Галактик, одон орон, од эрхэс, сансар огторгуй, өнгө өнгийн гэрэл гээд өмнө харж байгаагүй, олон мянган жилийн өмнө хэрэглэж байсан, нэр оноож мэдэхгүй эд зүйлс “UG Arena” цогцолборын гурван давхарт харагдана. Энэ бол “Сансрын долоо хоног” арга хэмжээний үйл явц юм. Цогцолборын гурван давхарт гарахад үүднээсээ эхлээд хүний сонирхлыг татахуйц зүйлсийг байршуулжээ. Хананд томоор "World Space Week Mongolia" гэсэн хаяг бүхий самбар байршуулсан бөгөөд урд нь хүүхдүүд дурсгалын зургаа татуулна. Эдгээр бүтээлүүдийг цаасан хайрцгаар буюу дахин ашиглаж боловсруулах боломжтой байдлаар хийсэн нь сонирхолтой санагдав.
Энд нэг хүүхэд хайч цавуу нийлүүлэн өөрийн төсөөллөөр сансар огторгуйг бүтээнэ. Харин өөр нэг газар өөрийн гараар хийсэн пуужингаа хөөргөж туршиж үзэцгээх аж. Энэ мэтчилэн гайхширсан, баярласан, хөөрсөн хүүхдүүдээр энэ танхим дүүрчээ.
"ӨӨР ГАРИГ ДЭЭР ИРСЭН ЮМ ШИГ МЭДРЭМЖ ТӨРЛӨӨ"
Дүрэмт хувцас, ижил биеийн тамирын хувцастай хүүхдүүд олон байгаа нь ангиараа явааг нь илтгэнэ. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ ангийн багшид санал болгосны дагуу ерөнхий боловсролын "Өнөр" цогцолбор сургуулийн 3е ангийнхан гариг ертөнц, од эрхэс, сансар огторгуйн шинжлэх ухаантай танилцахаар иржээ. Нийслэлийн "Өнөр" цогцолбор сургуулийн 3е ангийн багш Т.Цэнд-Аюуш “Гаднаас ороод ирэхэд өөр гариг ертөнц дээр ирсэн юм шиг маш өөр мэдрэмж төрлөө. Хүүхдүүд сонирхож үзэж харах зүйлс олон байна. Хүүхдүүд ийм танин мэдэхүйн зүйлс үзэж харах, өөрсдөө туршиж үзэх хэрэгцээ маш их бий. Олон хүн ирсэн болохоор жаахан замбараагүй байна. Энэ арга хэмжээг цөөн хоног зохион байгуулж байгаа нь харамсалтай.
Олон хоног үргэлжилбэл илүү олон хүүхэд үзэх боломж бүрдэх байх. Энд ирээд яг ийм орчин, шинжлэх ухаан, гариг ертөнцийн талаар судлахыг хүүхдүүд хүсч байгаа нь ажиглагдлаа. Ийм танин мэдэхүйн зүйлсээр үнэхээр хүүхдүүд дутагдаж байна" гэсэн юм.
"Хүүхдүүд ялангуяа бага ангийн хүүхдүүд ид юм юмыг сонирхож үздэг насан дээрээ байдаг. Тиймээс энэ үеэс нь эхлэн сонирхолтой зүйлстэй танилцуулж, туршиж үзүүлбэл тэндээс хүүхэд ирээдүйн мэргэжлээ сонгох, өөрийн дуртай зүйлээ олох боломж нь нээгддэг" гэдгийг Т.Цэнд-Аюуш багш хэлж байлаа.
Цаашдаа уг арга хэмжээг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан зохион байгуулж байвал илүү үр дүнтэй болох байх гэсэн юм.
Тэрбээр, сүүлийн үед хүүхдүүд шинжлэх ухаан, гариг ертөнц, одон орныг маш их сонирхдог судалдаг болсон байна. Үүнийгээ дагаад эцэг эхчүүд эрэл хайгуул хийж хүүхдүүдээ үзүүлж харуулахыг эрмэлзэж байна. Гэтэл Монголд энэ чиглэлээр үзэж харах зүйлс үнэндээ хомс, бараг байхгүй. Цаашдаа энэ тал дээр төр засаг анхаарлаа хандуулаасай гэж хүсч байгаагаа хэлж байлаа.
"Би ирээдүйд сансрын нисгэгч болно. Гэхдээ яг яаж болохыг сайн мэдэхгүй л байна. Том болоод илүү судалж үзнэ ээ" гэж итгэл дүүрэн хэлэх гялалзсан нүдтэй түүнийг Г.Эрдэмбилиг гэдэг. Түүнд энд байгаа бүх зүйлс таалагджээ. Тэрбээр, өөрийн гараар пуужин хийж хөөргөсөн гэнэ. Мөн сансар огторгуйн зураг зурж, паззл эвлүүлж өөр ертөнцтэй танилцаж, өөрийн төсөөллийн дэлхийг бүтээсэн нь үнэхээр гайхалтай санагдсан гэж ярихдаа хөөрч баярлаж байгаа нь илт. Энэ мэт хүүхдүүдэд үнэхээр сонирхолтой, гайхмаар олон зүйл байгаа нь тэдний үйл хөдлөлөөс харагдаж байв.
Ийнхүү монголчуудыг сансар огторгуйгаар аялуулсан долоо хоног дуусч байна. “Дэлхийн сансрын долоо хоног” арга хэмжээг анх НҮБ-ын Ерөнхий ассамблей 1999 оноос хойш дэлхий даяар жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм байна. Учир нь 1957 оны аравдугаар сарын 4-нд хүний гараар бүтсэн дэлхийн анхны хиймэл дагуул болох Спутник I-ийг сансар огторгуйд хөөргөсөн нь өнөөгийн сансрын судалгааны хөгжлийн эхлэл болжээ. Сансрын долоо хоногийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэж, сансар судлалын хөгжил дэвшлийг хэлэлцдэг аж.
Монгол Улс энэ жилийн тухайд “Сансар ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд гурав дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус арга хэмжээ нь хүүхэд залууст шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг таниулах, дэлхий даяар хүмүүст сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, түүний ач холбогдлыг сурталчлах зорилготой гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.
"ХӨӨХ" ГЭЖ ГАЙХШИРАХ ГАНЦХАН ХОРОМД ХҮҮХДҮҮД ШИНЖЛЭХ УХААНД ДУРЛАДАГ
Сансрын долоо хоногт зочилсноор Монголд цор ганц байх нүүдлийн планетариумыг сонирхож, сансарт ил захидал илгээх, өөрийн гараар пуужин хийж хөөргөх, сансрын нисэгчийн шалгалт өгөх, сансарт гарах жингүйдлийг мэдэрч үзэх боломжтой. Мөн цаасан онгоцны мастер болох, сансрын гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж, дрон нисгэж үзэхээс гадна хиймэл дагуул, сансрын судалгааны талаар монгол инженерүүдийн сонирхолтой илтгэлүүдийг сонсож болно. Энэ мэтчилэн олон сонирхолтой туршилт, үзүүлбэрүүдэд хүмүүс өөрийн биеэр оролцож болдог гэдгийг Дэлхийн сансрын долоо хоногийн Монгол дахь зохион байгуулагч Д.Мөнхтулга хэллээ.
Тэрбээр, Монголчууд шинжлэх ухаан, танин мэдэхүй, одон орон судлал гээд гариг ертөнцийн мэдээ мэдээлэл, үзэж харах зүйлээр ангаж, цангасан байна. Өдөрт 4000 гаруй хүн долоо хоногт 28 мянга орчим хүн ирсэн. Тэр дундаа хүүхдүүд маш их ирж байгаа гэлээ.
“Шинжлэх ухаан, сансар огторгуй гэхээр хүмүүс хол гэж боддог. Ялангуяа монголчуудын хувьд хол гэж ойлгодог. Шинжлэх ухаан юунаас эхэлдэг вэ гэсэн асуултад Аристотль маш товч тодорхой хариулсан байдаг. Шинжлэх ухаан бол гайхширахаас эхэлнэ гэж. "Хөөх" гэж гайхширах тэр нэг ганцхан хоромд хүүхдүүд шинжлэх ухаанд дурлах, алмайрах, түүнийг илүү судлах, илүү сонирхох, цаашдаа хичээллэх сэдэл төрдөг” гэв.
Энэ жилийн онцлог нь 21 аймагт бас зэрэг зохион байгуулж байгаа. Аймгийн төвөөсөө 60км, 100 гаруй километрийн цаанаас хүүхдүүд Сансар, огторгуйг харахаар, жаахан ч болов мэдрэхээр ирж байгаа гэж зохион байгуулагчид хэлж байсан юм. "Сансрын долоо хоног" арга хэмжээнд Монгол орон даяар 600 гаруй сайн дурын ажилтан оролцож байгаа юм байна.
Бас нэг сонирхолтой зүйл нь гэвэл одоогоос 50,60-аад жилийн өмнө хэрэглэж байсан зөөврийн компьютер, радио, гэрийн утас, тэр бүү хэл Вояажер I хөлөг дээр байрлуулсан Golden record буюу алтан пянз дээрх дуу авиаг сонсох боломжтой.
Тодруулбал, Уг алтан пянз нь 1977 онд "NASA"-гаас хөөргөсөн Вояажер I болон Вояажер II сансрын хөлөгт байрлуулан огторгуйн уудамд илгээсэн пянз юм.
Тус пянзанд дэлхий дээрх амьдрал, хүн төрөлхтний түүх, соёл, шинжлэх ухаан болон бусад мэдээллүүд байдаг. Вояажер I-ийн 40 жилд зориулан гаргасан “Voyager Golden Record” пянз Монголд цор ганц байдаг бөгөөд энэ нь “Сансрын долоо хоног”-ийн онцлох үзмэрт тооцогдож байгаа юм.
Гэрэл зургийг О.Болорсувд
Нэргүй 2024-10-10 66.181.184.64
Уур амьсгалын өөрчлөлт гэж байхгүй учир нь нар энергиэ алдаж байгаа учраас улам хүйтэрч байгаа. Муу баас монголчууд АНУ-ын бодлогыг дэмжээд, өөрсдийнхөө ганц экспорт болох нүүрсийн эсрэг байна.
Монгол Улсын иргэн 2024-10-10 122.201.31.88
ийм сайхан арга хэмжээг ЕБС-ийн хүүхдүүдийг бүрэн хамруулахаар зохион байгуулж блхгүй л байсан байх даа, мөнгө санхүү нь хэцүү бдг юм блв уу. уг нь бүүр хуваарь гаргаад хүүхдүүддээ үзүүлсэн бол ч….
Нэргүй 2024-10-10 66.181.176.197
Хүүхэдийнхээ сурах бичигийг нээгээд үз бүгд бүүр маш дэлгэрэнгүй байгаа муу ааваа арай одоо сургуульд заадаггүй ыолсон гэж бодоод байгаам биш биз
хүннү 2024-10-10 202.9.47.0
Сүүлийн хорин жилд манай боловсрол ёстой харийхны гарт орж жинхэн банзалтсандаа. Одоо тэр л хэвээрээ байна. 50-90 он хүртэл сурч байсан хүүхдүүд 10 жилийн боловсролоосоо л дэлхий ертөнц, од гараг, нар сар, тэдний хөдөлгөөн, жилийн 4 улирал, өдөр шөнө хэрхэн солигдодгийг Түмэн бодис, Газар зүй, Физик, Одон орон судлалын хичээлүүдээс мэдээд авчдаг байсан. Одоо сургалт өөр болсон тэр хэрээр юу ч мэдэхгүй болсон.
Нэргүй 2024-10-10 66.181.160.102
Санал нэг байна. Уул тахиж биш үүлэнд нөлөөлж бороо оруулдагийг, дэлхий бөөрөнхий бас эргэдэг, эргэхдээ нарыг тойрч бас эргэдэг гэж мэддэг болгоод өөрийн чинь хэлдэгээр түмэн бодис, байгалийн ШУ-ны мэдлэгтэй болгоход анхаарах хэрэгтэй байна