Кубын эсрэг хоригийг нэг жилээр сунгав

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Кубын эсрэг хоригийг нэг жилээр сунгав

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Куба Улсын эсрэг тогтоосон эдийн засаг, худалдааны хоригийг 2011 оны есдүгээр сарын 14 хүртэл нэг жилээр сунгах шийдвэр гаргав.

Засгийн газраас гаргасан мэдэгдэлд “АНУ-ын үндэсний эрх ашигт нийцэж байгаа тул Кубын эсрэг тогтоосон хоригийг дахин нэг жилээр үргэлжлүүлэхээр” ерөнхийлөгч Обама меморандумд гарын үсэг зурсан гэж дурджээ.

Эдийн засаг, худалдааны хоригийн дагуу америкийн аливаа аж ахуйн газар Кубатай гэрээ хэлцэл, худалдаа хийхийг хориглодог бөгөөд урьд өмнө байсан ерөнхийлөгчид жил бүр энэ шийдвэрийг сунгаж ирсэн ажээ.

1917 онд Дайсантай худалдаа хийхийг хориглох тухай хуулийг АНУ дэлхийн нэгдүгээр дайнд оролцох болсонтойгоо холбогдуулан анх удаа гаргасан бөгөөд  өөрийнхөө орны фирм, компаниудыг дайсагнагч орнуудтай худалдаа хийхийг хориглосон байна.

Кубын эсрэг тогтоосон худалдааны хориг 1963 оноос эхлэн энэхүү хуулийн заалтын дагуу хэрэгжиж,  одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөн ажиллаж ирсэн аж.
Орчин үед энэ хуулийн ач холбогдол төдий л их биш болсон тул 1992 онд Торричелийн хуулиар хүмүүнлэгийн тусламжаас бусад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглож, 1996 онд Хелмс Бартоны хууль гаргах зэргээр хүч нэмэн өргөжүүлж ирсэн байна. Хелмс Бартоны хуулиар Кастро-чуудын гэр бүлийнхний хэн нэгэн гишүүн Гаванад засгийн эрхэнд хэвээр байх юм бол эдийн засаг, худалдааны хоригийг цуцалж болохгүй гэсэн хуулийн заалтыг  нэмж гаргажээ.

Эдүгээ Дайсантай худалдаа хийхийг хориглох тухай хуулийн заалтыг хэрэгжүүлж буй дэлхийн цорын ганц орон Куба улс болсон бөгөөд 2008 онд ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргаанаас БНАСАУ-ын эсрэг энэ хуулийн заалт үйлчилж байсныг цуцалсан байна.

Өнгөрсөн оноос эхлэн Обама иргэд зорчих болон АНУ-д байнга оршин суугаа кубачууд хамаатан садандаа мөнгөн илгээмж явуулах зэргийг  уян хатан болгосноо мэдэгдээд цагаачдын асуудлаар удаа дараа хэлэлцээ хийж ирсэн боловч 1917 оны хуулийн заалтыг дахин нэг жилээр ийнхүү сунгах шийдвэр гаргалаа.

Эх сурвалж: EFE

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж