Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Нээлттэй нийгэм форумтай хамтран Монгол Улсын 2025 оны төсвийн талаар суурийг хүргэе.
"ЭДИЙН ЗАСГАА ТАТАЖ УНАГАХ ХЭМЖЭЭНИЙ ӨСӨЛТТЭЙ ТӨСӨВ ГЭЖ ХАРАХГҮЙ БАЙНА"
Сангийн яамны Төсвийн бодлого,төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.БАТ-ЭРДЭНЭ:
-Ирэх оны төсвийн дүр зургийг нь харах юм бол Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийг эхлүүлэхийг зорьж төсвийн төслийг оруулж ирсэн. Томоохон төслүүдээ эхлүүлэхийн хажуугаар иргэдэд үзүүлэх зайлшгүй шаардлагатай нийгмийн суурь үйлчилгээний зардлуудыг бол урьдын адил санхүүжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй чанартайгаар хүргэх зорилгоор зарим төслүүдийг нэмж оруулж ирсэн. Тухайлбал, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд ахмадуудын тэтгэвэр төрийн албан хаагчдын цалинг инфляцитай уялдуулан зургаан хувиар нэмэхээр тооцсон байгаа. Тиймээс цалингийн зардал 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Мөн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг ахмадуудын тооны өсөлттэй холбоотойгоор тус сангийн зардал 658 тэрбум төгрөгөөр бол нэмэгдэхээр төсөвлөсөн. Төсвийн зардлын өсөлтийн хувьд эдийн засаг өөрөө тэлж байна ДНБ нэмэгдэж байна. Эдийн засгийн өсөлтөө дагаад зарлагын хувь хэмжээ өсч байна.
Зардлын өсөлтийн хувь хэмжээг харах юм бол нэг их айхтар өм цөм нэмэгдээд, эргээд эдийн засгаа татаж унагах хэмжээний өсөлттэй байгаа гэж бид харахгүй байна. ОУВС-ийн хийсэн ийм судалгаагаар төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмж байгаа бодлогын арга хэмжээ нь өөрөө инфляцид нөлөөлөх нөлөөлөл нь тийм өндөр биш.
Мөн инфляцид нөлөөлөх хугацааны хувьд жилийн дараа нөлөөлөл нь мэдэгддэг. Тиймээс цалин болон энэ тэтгэврийг өсгөж төлөвлөхдөө олон улсын байгууллагуудын судалгааг ч бид тооцож үзсэн.
"ИРЭХ ОНЫ ТӨСӨВ НЭН ТЭРГҮҮНД ХИЙХ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛСИЙГ ОНИЛСОН БАЙНА"
Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН:
-Өнөөдөр бидний мэдэж байгаа нэг зүйл бол 30 гаруй жил Монгол Улсын төсвийн зарцуулалт зөв явж ирсэнгүй. Улс төр, нийгмийн тал дээрээ бид олон ололт амжилтыг бий болгосон боловч эдийн засгийнхаа цар хүрээ тэлж, томоохон үр дүнд хүрч чадсангүй гэдэгтэй санал нийлэх байх. Тиймээс цаашдаа яаж хөгжих вэ гэдэг харьцангуй хөгжлийн зааг дээр ирчихээд байна. Ялангуяа одоо цар тахлын дараах эдийн засгийн харьцангуй огцом сэргэлт явагдаж байна.
Тийм учраас 2025 оны төсөвт хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан 14 мега төслийг хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж байна. Учир нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн бодлогын хүрээнд орж ирж байгаа макро эдийн засгийн зорилтууд өнөөдрийн нэн тэргүүнд хийх шаардлагатай зүйлсийг яг онилсон байна гэж харж байна.
Учир нь хувийн хэвшлийг дэмжье, иргэдийн амжиргааг сайжруулъя, эдийн засгийн огцом тэлэлтийг бий болгоё, нэг хүнд ноогдох ДНБ-ийг өсгөх, ядуурлыг бууруулъя ч гэх мэт гол зорилтууд нь оновчтой, бодлогын чиглэл нь зөв байна. Хамгийн гол нь бид өмнөх алдаагаа давтахгүйн тулд яах ёстой вэ гэдэг асуудал бий. Төсвийн огцом тэлэлт хийхээс гадна төсвийн гадуур ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Ийм том хэмжээний зардлыг Монгол Улсын эдийн засаг даах уу, үгүй юу гэдэг асуудал дээр маш болгоомжтой хандах ёстой. Хоёрдугаарт, хэрэгжилтийг бид яаж хангах, яаж хэрэгжүүлэх ёстой вэ хэрэгжилт дээр алдах ёсгүй.
Сүүлийн хоёр жилийн дотор төсөв 50 гаруй хувиар өссөн. Энэ нь тодорхой хэмжээний эрсдэлийг дагуулж болзошгүй гэдэг нь үнэн.
Тиймээс цаашдаа 2026, 2027 онд энэ хэвээр төсвийн тэлэлт үргэлжлүүлээд явах уу. Хэрэв төсвийн төсөл дээр тусгасан найман хувиар эдийн засгаа өсч чадахгүй бол яах вэ, Монгол Улсын уул уурхайн салбар БНХАУ-ын эдийн засагтай холбоотой эрсдэл ирэхгүй ирвэл яах вэ гэдэг нь бол хол санаа зовоосон асуудал юм. Тийм учраас энэ эрсдэлийг тооцох ёстой. Хоёрдугаарт, дөрвөн жилийн хугацаанд 120 их наядын хөрөнгө оруулалтын төслүүд ярьж байгаа тохиолдолд бол хэрэгжилтийг яаж хангах вэ, дээрх 14 мега төслийн хэдийг оновчтой хэрэгжүүлж чадах вэ гэдэг дээрээ илүү их фокуслах ёстой.
"НИЙГМИЙН САЛБАРУУД НЭМЖ МӨНГӨ АВАХААСАА ИЛҮҮТЭЙ ХУВААРИЛАГДСАН ТӨСВӨӨ ОНОВЧТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ"
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.ОТГОНТУЯА:
-Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс холбогдох дүгнэлтүүдээ гаргасан. Ирэх оны төсвийн онцлог гэвэл төсвийн бодлогоо урт, дунд, богино хугацааны бодлоготойгоо уялдуулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхтэй холбогдуулж орж ирсэн нь бас нэг давуу тал гэж хэлж болно. Мөн төсвийн хөрөнгө оруулалт нь бас бодлоготойгоо уялдуулж мега төслүүд болоод бусад дэд бүтцийн төслүүд, эдийн засаг, нийгмийн дэд бүтэц рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг оруулж ирсэн нь хөрөнгө оруулалтын бодлоготойгоо эрх зүйн зохицуулалттайгаа уялдуулахыг зорьсон байна. Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс нэг болгоомжлол гэдэг юм уу, эрсдэл байна гэж үзэж байгаа нь төсвийн зарлага нэлээн өндөр байна.
Зарлагын өсөлтөө дагуулаад ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх төсвийн алдагдалтай байхаар тусгасан учраас төсвийн орлогыг нэлээд өөдрөг төсөвлөсөн байна.
Хэрвээ, ДНБ-ээ 95 их наяд төгрөгт хүргэж чадахгүй бол энэ бүх үзүүлэлтүүд бүгдээрээ хүнд байдалд орно. Нөгөө талдаа ДНБ 95 их наядад хүрнэ гэдэг энэ жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс 20 хувиар өсөх дүн юм. Төсвийн зарлагад аль салбарын төсөв хэдэн хувийг эзэлж байна гэдгийг тооцож үзсэн.
Нийт улсын төсвийн 39 төсвийн ерөнхийлөн зарагч байхад 7-8 төсвийн ерөнхийлөн зарагчид нийт зарлагын бараг 80 орчим хувь нь одоо ноогдож байна.
Энэ дотроо урсгал зардлыг аваад үзэхэд, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдын багц буюу нийгмийн салбартаа маш их мөнгө зарцуулж байна.
Нийгмийн салбар дотроо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг онцгойлон анхаарч үзэж байгаа гэж энэ жилийн болон ирэх жилийн төсвийн бодлогодоо зорилтдоо тавьсан боловч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцыг зарцуулснаар ямар үр дүнд хүрэх талаарх шалгуур үзүүлэлтийг аваад үзэхэд бол яг түүнийг хэмжих шалгуур үзүүлэлт байхгүй өөр үзүүлэлтүүд байх жишээтэй. Үүнээс дүгнэхэд, төсвөөс зарж байгаа төгрөг тутмаа иргэдийнхээ сайн сайхны төлөө яг ямар үзүүлэлтийг хэдээс хэд хүргэж өөрчлөх юм бэ гэдэг үр дүнгийн шалгуур, үр шимийг нь хүртэж байгаа хүмүүстээ энэ мөнгө, үйлчилгээ яаж хүрэх юм гэдгийг илэрхийлэх үзүүлэлтүүдийг нэлээд бодитой болгох шаардлагатай. Тиймээс нийгмийн салбарууд нэмж мөнгө авахаасаа илүүтэй хуваарилагдсан төсвөө илүү оновчтой болгоход зайлшгүй анхаарах шаардлагатай. Төсвийн зарцуулалтаа дотооддоо эрэмбэлж, төсвийн хөрөнгөө илүү үр ашигтай үр дүнтэйгээр зарцуулдаг ийм систем рүүгээ орох шаардлага байна.
"ИРЭХ ОНЫ ТӨСӨВ БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ РҮҮ ЧИГЛЭСЭН"
Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.ДЭЛГЭРЖАРГАЛ:
-Төсвийн хөрөнгө оруулалтын гол зорилго нь юу вэ гэдгийг эхлээд бодох хэрэгтэй. Яагаад улс төсвөөрөө хөрөнгө оруулалт хийдэг вэ гэхээр хоёр аймгийг холбосон замыг хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар сайн дураар хийхгүй. Улсын төсвөөрөө л хийнэ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ өсч байгаа нь хүн ам өсөхийн хэрээр эрэлт хэрэгцээ өндөр болж байгаатай л холбоотой. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслөөс гурвыг нь гадны зээл тусламжаар эхлүүлсэн. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, үндэсний хиймэл дагуул Эрдэнэбүрэнгийн төслүүд хэрэгжээд явж байна. Мөн ТӨК-иудын хөрөнгө оруулалтаар дөрвөн төсөл нь хэрэгжих бөгөөд зарим нь төслүүд нь тендерээ зарлачихсан явж байна. Үлдсэн долоон төсөл нь төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Эдгээр төслүүдийн заримынх нь зээлийн ашиглалттай холбоотой төсөв дээр зардал тусгагдсан. Түүнчлэн зарим төслүүдийг явуулах эрх зүйн реформуудыг төсөв талдаа татварын бодлогоороо илүү дэмжих асуудлууд орсон. Энэ утгаараа төсөвтэйгөө холбогдож орж ирж байна.
Ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалт бүсчилсэн хөгжил рүү чиглэсэн. Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалт 4.3 их наяд төгрөгт хүрэхээр төлөвлөсөн.
Өмнө нь улсын төсвийн хөрөнгө оруулалт дээр 1100 гаруй төсөл батлагддаг. Тэдгээрийн 400-500 нь шинэ төслүүд байдаг. Тэгвэл ирэх жил 640 төсөл хэрэгжүүлэхээр төсөвлөсөн. Эдгээрээс 38 төсөл нь шинэ бүтээн байгуулалтын төслүүд байна.
Өөрөөр хэлбэл, ирэх оны төсөв эрчим хүч, зам тээвэр, суурь дэд бүтэц болоод бүсчилсэн хөгжил рүү чиглэсэн. Тухайлбал,баруун бүсийг хөгжүүлэхийн тулд зам, эрчим хүчнийх нь шинэ эх үүсвэрийг бий болгох ёстой. Яг ийм төслүүд рүү ирэх оны хөрөнгө оруулалтыг чиглүүлсэн. Олон төрлийн судалгаанд үндэслэж бодлогоо гаргасан. Төсвийн хөрөнгө оруулалтын гол зорилго бол суурь нийгмийн асуудлаа шийднэ. Хоёрдугаарт нь эдийн засгаа илүү төрөлжүүлж, улсынхаа өрсөлдөх чадварыг илүү сайжруулахыг зорьж байна. Дэлхийн банкнаас ч мөн Монгол Улсыг өрсөлдөх чадвар эдийн засгаа төрөлжүүлэхэд суурь дэд бүтцийнхээ хөгжилд анхаарах шаардлагатай гэдэг зөвлөмжийг өгсөн. Тиймээс энэ чиглэлд ирэх оны төсөв чиглэснээрээ илүү онцлогтой.
"ӨНГӨРСӨН ХУГАЦААНД НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ БОДЛОГО ДЭЭРЭЭ МОНГОЛ УЛС АЛДСАН"
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн А.ЭНХБАТ:
-Монгол Улсын хувьд жижиг зах зээлтэй, газар нутаг томтой. Хамгийн гол нь газрын доорх эрдэс баялгийн ашигт малтмал ихтэй улс орон. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс анхааруулж байгаа гол дүгнэлт бол уул уур уурхайн салбар дээр тулгуурласан Монгол Улсын хувьд ирэх оны төсвийн орлогын төсөөлөл тодорхой хэмжээгээр эрсдэл дагуулж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ байнга өндөр байхгүй. Түүхий эд хэрэглэдэг улс орнуудын эдийн засгийн төлөв, бусад улс орнуудын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал зэрэг олон хүчин зүйлүүдээс хамааралтай хэлбэлздэг. БНХАУ-ын гангийн үйлдвэрүүдийн гол түүхий эд нь нүүрс байдаг. Тиймээс тус улсын гангийн үйлдвэрлэл буурч байгаа нь Монгол Усаас худалдан авах нүүрсний хэмжээ болон үнэд шууд нөлөө үзүүлнэ. Гэтэл төсвийн төсөөлөл дээр нүүрсний тонн тутмын 105 доллароор тооцсон байна. Энэ дүнгээс үнэ буурах тусам тэр хэмжээгээр Монгол Улсын төсвийн орлого тасрах магадлал өндөр. Орлого тасарчихсан тохиолдолд зарлагыг заавал санхүүжүүлэх ёстой.
Энэ тохиолдолд гадаад эх үүсвэр хайна. Гадаад зээл, өндөр үнэтэй бонд худалдаж авах сонголттой тулна. Гадаад өр зээлийн хэмжээ тодорхой хэмжээнд тогтвортой байгаа хэдий ч цаашдаа өр нэмэгдэх эрсдэл бий. Өнгөрсөн хугацаанд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого дээрээ Монгол Улс алдсан. Газрын доорх эрдэс баялаг, ашигт малтмал, нүүрс, зэс, алт ,хүдэр гэх мэт түүхий эдийг борлуулаад л түүнээс орж ирсэн орлогоо бусад урсгал зарлага, цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх гэх мэт нийгмийн хамгааллын шинж чанартай арга хэмжээнд зарцуулж ирсэн.
Энэ удаагийн Хамтарсан Засгийн газрын нэг давуу тал нь эдийн засгийг олон тулгууртай, суурьтай болгох солонгоруулахыг зорьж байна. Тиймээс аж үйлдвэрийн салбарыг түүхий эд дээрээ тулгуурлан боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, эцсийн бүтээгдэхүүн болгож нэмүү өртөг шингээхийг зорьсон томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх гэж байгаа нь Засгийн газрын бодлого, зорилтын давуу тал болж байна.
Уул уурхайн ганцхан тулгуурлалт салбараас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлнэ гэдэг бол их зөв бодлого.
Зочин 2024-10-15 172.56.104.220
Олон юм ярьж цаг дэмий хөгжөөж байхаар ганц том ордоо улсын мэдэлд авчихвал та нарыг ажил хийлээ гэж үзье
Нэргүй 2024-10-15 172.56.104.220
нөхцөөх
Нэргүй 2024-10-15 202.126.91.198
Төсөв зүгээр ш дээ