-Оршин суугаа хаягаасаа өөр газар ажиллаж, сурдаг сонгогчдын эрхийг хангахаар байгууллагууд анхаарч эхэлжээ-
Үргэлжлэл…
Өмнөх нийтлэлийг https://news.mn/r/2756645/ холбоосоор уншина уу.
Сонгогчдоос сондгойрч үлддэг уул уурхай, зам тээврийн салбарын ажиллагсад болон оюутнуудын сонгох эрхийг хангуулах талаар Сонгуулийн ерөнхий хороо салбарын сайд нар болон холбогдох байгууллагын удирдлагуудтай удаа дараа уулзалт хийж, албан бичиг солилцжээ. Үүний үр дүнд ажил олгогчид ажиллагсдадаа сонгуулийн саналаа өгөхөд чөлөө олгож, унаа тэрэг гаргаж өгөх зэрэг боломжоор хангадаг сайн жишиг тогтлоо. Сонгуулийн хуулийг биелүүлэхийг дээд байгууллагуудаас нь даалгадаг болжээ. Сонгогчид эрхийг нь хангахгүй ажил олгогчоо Зөрчлийн хуулийн дагуу 10-100 сая төгрөгөөр торгуулах хуультайг мэддэг болсон байна. Үйлдвэрчний эвлэлийн холбоод ч энэ чиглэлээр шаардлага тавьдаг сайн жишиг тогтжээ. Цаашид чөлөө олгосон хугацаанд цалин, урамшууллыг бүтэн олгох, цаашлаад ажилтнуудын гаргасан урьдчилан саналаа өгөх зэрэг нь хуулийн хүрээнд боловсронгуй болох биз ээ.
АЖИЛТНУУДЫНХАА СОНГОХ ЭРХИЙГ ХЭРХЭН ХАНГАСНАА ЯАМДАД ТАЙЛАГНАНА
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба зэрэг харъя байгууллагууддаа “… Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн албан бичгээр уул уурхай, эрдэс баялаг, газрын тосны салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн сонгох эрхийг эдлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч, сонгуулийн хуулийг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн. Иймд тус албан бичгийн дагуу холбогдох арга хэмжээ авч, хариуг эргэж мэдэгдэнэ үү” гэсэн агуулга бүхий албан бичгийг 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүргүүлжээ.
Улмаар Үндэсний геологийн алба Геологийн-судалгаа шинжилгээний төв ТӨҮГ болон улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны төсөл хэрэгжүүлж байгаа 18 аж ахуйн нэгжид хууль хэрэгжүүлж, ажиллагсдадаа чөлөө олгож, саналаа өгөх боломжоор хангахыг үүрэг болгосон байна. Ашигт малтмал, газрын тосны газар ч мөн дээрх агуулга бүхий үүргийг уул уурхайн салбарын 317, Газрын тосны салбарын 67 аж ахуйн нэгжид албан бичгээр өгчээ. Өөрөөр хэлбэл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд сонгуулийн хуульд заасан “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэсэн хуулийн заалтын хэрэгжүүлэх чиглэлийг орон нутгийн сонгуулийн өмнө авсан гэсэн үг.
“ЦАЙРТМИНЕРАЛ”: АЖИЛЧДАА САНАЛ ӨГӨХ БОЛОМЖООР БҮРЭН ХАНГАНА
“Сонгуулийн боловсрол” клубийн гишүүд Өмнөговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллах үеэр дээрх албан бичгийг авсан уул уурхай, газрын тосны компаниудад ажилласан. Компаниудын зүгээс ажилтнуудаа чөлөө олгож, унаа гаргаж өгөх зэргээр саналаа өгөх боломжоор хангадаг. Гэхлээ олборлолт тасралтгүй үргэлжлэх шаардлага, ажилтнууд хол явж саналаа өгөх зэргээс шалтгаалж хууль хэрэгжүүлэхэд хүндрэл гардаг учраас эрх зүйн зохицуулалтаа өөрчлөх шаардлагатайг тайлбарлаж байсан юм.
Бидний очсон Монгол-Хятадын хамтарсан “Цайртминерал” ХХК нь 380 орчим монгол ажилчинтай. Ажилчдын 80 орчим хувь нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Сүхбаатар сумынх. Тус компанийн Тамгын хэлтсийн дэд дарга Ц.Лхамсүрэнгийн өгсөн мэдээллээр ажилчид 3 ээлжээр ажилладаг. Өдөр ээлж солигддог учраас саналаа өгөхгүй хоцрох асуудал гарахгүй гэж үзэж байгаа аж. Улаанбаатарын харьяатай ажилтнууддаа 3 хоногийн цалинтай чөлөө өгдөг учраас уурхайн бүх ажилчид саналаа өгөх боломжтой гэж онцолсон. Мөн сонгуулийн хууль, тогтоомж сурталчлах, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтыг төрийн байгууллага, нам эвслээс ажилчидтай хийхэд зохион байгуулалтаар хангадаг талаар мэдээлсэн.
ОЮУТНУУД: САНАЛАА ӨГӨХИЙГ Л ХҮСДЭГ
МУИС-ийн оюутнуудаас саналаа өгөх үү гэж асуухад олонх нь “Заавал иргэний үнэмлэхийн хаягаар гэдэггүй бол саналаа өгмөөр байна. Манай сургуулийн хотоос ойрхон гэртэй оюутнууд пүрэв гаригт яваад баасанд саналаа өгөхөөр ярилцсан. Санал өгөх өдөр хичээл орохгүй учраас боломжтой юм байна лээ. Харин хол аймгийн оюутнуудын хувьд зардлаас эхлээд асуудалтай. Цаашид цахимаар саналаа өгчихдөг бол залууст маш хэрэгтэй” гэж ярьсан юм. Мөн “Залуусын оролцоо муу гэж сонгууль бүрээр ярьдаг. Гэхдээ залуус аль болох саналаа өгөхийг хүсдэг. Яалт ч үгүй байнга оршин суугаа хаягаасаа өөр газар суралцаж, ажиллаж байгаа зэрэг шалтгаан ирц буурахад нөлөөлдөг” гэж учирлаж байсан юм.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон аймгийн Боловсролын газрын дарга нарт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нийцүүлэн хамтран ажиллах тухай албан бичгийг 2024 оны 9 дүгээр сарын 11-ий өдөр хүргүүлжээ. Улмаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарантай уулзахдаа оюутнууд сонгох эрхээ эдлэхээр чөлөө хүсвэл олгох талаар их, дээд сургуулийн удирдлагуудад нэгдсэн мэдээлэл, зөвлөмж өгөх талаар санал нэгджээ. Өөрөөр хэлбэл, оюутнууд саналаа өгөхөөр чөлөө хүсвэл их, дээд сургуулиуд чөлөө олгохоор болсон байна.
ЦААШИД ХЭРХЭХ ВЭ
Ямартай ч 2024 оны хоёр сонгуулиар хаяг дээрээ байхгүй гэх шалтгаанаар сонгогчдоос сондгойрч үлддэг сонгогчдын эрхийг хангах талаар бүх шатандаа дуугарч, ажил олгогчид хууль хэрэгжүүлэх алхмуудыг хийж эхэллээ. Цаашид энэ чиглэлээр хуулийг боловсронгуй болгох шаардлага байгааг бүх талууд хүлээн зөвшөөрсөн.
Уул уурхай, зам тээврийн компаниудад ажиллаж удирдлага болон ажиллагсадтай уулзахад сонгох эрхийг эдлүүлэх чиглэлээр эрх зүйн орчин, хуулийн зохицуулалтыг сайжруулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, уул уурхайн салбарынхан
-Уул уурхайн төвлөрөл үүссэн газруудад санал авах байр байгуулах
-Цахимаар санал авах боломжийг бүрдүүлэх
-Урьдчилж санал авах зохицуулалтыг хуульд тусгах
-Сонгогчдын нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн оршин суугаа хаягаар биш тухайн тойрогтоо санал өгөх боломжийг бүрдүүлэх
-Зөөврийн санал авах хайрцгийг ажиллуулах эрх зүйн орчинтой болох
-Чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах хуулийн заалтыг нарийвчилж цалинтай чөлөө олгох, ирж очих боломжийг байгууллагаас бүрэн бүрдүүлдэг байх. Ээлжийг нь зохион байгуулаад чөлөө өгөөд явуулахад хуульд заасан 1 хоног хүрэлцэхгүй тул 72 цагийн чөлөө олгох зохицуулалтыг тусгаж өгөх зэрэг саналууд гарч байлаа.
Ачаа тээврийн салбарынхны хувьд дээрхээс гадна санал авах өдөр хил хаах зохицуулалт хийхийг санал болгосон юм.
Оюутнуудын хувьд ч урьдчилж, цахимаар зэрэг санал өгөх олон боломжийг бүрдүүлэх, заавал байнга оршин суугаа хаягаараа биш уян хатан зохицуулалтыг хуульд тусгах нь зөв гэсэн байр суурьтай байсан юм.
Сонгуулийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн дараа Улсын Их Хурлын чуулганд тавьсан илтгэлдээ “… сонгууль зохион байгуулахад тодорхой хэд хэдэн чиглэлээр анхаарч ажиллах шаардлага үүсэж байгааг онцлон дурдаж байна. Тухайлбал санал авах ажиллагааг тодорхой хугацаанд урьдчилан авах, хэсэгчлэн цахимжуулах зэргээр сонгогчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шинэчлэлтэй холбоотой шийдвэр гаргаж сонгох эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Санал авах ажиллагааны цахим системийн оновчтой шийдлийг нэмэгдүүлж, хэсэгчлэн нэвтрүүлснээр саналаа өгөхөд хүндрэл үүсдэг зарим асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Тухайлбал улирлын шинжтэй ажилладаг уул уурхайн салбарын ажилчид, оюутнууд, мөн онцгой нөхцөл байдлын улмаас сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулахад үүрэг гүйцэтгэж буй онцгой байдлын зэрэг чиг үүргийн байгууллагын албан хаагчид саналаа өгөхөд үүсдэг хүндрэлийг багасгаж, байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байгаа тохиолдолд саналыг нь урьдчилан авах, саналаа өгөхөд нь цалинтай чөлөө олгох зэрэг ажиллагааг зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна…” гэж онцолсныг дахин сануулъя.
Ц.Өрнөх
хүннү 2024-10-10 202.9.47.0
Оюутнууд санлаа өгөхөөр “чөлөө хүсвэл”…гэж юугаа донгосоод байгаа юм? Шууд 3 өдрийн чөлөө олго.
Нэргүй 2024-10-10 202.131.234.123
зүгээр сургуулийн тодорхойлолт аваад санал өгөх шилжүүлэг хийгээд болоо.