Ардчиллыг өмчилж, албан тушаалын гишүүр болгож ирсэн Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшин ялалт байгуулж, улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон О.Алтангэрэлийн амнаас “авлигачдын хууль бус хөрөнгийг хураана, авна” гэх үг айдас, хүйдэсгүйгээр унадаг болжээ.
Түүний санаачилан боловсруулсан, удахгүй УИХ-д өргөн барихаар зэхэж буй Авлигын эсрэг хууль парламентаар батлагдсан нөхцөлд шүүгдэгчээс ямар нэгэн тайлбар сонсох, хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүйгээр хууль бус хөрөнгийг нь хураах нөхцөл бүрдэх юм байна.
Авлига нь зөвхөн Монголын биш аль ч улсын нийгэм, эдийн засгийн хорт хавдар мөн. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд харшилж, үндэсний аюулгүй байдалд заналхийлдэг аюулт дайсан. Авлигачдыг цадаж ханадаггүй албин чөтгөрүүд гэвэл Монгол Улс чөтгөрийн тойргоосоо гарах нь, хэзээ, яаж гэдэг нь асуултын тэмдэг болжээ.
1.
Авлигатай ганцхан Монгол Улс тэмцээд байгаа юм биш, дэлхийн бүх улс орнууд авлигатайгаа тэмцэж байна.
Монгол Улсын 55 мянга орчим хүн оршин суудаг БНСУ 2016 онд Авлигын эсрэг хуулийг баталсан. Уг хуульд төрийн албан хаагч, сэтгүүлч, багш зэрэг албан тушаалтан үйлчлүүлэгчдээсээ тодорхой хязгаарыг давсан бэлэг сэлт хүлээн авахыг хориглосон байдаг. Өмнөд Солонгосын Авлигатай тэмцэх иргэний эрхийн комисс нь авлигаас урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах үүрэгтэй төрийн анхан шатны байгууллага юм. Гэхдээ өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгадаг тусгай албатай. Авлига, албан тушаалын хууль бус үйдлийн талаар мэдээлсэн аливаа хүнийг БНСУ-д Шүгэл үлээгчийн хуулиар хамгаална. Хамгийн гол нь авлигын талаарх мэдлэг мэдээллийг иргэдэд түгээхэд ихээхэн анхаардгийн нэг илрэл нь боловсролын хөтөлбөртөө авлигын тухай хичээлийг суулгасан байна.
Тэгвэл Монгол Улсад авлигатай тэмцэх газрыг байгуулаад 17 жил болж буй агаад үндсэн чиг үүрэг нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах юм.
Улс орнуудын авлигын эсрэг бодлого шийдвэр, тусгай байгууллагынх нь үйл ажиллагаа хэрхэн үр дүнд хүрч буйг “Транспаренси интернэйшнл” байгууллагын гаргасан жил бүрийн индексээс харж болно.
2023 онд дэлхийн 180 орноос Өмнөд Солонгос 33 дугаарт, Монгол Улс 121-т жагссаныг “Транспаренси интернэйшнл”-ээс зарласан билээ. Товчхондоо, авлигын эсрэг Монголын төрийн бодлого байндаа ч, банзандаа ч туссангүй гэсэн үг.
Г.Занданшатарын авлигын эсрэг цогц бодлогыг Д.Амарбаясгалангийн шинэ парламент залгамжлахаа, өмнөх Засгийн газрын “таван Ш ажиллагаа”-г хамтарсан засаг үргэлжүүлэхээ зарласан. Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр шударга ёсны илд бамбай нь байхаа мэдэгдэж байснаас яг нэг жилийн дараа ардчиллын ачаар түүний суудалд заларсан О.Алтангэрэл авлигачдын хууль бус хөрөнгийг хураахаа мэдээлэв. Сөрөг хүчний үүргээ албан тушаалаар зарчихсан Ардчилсан намын сайд нар Ардын намын хий гэснийг энэ мэт хийж, хэл гэснийг нь хэлэхээс өөрөөр өрөвдөлтэй нь өөрийн толгой, үнэт зүйл гэж тэдэнд алга. О.Алтангэрэл хуулийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн өмгөөлөгч, хүний эрх, эрх чөлөөний хамгаалагч, мөн ардчиллаар туг хийж ирсэн намын гишүүний хувьд санаачилан батлуулахаар бэлтгэж буй хуулийнхаа үр дагаврыг өнөөдөр тооцож үзээгүй гэвэл худлаа болно. Авлигачдын хөрөнгийг хураах амбиц нь ард түмэнд таалагдаж болох ч хожмоо амаа бариад нэмэргүй зуун жилийн өмнөх хэлмэгдүүлэлтийн гашуун түүхийг эргэн авчирч мэдэх юм.
Чухам энэ хардлага О.Алтангэрэлийн амаар хэлүүлж, гараар хэрэгжүүлэхээр боловсруулж буй Авлигын эсрэг хуулиас айхын гол шалтгаан.
2.
Ленин, нам хоёр ихэр ах дүүс юм гэдэг шиг авлига, Ардын нам хоёр нэг зоосны хоёр тал. Энэ нь авлигатай тэмцье гэвэл Ардын намтай тэмцэх шаардлагатай болно гэсэн утгатай. Авчиг О.Алтангэрэлд Л.Оюун-Эрдэнийн намынх нь анд нөхдийн авлигын хөрөнгийг хураах эр зориг болоод ухаан бий эсэх нь бүр эргэлзээтэй. Тэр тусмаа түүнийг улс төрд хөтлөн оруулж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн Женко.Баттулгатай холбоотой авлигын хөрөнгийн асуудал үүсвэл “загалмайлсан эцэг-ээ барьж хорьж чадах эрх мэдэл түүнд байгаа эсэх нь бас юу л бол?!.
Монголд авлига, албан тушаалын аливаа баривчилгаа хэвлэлийн камертай сүр дуулиантай явагддаг ч эсрэгээрээ шүүхээс оноодог ял нь өнчин ишиг хулгайлсны дайны шийтгэл болж чаддаггүй, Хамгийн сүүлийн факт гэвэл 40 их наядын нүүрсний хулгайн хэрэгт хорих шийтгэлээ эдлэж буй “Эрдэнэс Тавантолгой” гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ялыг давахын шүүх нь хөнгөрүүлсэн нь анхан шатны шүүх алдаатай шийдвэр гаргасандаа байсан гэсэн үг бүр биш. УИХ-ын дээд төвшинд улс төрийн тохироо явагдсан нь шүүхийн шийдвэрээс тодорхой уншигдсан.
Мөн УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарын хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь өнгөрөгч зуны парламентын сонгуулиар МАН-д үйлчилсний шагнал юм.
Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон “Эрдэнэс Монгол”-ын экс захирал Д.Хаянхярваа, “Эрдэнэc ресурс”-ийн Т.Мөнхбаяр, ЖДҮХС-гййн сэжигтүүдэд их л сайндаа торгуулын ял оноосон.
Энэ мэт “хоёр нүүртэй” шүүхийн шийдвэр, Төрийн ордны аль нэг давхраас өгдөг “албан бус” чиглэл нь Монголын авлигачдыг айдасгүй болгож хувиргадаг. Хэрэв хуулийнхан нь хуульдаа үйлчилдэг, шүүгч нь ёс зүйдээ үнэнч бол авлигачдын хөрөнгийг хураах нь авлигачдын хувьд шоронд сууснаас хатуу шийтгэл болох юм шүү дээ, уг нь.
Даанч манайд хуулиа худалдаад иддэг хуульч, шүүгч олон. Тэр тундаа улстөрчид нь хууль ашиглаж, хувийн өш хонзонгоо авах хэрэгсэл болгодог. Жишээ нь, Женко.Баттулга Ерөнхийлөгчийн инстутицийг ашиглан эртний хорслоо тайлсан. Мөн Кремлийн захиалгыг биелүүлсэн.
Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэг том ордуудтой холбоотой Монголд ашигтай шийдвэр гаргасан бүхнийг толгой дараалан баривчилж ял шийтгэл оноосон нь Н.Азизовын хүсэл байсныг Н.Номтойбаяр илчилсэн билээ.
Авлигачид, албан тушаалын хэрэгтнүүд бол эх орноосоо урван тэрслэгчид мөн үү, мөн. Гэлээ гээд жоомоо алахын төлөө гэрээ шатааж болохгүй. Тэр тусмаа өргөсөн тангарагтаа биш томилсон даргадаа үйлчилдэг, наанаа хуулийн засаглал ярьдаг ч цаанаа хувь хүний засаглалд худалдагддаг хууль шүүхтэй байж “авлигачдын хөрөнгийг хураах” О.Алтангэрэлийн хуулийн төсөл том зургаараа ардчиллын эсрэг үг-үйлдэл болж мэднэ.
Авлигачдаас хураасан хөрөнгийг боловсрол, эрүүл мэндэд зарцуулна гэдэг употи улс төр. Ц.Нямдорж долоон жилийн өмнө “Эрдэнэт” зуун хувьд ард түмний өмч боллоо гэсэн, атал Ардын намын цөөн хэдэн даргын саалийн үнээ нь байсаар л байна.
Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны дээрэм, ногоон автобусны луйврын хэргүүдийн шийдвэрлэлтээс харахад даргын талын авлигач хөрөнгөтэйгөө үлдэж, даргын эсрэг дайсан хөрөнгөө хураалгаж мэдэхээр, шинэ 30 жилийн их хэлмэгдүүлэлт эндээс эхлэхгүй гэх газаргүй юм. Энэ тохиолдолд О.Алтангэрэл санаачилсан хуулийнхаа шанг хэзээ нэгэн цаг хүртэж мэднэ. Будда хүртэл ингэж хэлсэн юм гэнэ лээ, “Өөрийн хийсэн үйлийг бусдад тохох боломжгүй” гэж. Үүнийг монголчууд үйлийн үр эзнээ отдог гэдэг.
Улс төрийн өрсөлдөгчдөө намнах зорилгоор АТГ-ыг байгуулсан Н.Энхбаяр хожмоо яалаа. Оймсыг нь гозолзуулаад АТГ-ынхан аваад явсан нь гашуун сургамж хийгээд бодит түүх юм.
Жич: Монголд авлига буурахгүй байгаа үндсэн шалтгаан нь ДАРГЫН ТАЛ БА ДАЙСНЫ ТАЛ гэсэн дабль стандарт юм шүү дээ!
3,548.92






















































Холбоотой мэдээ