Гал нээсэн хүмүүсийг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Гал нээсэн хүмүүсийг баривчиллаа

Сэлэнгэ аймгийн  Мандал сумын 5-р баг буюу Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Пураам” алтны компанийн текник хэрэгсэлд халдаж, галт зэвсгээр компанийн байр руу буудсан хэрэг энэ сарын 2-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт гарсан билээ. Хэрэг гарсан өглөө цагдаагийнхан буудалцаан болсон газарт очсон ч компанийн байр руу буудсан хүмүүс зугтаж, алга болсон байсан юм. Урьдчилсан байдлаар буу зэвсэг хэрэглэж, “Пураам” компанийн байранд халдсан хүмүүсийг “Онги гол” зэрэг иргэний хөдөлгөөний хүмүүс хэмээж байсан бөгөөд цагдаа нар эрэн сурвалжилсаар өчигдөр орой гал нээсэн хүмүүсийн түрүүчийг олсон байна.  Энэ талаар дөнгөж сая Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын Засаг дарга С.Раднаабазараас тодрууллаа.

-“Пураам” компанийн тенхик хэрэгсэл рүү гал нээсэн хүмүүсийг барьсан байна. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм ээ. Өчигдөр орой 22-23 цагийн үед Мандал сумын төвөөс 30 гаруй километрийн зайд орших  Хар модотын даваа гэдэг газраас “Онги гол” хөдөлгөөний тэргүүн  н.Мөнхбаярыг Мандал сумын цагдаагийн хэлтсийнхэн баривчиллаа. Харин өнөөдөр 9.30 цагт хэрэгт холбогдсон нөгөө гурван эхүнийг нь нь олж тогтоосон байгаа. Ерөнхийдөө энэ хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг хайж байсан. Бүгдийг нь оллоо.

-Тэр гурав нь ямар хүмүүс вэ?

-н.Төмөрбаатар, н.Батаатар гэсэн хоёр хүн байгаа. Нэгийнх нь нэрийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хөдөлгөөний л хүмүүс гэсэн.

-Ямар сэжмээр тэднийг барьсан юм бол?

-Гал нээсэн дөрвөн хүн тэр даруйдаа замын айлын морь унаад уул рүү зугтсан юм билээ.  Гэтэл нэг нь мориноосоо унахдаа хамаг бичиг баримтаа гээсэн байсан юм билээ. Тэр нь хэрэгтнүүдийг олоход дөхөм болсон байх.

-Хэн нь ямар бичиг баримтаа унагаасныг хэлж болох уу?

-Тэр нь одоогоор тодорхой бус байна.

-Өчигдөр та  “Пураам” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа  хүмүүстэй хамт тус компанийн удирдлагуудтай уулзсан гэсэн.  Ямар үр дүнд хүрэв.

-Тийм ээ. Бид өчигдөр 15-30 цагийн үед тус компанийн удирдлагуудтай уулзахаар явсан. Тэгээд 22 цагт ирсэн.

-“Пураам” гэж хятадын хөрөнгө оруулалттай  компани юм уу?

-Хятадын хөрөнгө оруулалттай компани биш. Бүх зүйл нь хууль ёсныхоо дагуу, албан ёсны зөвшөөрөлтэй юм билээ. Монгол хүмүүсийн хөрөнгө оруулалттай компани.

-“Пураам” компанийг Солонгос улсад ажиллаж, амьдарч байсан дөрвөн монгол залуу байгуулсан гэсэн мэдээлэл байна. Үнэн үү. Тус компанийн удирдлагууд ямар байр суурьтай байна?

-Гадаадад ажиллаж байгаад ирсэн хүмүүс байгуулсан гэсэн.  Дээрх компанийн удирдлага гэх Тэнгис, Гантулга гэж хоёр залуу бидэнтэй уулзсан. Үндэснийхээ компанийн нэр хүндийг унагаах гэж байгаа энэ бусармаг үйлдэлд харамсч байна. Бид хууль ёсныхоо дагуу үйл ажиллагаагаа явуулж байна гээд гэмтээсэн техник хэрэгслээ үзүүлсэн.

-Буудалцаан болсон өдөр хамгаалагчийн амь насанд халдах аюул байсан гэж хүмүүс ярьж байна?

-Үнэн мөнийг нь хууль цагдаагийнхан тогтоох байх. Ямар ч байсан хорь гаруй удаа компанийн техник хэрэгсэл рүү буудсан нь тогтоогдсон.  Хамаалагчийн байр руу нь бас буудсан байна лээ. Буун дуу гарахаар нь тэр байранд байсан хоёр ажилчин арын хаалгаараа гарч зугтсан гэсэн. Хэрэв зугтаагүй бол хүний амь эрсдэх аюул байсныг үгүйсгэхгүй. Хөдөлгөөнийхөн болохоор айлгаж дохио өгөх гэж буудсан гэсэн тайлбар хэлж байгаа. 

-Өглөө барьсан гурван этгээдийг хаана байцааж байгаа вэ?

-Өглөөнөөс эхлээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтэст байцааж байгаа.

Б.Анхаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж