Монголын сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн цаг мөч өнөөдөр/2024.10.12/ тохиож байна. Учрыг тодруулж, хужрыг тунгааваас дээд лигийн 2024-2025 оны улирал нээлтээ хийнэ. Урт удаан, аз жаргал, баяр гуниг, саад бэрхшээлтэй аяллын эхний өдөр ирлээ. Өнөөдөр дараах тоглолтууд болно.
BCH KNIGHTS – ДАРХАН ЮНАЙТЕД
13:40 цаг
Дарханы ривалаар лиг нээлтээ хийж байна. Дархан хотын албан ёсны болон албан бус хоёр баг учраа таарсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ Гарьд энэ улирлаас эхлэн нэрээ өөрчилж, BCH Knights гэх нэртэй болсон билээ. Үүнд фэнүүд нь ихээхэн ундууцсан. Гэхдээ л багийн удирдлагын шийдвэрийг өөрчилж чадаагүй. Одоо тэд Гарьд бус Knights болсон.
Харин Дархан Юнайтед зуныг зүгээр өнгөрүүлсэнгүй. Залуучууд гадаад дасгалжуулагчийнхаа удирдлага дор бэлтгэлээ сайн базаасан. Бүрэлдэхүүн ч зузаан орж ирж байгаа.
Гэхдээ Knights бол цаасан дээрх лигийн хамгийн хүчирхэг баг. Пендарвис Уиллиамсыг Уурхайчидаас "хулгайлж" чадсанаас гадна А.Тэмүүжин, Г.Билгүүн нараа эргүүлэн авчирсан. Ганц харамсалтай үйл явдал тохиосон нь Б.Тэлмэнийг Налайх Бизон руу явуулсан. Тэднийг энэ улирал Ц.Эрдэнэбаясгалан удирдана.
ХАСЫН ХҮЛЭГҮҮД – УЛААНБААТАР АМАЗОНС
16:10 цаг
Эмэгтэйчүүдийн лигийн нээлтийн тоглолтод өнгөрсөн хоёр улирлын аваргууд учраа таарчээ. Аваргаа хамгаалагч Хасын Хүлэгүүдийн тухайд бүрэлдэхүүндээ бараг л өөрчлөлт оруулаагүй. Харин Амазонсоос О.Хулан Хятадын эмэгтэйчүүдийн дээд лигийг зорьж, том орон зай үлдээсэн. Гэхдээ Н.Нандинхүслэн АНУ-аас эргэн ирсэн нь сайн мэдээ. Өнөөдөр тэрбээр АНУ-д юу сурч, хэрхэн сайжирснаа аваргуудын эсрэг харуулах болно. Арван жилийн сурагч охин лигт тоглосон анхны улиралдаа гайхалтай үзүүлэлтийг үзүүлж, "Тэргүүн тоглогч"-ийн хэмжээнд яригдаж байсныг мартаж болохгүй.
Улирлын төгсгөлд аваргын төлөө энэ хоёр баг тунасан байхад хэн ч гайхахгүй.
ХАСЫН ХҮЛЭГҮҮД – БИШРЭЛТ МЕТАЛЛ
18:40 цаг
Өнгөрсөн улирлын финал энэ үдшийн оргил тоглолтоор нэрлэгдэж байна. Аваргуудын шилжилтийн үе энэ улирал тохиож байна гэхэд буруудахгүй. Б.Билгүүн, О.Сэргэлэн, Д.Мөнхтүвшин нар энэ улирал хүссэн, хүсээгүй залуустаа итгэхээс өөр сонголтгүй. Хүлэгүүдийн бүрэлдэхүүнд нэгэн үеийн шижигнэсэн залуучууд бий. Тэд өөрсдийгөө харуулах ёстой улирал. Хэн нь энэ багийн нүүр царай болж, хэн нь үүргийн тоглогч, сэлгээ гэдгээрээрээ ялгарах учиртай.
Харин Бишрэлт Металл дахин аваргын төлөө дайрна. Э.Энхтэмүүлэнг драфтын есөөр авна гэдэг бол хулгай байсан. Оюутны лигт хангалттай сайн үзүүлэлттэй тоглож, 3х3 сагсан бөмбөгөөр тив дэлхийд амжилт гаргасан түүнийг ес рүү унана гэж олон хүн бодоогүй биз. Мөн онооны машин О.Баянбаатар, будагтай талбайн сайн мэргэжилтэн С.Дугар-Эрдэнэ тэргүүтэй тоглогчдыг элсүүлжээ.
Хүлэгүүдийн ахлагч А.Ананд, Металлын ахлагч Д.Дэлгэрням нар 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргаас шалтгаалан энэ улирал дээд лигт тоглохгүй гэх мэдээлэл байна.
dkkj 2024-10-12 202.9.40.51
Монголын бүх хуулиыг дахин батлах зүйтэй. Хог шааруудыг шүүрдэж цэвэрлх зүйтэй.