Трампийг удирдах илгээлтийн эзэн

ХҮМҮҮС

Трампийг удирдах илгээлтийн эзэн

Трампийг удирдах илгээлтийн эзэн

НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн даргаар гурван ч удаа улиран сонгогдож ажилласан Йенс Столтенберг дараагийн хүндээ залгамж халаагаа өгөөд удаагүй байна. Эвслийн гишүүн 32 орон албан ёсоор хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Нидерландын ерөнхий сайд асан Марк Рутте НАТО-ийн шинэ дарга боллоо. Дэлхийн хамгийн хүчирхэг цэргийн эвслийг удирдах хариуцлагатай ажилд аравдугаар сарын 1-нээс томилогдоод буй Марк Руттег бид өнөөдөр ХҮМҮҮС буландаа онцолж байна.


Марк Рутте 1967 онд Нидерландын Өмнөд Голланд мужийн Гаагт төржээ. Тэрбээр худалдаачин Изаак Рутте болон түүний хоёр дахь эхнэр Хермина Корнелиа Диллин нарын отгон хүүхэд болон мэндэлсэн. Аав нь хоёр удаа гэрлэсний үр дүнд Рутте ах дүү долуулаа болжээ. Нэг ах нь 1980 онд ДОХ өвчнөөр нас барсан бөгөөд энэ үйл явдал амьдралыг харах өнцгийг нь өөрчилсөн гэж Рутте ярьдаг.

УРЛАГААС УЛС ТӨР ЛҮҮ

Тэрбээр 1979-1985 онд Мэрлант лицей сургуульд урлагийн чиглэлээр сурчээ. Улс төрийн карьер хөөж, дэлхийн хамгийн том цэргийн эвслийг удирдах болсон Руттегийн чин хүсэл нь анхандаа хөгжимөөр замнаж, төгөлдөр хуурч болох байв. Гэсэн ч тэр урлагийн чиглэлээр яваагүй бөгөөд Лейден их сургуульд түүхийн ухааны мастерын зэрэг хамгаалжээ.

Сургуулиа төгсөөд “Юниливер” компанид менежерээр ажилд орсноор бизнесийн ертөнцөд хөл тавив. 1997 оныг хүртэл тэр хүний нөөцийн хэлтэст ажиллаж, тасралтгүй ахиж дэвшсээр 2000 онд Байгууллагын хүний нөөцийн группийн гишүүн болжээ. 1993-1997 оны хооронд тэр Нидерландын либерал улс төрийн нам болох “VVD” байгууллагын гишүүн байсан.

Түүний улс төрийн карьер 2002 онд Нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласнаар эхэлжээ. Үүнээс хойш Боловсролын яамны Дээд боловсрол, шинжлэх ухааны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2006 онд огцорсон. Улмаар “VVD”-ын парламентын тэргүүн болж удирдлагын багийн хамгийн чухал хүн болжээ.

Тэрбээр 2010 оноос ерөнхий сайдын албан тушаалд дөрвөн ч удаа улиран сонгогдож ажиллажээ. Нидерландын ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан Рутте албан тушаал хаших хугацаандаа дуулиан шуугианаас холуур өнгөрдөг байснаараа алдартай. Учир нь тэр янз бүрийн нөхцөлд биеэ барихдаа гаргууд, буулт хийх чадвар сайтай.

Гэхдээ дөрөв дэх бүрэн эрхийн хугацаандаа нэг удаа гар утасны мессежтэй холбоотой дуулианд холбогджээ. Архивын тухай хуулийн дагуу тэр утасныхаа мессежүүдийг дур мэдэн устгах хориотой. Гэтэл хуучин Нокиа утасныхаа мессежийг Рутте олон жилийн турш устгаж, хадгалах эсэхээ өөрөө шийддэг байсан нь тогтоогдсон. Тэрбээр утасны багтаамж хэтэрхий хурдан дүүрээд байсан гэдгийг тайлбарыг өгчээ. Гэхдээ үүнийг бусад сайд нар үндэслэлтэй шалтаг гэж үзээгүй юм. Энэ нь ард түмний улс төрд итгэх итгэлийг сэргээх, засаглалын шинэ соёлыг бий болгох гэсэн Руттегийн сонгуулийн кампанит ажлын амлалттай зөрчилдөж байна гэж тэд үзсэн.

Хамасаас Газын зурваст хийсэн халдлагыг тэр буруушаадаг. Тэрбээр Израилийн өөрийгөө хамгаалах эрхийг дэмжиж буйгаа илэрхийлэн, аравдугаар сарын 23-нд тус улсад айлчилж байжээ.

Йенс Столтенбергийг 10 жилийн өмнө албан тушаалаа хүлээж авахад аав нь “НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг уйтгартай тоглолт байх болно” гэж хэлж байжээ. Тэгвэл Руттегийн хувьд уйтгартай тоглолт байх эсэх нь эргэлзээтэй. Учир нь Газын зурвасын мөргөлдөөн, Орос, Украины дайн гээд Марк Рутте өдгөө геополитикийн хамгийн хүнд сорилтуудтай нүүр тулаад байна.

ТРАМПИЙН ШИВНЭГЧ

Дайн мөргөлдөөнөөс гадна НАТО-ийн өмнө тулгарч буй бас нэгэн сорилт бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль. Руттег нэгэн цагт “Трампийн шивнэгч” гэж нэрлэж байв. Энэ нь 2018 онд болсон явдлаас үүдэлтэй хоч юм. Тухайн үед НАТО-ийн зарлагын талаар ширүүн хэлэлцүүлэг өрнөхөд Трамп “Бусад улс орон цэрэг армидаа илүү их мөнгө зарцуулж эхлэхгүй бол АНУ өөрийнхөө замаар явна” гэж анхааруулжээ. Энэ үед Рутте нөхцөл байдлыг аварч, батлан хамгаалахын зарлага нэмэгдсэн гэдгийг Трампад баталж чадсан байна.

Дональд Трамп хэзээнээсээ НАТО-г шүүмжлэгч бөгөөд “АНУ-ын төлөө биш л бол НАТО гэж шууд утгаараа байхгүй” гэж хэлдэг. Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэхэд Рутте шивнэх авьяасаа дахин гаргах эсэхийг олон нийт харж байна.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын туслах асан, Европын гадаад харилцааны зөвлөлийн гишүүн Камилла Гранд хэлэхдээ “Рутте Европ дахь хамгийн удаан ажилласан ерөнхий сайдын хувьд Трамп 1 – ийн уналт, босолтыг үзсэн хүн. Одоо Трамп 2 – ыг удирдахад хамгийн тохиромжтой хүн бол Рутте” гэжээ.

Украинд тууштай дэмжлэг үзүүлэх байр суурийг баримталсаар ирсэн Руттег өдгөө Европын орнуудын аюулгүй байдлын сорилтод нэн тэргүүнд анхаарлаа хандуулна гэж найдаж байна.

Нидерландын ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгснөөс хойш Рютте олны анхаарлын төвд байхаас зайлсхийж, долдугаар сард Вашингтонд болсон НАТО-ийн дээд хэмжээний уулзалтыг алгассан. Өдгөө албан тушаалаа нэгэнт хүлээж авсан түүнд хандан Германы канцлер Олаф Шольц “Таны туршлага, аюулгүй байдлын бодлогын талаарх мэдлэг, дипломат ур чадвар тань яг зөв газартаа ирсэн байна” гэж хэлжээ.

Марк Руттег албан тушаалд томилогдсон өдөр "Politico" цахим хуудас "Уучлаарай, Рутте. НАТО-д ямар ч бал сар байхгүй нь дээ" гэсэн нийтлэл гаргасан билээ. Марк Руттед бал сар тэмдэглэлгүйгээр аюулгүй байдлын хурцадмал асуудлуудад ханцуй шамлан орохоос өөр сонголт үгүй.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO, EURO NEWS, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-10 192.42.116.184

Рутте гоомоо юм чинь шивнэж л ярилгүй яахав, ккк

Avatar

Нэргүй 2024-10-10 66.181.160.102

Чиний зүүдлэхчгүй өндөрлөгт хүрчихсэн хүн байна. Чи бид 2 улны улны уланд заяатай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж