” гэсэн бүлэгтэй Үндсэн хуулиндаа тусгагдсан байдаг жишиг улсууд ихээхэн бий.
Уншигч 2024-10-14 103.57.95.19
Амаржаргал гуайн хүү мундаг залуу болжээ. Ихэр ш дээ. Нөгөө ихэр нь хаана байдаг бол? Амжилт хүсье
namuuna 2024-10-14 157.15.7.134
zuw zuil yrijee demjij bna
Нэргүй 2024-10-14 66.181.183.193
мАНын өлөнгүүд ханаж цадахгүй л дээ улс орноо Азийн Африк болгочхоод ичихгүй попроод новшнууд
Оноч 2024-10-14 37.99.18.209
Энэ асуудлыг одоо л ярьж байх гэж….нццц… улсад төсөвт цалин тэтгэвэр нэмэх маш их боломж байдаг. Тэд харин цалин тэтгэврийг аль болох нэмэхгүй шүү гэж ярьдаг. Орж ирсэн мөнгийг бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт хийнэ шүү. Дараа нь орлого тасарвал цалин нэмчихвэл балрана шүү гэж л ярьж байдаг. Үнэндээ тэр их бүтээн байгуулалт гэдгийн ард АВИЛГА явж байдаг. Энэ аль дээрээсэ 10 хэдэн жил яриад байхад сонсдог хүн байдаггүй.
Нэргүй 2024-10-14 202.9.40.91
Хаха төсвиин мөнгө уйлах барагдах биш гэсэн шиг өлөн хулгаач авилгач цүнхчин бөгсчин даргадаа гөлөг хулгаач пялдага бузрууд
Нэргүй 2024-10-14 59.153.115.204
Зөв л ярьсан бн. Дэмжиж бн.
Нэргүй 2024-10-14 202.21.105.38
ухаантай үг хэрэглэх гээд ядчихын, стратеги агуулах гэж юу юм, бүх төсөл хөтөлбөрүүд стратегийн бодлого баримт бичигт тулгуурладаг
Иргэн 2024-10-14 59.153.114.111
Энэ нэг дүрдээ орсон баагий шүү.
Sigma 2024-10-14 157.15.7.134
We are cooked fr
Нэргүй 2024-10-14 43.242.242.59
Зөв ойлгомжтой ярьжээ.
Зочин 2024-10-14 66.181.160.18
Ийм хүмүүсээ дэмжмээр байнаа