Сүүлийн жилүүдэд Монголчуудын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал болж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хэт их цахим орчны хэрэглээ болон нийгмийн олон хүчин зүйл нөлөөлдөг аж. Түүнчлэн цахим платформын төрөл зүйл олширохын хэрээр насанд хүрсэн иргэд болоод хүүхэд багачуудын цахим орчинд өнгөрүүлэх цаг нэмэгдэж, цаашлаад цахим орчинд шүүлтүүргүй хандах, бусдыг даган дуурайх, буруу үлгэр дуурайлал авах, бусадтай өөрийгөө харьцуулах гэх мэт сэтгэцийн эрүүл мэндэд. олон сөрөг нөлөө үзүүлэх эмгэгтэй болж байгааг талаар онцолж байна. Тухайлбал, Монголчуудын хувьд фейсбүүк платформын хэрэглээгээрээ хүн амд ногдох үзүүлэлтээрээ бүс нутагтаа нэлээд дээгүүрт ордог.
2024 оны эхний байдлаар Монгол Улс дахь дижитал хэрэглээний ерөнхий үзүүлэлтүүд:
- 2024 оны эхний байдлаар Монгол Улс 2.91 сая интернэт хэрэглэгчидтэй байсан бөгөөд интернэтийн хэрэглээний түвшин 83.9 хувь.
- Сошиал медиа хэрэглэгчдийн тоо 2024 оны эхэнд 2.5 сая, нийт хүн амын 72.0 хувьтай тэнцэж байна.
- Мөн үед нийт үүрэн телефоны идэвхтэй холболтын тоо 5.13 сая болж, нийт хүн амын 147.8 хувьтай тэнцжээ.
Datareportal -с гаргасан мэдээллээс харахад 2024 оны 1-р сарын байдлаар Монгол Улс дахь сошиал медиа идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.5 саяд хүрчээ. Энэ нь 2023 оны эхэн үетэй харьцуулахад сошиал медиа хэрэглэгчдийн тоо 200 мянгаар буюу +8.7 хувиар өссөн үзүүлэлт юм.Нийт сошиал медиа хэрэглэгчдийн 52 хувь нь эмэгтэйчүүд байсан бол 48 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Метагийн сурталчилгааны боломжит хүртээмжийн мэдээллээс харахад 2024 оны эх гэхэд Facebook messenger-н сурталчилгаа хүргэх боломжит хэрэглэгчдийн тоо Монголд 2.20 сая хүрчээ. Эндээс Facebook messenger хэрэглэгчдийн тоо Монгол Улсын нийт хүн амын 63.4 хувьтай тэнцэж байгааг харж болно.Харин 13 бас түүнээс дээш насны хүн амд харьцуулбал Facebook Messenger хэрэглэгчдийн тоо 88.3 хувьд хүрчээ.
Монгол Улсын хувьд цахим платформ хэрэглэгч иргэдийн тоо жилээс жилд өсч байгаа боловч эргээд цахим орчин ашиглаж хүний эрхийн зөрчил гаргах, цаашлаад алдар нэр хүндийг гутаах, гүтгэх, айдаст автуулах, донтуулах гэх мэт сэтгэцийн эрүүл мэнд талаас олон сөрөг үр дагавар дагуулсаар байгаа гэдгийг судлаачид онцолж байна. Цаашлаад сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалдаа анхаарахгүй асуудлыг улам даамжруулснаар олон сөрөг үр дагаврыг дагуулж, эцэст нь амиа хорлоход ч хүргэдэг байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан амиа хорлолтын тоо хэмжээг харуулсан 2017 оны тоо баримтаар Монгол Улсын 100,000 хүн тутамд 28.1 амиа хорлодог гэсэн дүгнэлт гарсан юм.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тооцсон 100,000 хүнд ногдох амиа хорлолтын түвшингээр 183 улсаас
- Нэгдүгээрт Шри Ланка (34.6)
- Хоёрдугаарт, Гайана (30.6)
- Гуравдугаарт Монгол Улс (28.1) эрэмбэлэгдэж байна. Энэ бол харамсалтай үзүүлэлт юм.
Судалгаанаас харахад жилд амиа хорлосон тохиолдол 500 гаруй бүртгэгдэж байгаа бөгөөд 80 гаруй хувийг нь эрэгтэйчүүд эзэлж байна. Эрэгтэйчүүдийн дунд амиа хорлох тохиолдол нэмэгдэж байгаад жендерийн тэгш бус ойлголт болон хэвшмэл ойлголтууд нөлөөлж байгаа гэдгийг сэтгэл судлаачид хэлж байна. Тухайлбал, эр хүн уйлж болдоггүй юм, эр хүн байж олон юм ярьж гошигнолоо, охиноо л сургуульд оруулж боловсролтой болгоё. Хүү маань яах вэ болно биз… гэх мэт нийгэмд хэн хэзээ тогтоосон нь үл мэдэгдэх хандлага, зарим хүнд тогтсон ойлголт, ам дамжсан яриа нь эрчүүдийн сэтгэлзүйг гэмтээх, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй байх, бусдаас хүчирхэг мэт дүр исгэх, өөртөө итгэх итгэлийг үгүй хийх гэх мэтээр сэтгэл гутралд илүү өртөх, амиа хорлох суурийг тавьж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Түүнчлэн эрчүүд өөрт тохиолдсон асуудлаа бусдадаа нээж ярьдаггүй нь сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс хувь хүний зан төлвийн онцлог, асуудлаа нээлттэй илэрхийлж чаддаг байсан эсэх нь амиа хорлоход нөлөөлсөн байх магадлалтай эсэхийг тогтоох зорилгоор судалжээ.
Амь хохирогчдын:
- 610 буюу 29.6 хувь нь дуугүй, зожигдуу, найз нөхөд цөөн,
- 550 буюу 26.7 хувь огцом ууртай биеэ барихдаа муу,
- 552 буюу 26.8 хувь нь тайван дөлгөөн байсан гэж гэрчийн мэдүүлэгт дурьдсан байна.
Дийлэнх тохиолдолд амь хохирогчид асуудлаа ярьдаггүй, нээлттэй биш байсан нь ар гэрийнхэн болон найз нөхдийнх нь мэдүүлгээр тогтоогджээ. Тиймээс бусдыгаа ойлгож, сэтгэл санааны байдал, сэтгэлзүйн байдлыг нь мэдэрч асуудлыг нь хамтдаа ярилцах, амьд харилцаа нийгэмд дутагдаж байна. "Эр хүн уйлдаггүй биш эр хүн ч бас уйлах эрхтэй гэдгийг ойлгодог хүн олон болох тусам нийгмийн нийтийн сэтгэлзүйн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг судлаачид хэлж байна. Угтаа эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйсийн тухай бус хүний эрхийн тухай ойлголтоо нийтээрээ нэмэгдүүлэх шаардлагатай байна. Эмэгтэй эсвэл эрэгтэй хүн болж төрсөн нь бусдаас илүү эсвэл дутуу эрхтэй байх тухай ойлголт бус юм.
3,548.92






















































Холбоотой мэдээ