Израилийн цэргийн хүчин Бейрутэд агаарын довтолгоогоо эхлүүлэх үед Сьерра Леоноос ирсэн гэрийн үйлчлэгч Мариату Сварай ажил олгогч руугаа утасдан тусламж хүсчээ. Гэвч ажил олгогч нь түүнийг гурван сартай хүүгийнх нь хамт орхиж, хэдийнэ гадаад руу зугтсан байв. Тиймээс ажиллаж байсан айлдаа толгой хоргодохоос аргагүй болсон ч хэдхэн цагийн дараа хажуу байшинг нь пуужин оносон байна. Одоо дэлбэрэлт болох тоолонд нялх Абдул Мохаммад тэнгэр рүү заадаг.
Бейрут дахь албан бус хоргодох байранд нимгэн гудсан дээр сууж буй Сварай "Би хамгийн анх бөмбөгдөлт болохыг сонссон. Маш их айж байсан. Тэр үед л хүүхдээ аваад хаашаа ч юм зугтах хэрэгтэй л гэж бодож байсан" гэж "CNN"-д хэлэв. Агаарын бөмбөгдөлт улам ихэсч байсан тул Сварай хүүхдийнхээ хамт аюулгүй газар хайж, гудамжинд 14 хоножээ. Одоо тэдний байгаа албан бус хорогдох байр нь харанхуй, чийгтэй бетон агуулах бөгөөд Сьерра Леоноос ирсэн 150 цагаач эмэгтэй, зургаан хүүхэд байрлаж байна. Эдгээр хүмүүс бүгд хандивын нимгэн гудас дээр унтдаг. Бүдэг гэрэлтэй энэ агуулахад тоос их бөгөөд хүүхдүүдийг хэвтэж байхад сарьсан багваахай дээгүүр нь эргэлдэнэ.
Ямар ч эд хөрөнгө, мөнгө байхгүй тул ихэнх эмэгтэйчүүд гэр рүүгээ залгаж чаддаггүй.
Сварай "Би арав хоногийн турш гэр бүлийнхэнтэйгээ яриагүй. Тэд надад маш их санаа зовж байгаа байх" гэв.
Энэ оны есдүгээр сарын сүүлчээр алан хядагч Хезболла бүлэглэлийн толгойлогч Хассан Нассрала нас барснаар Ливан болон Израилийн хооронд ширүүн дайн өрнөөд байна. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн тооцоолсноор дайнаас болж 1.2 сая гаруй хүн дүрвэсэн. Энэ нь Ливаны хүн амын тавны нэг орчим хувь юм.
Мөн тэнд амьдарч буй 177 мянган цагаач ажилтны зарим нь дүрвэж чадсан гэж үзэж байгаа ч "кафала" системээс болж дүрвэж чадаагүй хүн олон байж магадгүй.
"Кафала" гэдэг нь ивээн тэтгэх тогтолцооны дагуу ажиллах систем юм. Ливан, Йордан, Персийн булангийн олон оронд энэхүү журмын дагуу цагаачид ажилдаг. Тодруулбал, ажил олгогч агентлаг гэрийн үйлчлэгч хийх хүнийг олж, ажилтан хайж байгаа гэр бүлд өгдөг. Улмаар тухайн гэр бүл нь гэрийн үйлчлэгч хийх хүнийхээ гадаад паспортыг хурааж ажиллуулах бөгөөд хүссэн үедээ халж болно. Гэхдээ гэрийн үйлчлэгч хийж буй хүн нь хэзээ ч ажлаасаа өөрийн хүсэлтээр гарч болохгүй. 2021 онд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас гаргасан судалгаанд Ливанд ажиллаж буй бүх цагаач ажилчдын 76 хувь, гэрийн үйлчлэгчдийн 99 хувь нь эмэгтэйчүүд байна гэж тооцоолжээ.
Оксфамын бүс нутгийн хүмүүнлэгийн бодлогын зөвлөх Нур Шаваф хэлэхдээ "Кафала систем нь орчин үеийн боолчлолын систем юм. Үүнээс болж Бейрутээс зугтаж чадахгүй болсон маш олон эмэгтэйчүүд хэнээс тусламж гуйхаа мэдэхгүй байна" гэжээ.
Сьерра Леоноос ирсэн өөр нэгэн цагаач гэрийн үйлчлэгч бөмбөгдөлт болох үед ажил олгогч нь юу гэж хэлснийг дурсан ярьжээ. Тэрбээр хэлмэгдүүлэлтээс айж нэрээ нууцлахыг хүссэн байна. Тэрбээр "Тэд супермаркет руу хүнс авахаар явлаа гэж хэлээд буцаж ирнэ гэж надад хэлсэн. Гэрээ сайн харж байгаарай гэсэн ч эргэж ирээгүй. Би маш их айж байсан ч ирэхийг нь хүлээсэн" гэжээ. Бусад цагаачийн нэгэн адил 20 гаруй настай тэрбээр Бейрутийн гудамжинд хоргодох газар хайхаас өөр аргагүйд хүрч, явган хүний зам, цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн далайн эрэг дээр хонож байсан ч эцэст нь хоргодох байранд ирсэн нь энэ юм.
Цагаачидтай ажилладаг сайн дурын ажилтнууд "CNN"-д хэлэхдээ, албан ёсны хамгаалалттай хоргодох байр байхгүй нь эмэгтэйчүүдийг хүний наймааны золиос болгох эрсдэлтэй гэжээ. Учир нь ажил олгогчдоос өөр хэн ч тэднийг Ливанд мэдэхгүй юм.
Хоёр сарын өмнө Ливаны Байгаль орчны сайд, Үндэсний онцгой байдлын хорооны дарга Насер Ясин орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа эрх баригчид 900 түр хоргодох байр байгуулж, сая гаруй хүнийг хамгаалах болно гэж байжээ. Гэвч "CNN"-д ярилцлага өгсөн цагаач ажилчид болон хоргодох байранд хамт байгаа хүмүүс эдгээр албан ёсны хамгаалах байрнаас хөөгдсөн эсвэл буцаагдсан байна. Энэ талаар Ливаны Нийгмийн асуудал эрхэлсэн сайд Хектор Хажжараас "CNN" тодруулахад хөөгдсөн асуудлыг няцааж, бүх хүнийг хамгаалж байгаа гэж хариулт өгсөн байна.
Леа Горайеб зургаан найзынхаа хамт есдүгээр сарын 28-нд нэгэн африк эмэгтэй гудамжинд унтаж байхыг хараад, Насер Ясины амласан хоргодох байранд хүргэж өгчээ. Гэвч хоёр өдрийн дараа тухайн эмэгтэй хөөгдсөн байна. Үүний дараа Леа Горайеб хоёр сарын турш агуулах түрээсэлж, хандив цуглуулан, цагаач ажилчдыг орогнуулах болжээ. Леа Горайеб "CNN"-д "Өдөр бүр л хэцүү зүйлс тохиож байна. Гэсэн ч бид бусдад туслахыг их хичээж байгаа. Эдгээр эмэгтэйчүүд бүгд гэртээ харихыг хүсч байгаа ч Элчин сайдын яамнаас хариу ирээгүй байна. Нислэгүүд ирэхгүй байгаа тул завь ч юм уу ямар нэгэн байдлаар цагаачдыг эх оронд нь аваачихыг хүсч байна" гэжээ.
Дан ганц Сьерра Леон гэлтгүй Этиоп, Судан, Шри Ланкаас ирсэн насанд хүрэгчид болон хүүхдүүд Леа Горайеб найзуудынхаа хамт байгуулсан энэхүү хорогдох байранд амьдарч байна. Тэд бүгд эх орондоо харих боломжгүй. Учир нь тэд гадаад паспортгүй бөгөөд тэдний эрхийг хамгаалах Элчин нь ямар ч тодорхой мэдээлэл өгөхгүй удаж байна. Одоогийн байдлаар нийт 74 цагаач ажилчин гэр бүлийнхээ хамт тус байранд хорогдож байгаа бөгөөд төрийн бус байгууллагуудын хангамжаар амь зогоож байгаа юм.
Zochin 2024-10-14 66.181.161.17
Dotroh mnglchudaa hairlsj chafahgui hevtej gadnibeleg negt mnglchud CH grh shig,dotrhoo hun burig hundelj surchad tomroh heregtei .neeh eleg negtenchvgeh shig.gadni eleg negt mnglchudiin tuhsi nevrtuleg hiij bsn emegtri ih drlgurt humus hundlehgui peediged yavjl bsn,hsltaidn work gedl term BH.
Нэргүй 2024-10-14 202.55.188.41
доторх монголчууд худалч я***н архичин
Нэргүй 2024-10-14 43.242.242.59
Монгол орон минь амар тайван дайн байлдаангүй, цунами, газар хөдлөлт үгүй сайхан байнаа. Бид л эх орноо муулж байгаа болохоос ийм орны иргэдэд бол диваажингийн орон юмаа. хаан нь ч явсан миний эх орон сайхан. Би эх орондоо хайртай. Бид л эх орныхоо онцлого байгалийг бүрэн мэдэрдэг. эх орондоо үр удмаараа сайхан амьдарч хөгжилд нь хувь нэмрээ оруулъя Монголчууд аа. Бас гадаад орны иргэншилтэй монгол туургатнаа нэгтгэж, иргэншил олгох тал дээр Ерөнхийлөгч санаачлагтай байх хэрэгтэй.