Онцлох ярилцлага: Удам дамжсан жүжигчин А.Номин-Эрдэнэ

Онцлох ярилцлага: Удам дамжсан жүжигчин А.Номин-Эрдэнэ

News агентлагийн өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


"БИЗНЕСИЙН ДАРАМТ ИХ, ОЛОН ЗӨВШӨӨРӨЛ НЭХДЭГ НЬ ХЭВЭЭРЭЭ БАЙНА"

Засгийн газраас 2025 оны төсвийн төслийг орлого 33.9 их наяд, зардал 35.8 их наяд төгрөг байхаар боловсруулж УИХ-д өргөн барьсан. 2025 оны төсвийг намрын чуулганаар хэлэлцэн батална. Ирэх оны улсын төсвийн талаар Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер, судлаач, доктор Д.Оюунбадамтай ярилцлаа. 


-Засгийн газраас  2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа. Та ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

-2025 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувьтай тэнцүү байхаар буюу 1.9 их наяд төгрөгөөр тооцсон. Энэ алдагдлыг бууруулах хэрэгтэй. Төсвийн төслөөс харахад энэ онд бид зээлийн хүү, үйлчилгээний төлбөрт 1.3 их наяд төлөхөөр байгаа. Тэгэхээр өндөр хүүтэй бондуудын өр төлбөр нэлээд нэмэгдэх, энэ нь эргээд төсвийн зээлийн үйлчилгээний зардал өндөр гарах эрсдэлийг бий болгоно. Төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтуудыг харахаар зарим төслүүдийн техник эдийн засгийн үр ашгийг сайтар харах шаардлагатай гэж санагдаж байна. Ирэх онд шинээр 38 хөрөнгө оруулалтын төсөл орж ирж байгаа. Тэдгээрээс 14 нь мега төсөл. Үлдсэн нь хөрөнгө оруулалтын бусад төсөл. Тухайлбал, авто замын 19 төслийг 641 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тавьсан. Ер нь төсвийн алдагдал хтэй үед Амарбаясгалант хийд, Өгийн нуур руу гэх мэтчилэн нэн шаардлагатай бус дэд бүтцийг санхүүжүүлэх нь хэр зөв бэ гэдгээ эргэх хармаар байна. Авто замуудыг шинэчилж тавьснаар ямар үр ашигтай, эдийн засгийн хувьд хэр өгөөжтэй байх тооцоо судалгааг гаргаж танилцуулах хэрэгтэй гэсэн үг.

Хөрөнгө оруулалтын төслүүдийн эрэмбэ, оноо, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр ашгийн мэдээлэл ил болоогүй учраас хэрэгжүүлэх төслүүдийн ач холбогдол болон дэлгэрэнгүй мэдээлэл ховор байна. Тэгэхээр энэ мэдээллүүдийг яаралтай ил болгох шаардлагатай.

Сангийн яамнаас сүүлийн 2-3 жил хөрөнгө оруулалтын төслүүдийг тусгай программаар, ач холбогдлоор нь эрэмбэлж, оноо үнэлгээ өгөөд оруулж байгаа гэсэн мэдээлэл өгч байгаа. Гэхдээ энэ эрэмбэ мэдээлэл олон нийтэд ил болоогүй. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт эрэмбэлэгдсэн төсөл тавдугаарт бичигдсэн төслөөс яагаад өмнө бичигдсэн бэ? гэдэг нь ач холбогдолтой байх ёстой. Тиймээс энэ ач холбогдол, үр дүн, тооцоо судалгааг ил болгож өгөхийг хүсч байна. УИХ-ын гишүүдэд ч, олон нийтэд ч төсөвт тусгагдсан төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийх нь зөв.

-Төсөв жилээс жилд тэлж байна. Төсвийн зардал өссөний үр дүн нийгэм, эдийн засагт ил харагдаж байна уу?

-Ирэх жилийн хувьд шинээр эхэлж байгаа төслүүд маш бага. 2024 оны төсөвт бол олон төслийг шинээр эхлүүлэхээр тусгаж, эхлүүлсэн. Тийм учраас энэ жил шинэ төсөл ороогүй. Гэхдээ хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашгийн мэдээллийг ил болгож байж түүний үндсэн дээр тухайн төслийг хэрэгжүүлэх нь үнэхээр ашигтай эсэх нь тодорхой болно. Авто зам дээр ч мөн ялгаагүй. Хөдөлгөөний эрчим нь хэр их байна, зам тавьснаар эдийн засгийн үр өгөөжийг юу гэж тооцоолж байгааг дэлгэрэнгүй мэдэж байж улсын төсвийг зарцуулах боломжтой болно.

Бид гадаад улс орнуудаас зээл авахад ч тухайн төслийн үр ашиг, өнөөгийн байдал, цаашид ямар төлөвлөгөөтэй хэрэгжих талаар бүрэн танилцуулж, бусад улс орны Засгийн газраас зээл, тусламж, санхүүжилт авдаг. Гэтэл УИХ-д орж байгаа төслүүд дэлгэрэнгүй танилцуулгагүй, зөвхөн нэр, байршил, хэрэгжих цаг хугацаа, тасөвт өртөг тухайн онд олгох санхүүжилтийн дүн л тодорхой байдаг.

Өөр бусад нэмэлт мэдээлэл өгдөггүй. Улсын төсвийг үр ашигтай зарцуулахын тулд улс нийтээр ирэх ондоо ямар бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах эсэхээ хэлэлцэж, шийдэх нь чухал.

Та бүхэн ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу

ШИНЭ НЭР: УДАМ ДАМЖСАН ЖҮЖИГЧИН А.НОМИН-ЭРДЭНЭ

"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор жүжигчин бүсгүйг онцолж байна. Түүнийг Ариунбямбын Номин-Эрдэнэ гэдэг. Тэрбээр өвөө, аавынхаа мэргэжлийг залгамжилсан гэр бүлийнхээ гурав дахь үеийн уран бүтээлч юм. “Би багаасаа театрт өссөн болохоор ирээдүйд энэ мэргэжлийг л сонгох ёстой юм шиг боддог байсан" хэмээн өгүүлэх түүний сонирхолтой ярилцлагыг хүргэе.

УРЛАГИЙН ГЭР БҮЛД ӨССӨН ОХИНЫ ХҮҮХЭД НАСНЫ ДУРСАМЖААС ЯРИАГАА ЭХЭЛЬЕ?

-Миний хүүхэд нас 10 хүртлээ их жаргалтай байсан. /инээв/ Багаасаа л аав, ээжийгээ бригадаар их дагаж  явдаг. Аавтайгаа өглөө хичээлдээ явж байгаад "Хоёулаа өнөөдөр хичээлээ таслах уу" гээд л театр дээр өнжчихнө. Дараа нь ээждээ баригдаад бөөн юм болдог байлаа. Заримдаа аав, ээж хөдөөгүүр зурганд явахаар гэртээ эмээтэйгээ хоцорно. Театрын уран бүтээлчдийн хүүхдүүдтэй тайзан дээр тоглож наадна.

Арай том болж хичээлийнхээ хажуугаар дугуйланд хамрагддаг болсноор тоглох ч завгүй болж эхэлсэн. Өглөө нь хичээлдээ, өдөр нь дугуйландаа явна.

Хүүхэд насаа тэр үеэс хойш мэдрэхээ больсон гэх үү дээ. Үеийн хүүхдүүдээ харахаар дуртай цагтаа тоглож, найзуудтайгаа хамт цагийг өнгөрүүлдэг байлаа. Би багаасаа нийтэч, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Хаана уралдаан тэмцээн болно тэр болгонд оролцоно. Цэцэрлэг, сургуулийн бүжиг, уран уншлага, бяцхан миссийн тэмцээнд орж, хэд хэдэн удаа шагнал авсан. Намайг аав, ээж хоёр маань маш их дэмжиж, бэлдэж өгдөг байлаа. Ер нь багаасаа л өөрийгөө мэдэрч, урлагийн хүн болох хүсэл мөрөөдөлтэй болсон гэж ойлгож болно.

АНХНЫ АМЖИЛТ

-Анх би 2007 онд "Үхэж үл болно" уран сайхны кинонд Минлэг эцгийн бага охины дүрд тоглосон. Гэхдээ энэ дүр нь уран сайхны кинонд гараагүй. Дараа нь Соёл урлагийн их сургуульд ороод "Оранж" энтертайнмент болон VOO хамтарсан "Search" төсөл дээр ажилласан. Тэр төсөл намайг олон хүнтэй танилцуулж, үүд маш том үүд хаалгыг нээж өгсөн. Энэ төслөөр дамжуулан найруулагч П.Лхагвадуламтай танилцаж, "Есдүгээр сарын цас", "Сэр сэр салхи" кинонд тоглох боломжийг олгосон юм.

ААВ, ЭЭЖ НЬ ХОЁУЛАА МЭРГЭЖЛИЙН ЖҮЖИГЧИН. ОХИНДОО ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГДӨГ ВЭ?

-Надад тусгайлан зөвлөгөө өгөөд байдаггүй. Тэр тусмаа контентын түвшний уран бүтээлд ач холбогдол өгдөггүй. Бүрэн хэмжээний уран сайхны киноны дүрийн маань зохиолыг уншиж, ганц нэг зөвлөгөө өгдөг. Тэрнээс цаашаа бодох зүйлсийг өөрт минь үлдээдэг. Харин дүр дээр ажиллаж дууссаны дараа хамтдаа үзээд ярилцдаг. Бас надад уран бүтээлч хүн хариуцлагатай байх ёстойг анхааруулж, хэлдэг.

Ер нь аавынхаа тоглосон дүрүүдэд их хайртай. Тэр дунд аавын тоглосон "Гэгээн тамлан" жүжгийн Чинхэм хаан, "Бэрд" жүжгийн харамч Гарпагоны дүрд нь илүү хайртай. Мэргэжлийн уран бүтээлчид ч энэ дүрүүдээр нь үнэлдэг юм.

ГЭР БҮЛИЙНХЭЭ ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН УРАН БҮТЭЭЛЧ. ААВЫНХАА НҮДИЙГ ДУУРАЙЖЭЭ?

-Тийм ээ. Хүмүүс миний нүдний харцыг аавынхтай адилхан гэдэг юм. Бас хамар байна. Бусдаар бол өөрийгөө ээжтэйгээ илүү адилхан гэж боддог. Хүмүүс тайзан дээрээс ээжтэйгээ ижилхэн харагдаж байна гэж хэлдэг.

Та бүхэн ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-12 66.181.178.62

Бүх компаниудыг дампууруулж дууслаа! Удахгүй ажилгүйдэл өсөж эхэлнэ шүү!!!

Avatar

Нэргүй 2024-10-12 202.55.188.97

hutsoooo yamar yumnii udam sudar sdaa z**l z**l

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж