"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор жүжигчин бүсгүйг онцолж байна. Түүнийг Ариунбямбын Номин-Эрдэнэ гэдэг. Тэрбээр өвөө, аавынхаа мэргэжлийг залгамжилсан гэр бүлийнхээ гурав дахь үеийн уран бүтээлч юм. “Би багаасаа театрт өссөн болохоор ирээдүйд энэ мэргэжлийг л сонгох ёстой юм шиг боддог байсан" хэмээн өгүүлэх түүний сонирхолтой ярилцлагыг хүргэе.
АРИУНБЯМБА НОМИН-ЭРДЭНЭ 2002.07.28
Төгссөн сургууль:
Монгол Улсын консерватори /2019 он/
Соёл урлагийн их сургууль /2023 он/
Мэргэжил:
Тайз, дэлгэцийн жүжигчин
Одоо эрхэлж буй ажил:
УДЭТ-ын театр студийн жүжигчнээр ажиллаж буй
Сошиал хуудас:
УРЛАГИЙН ГЭР БҮЛД ӨССӨН ОХИНЫ ХҮҮХЭД НАСНЫ ДУРСАМЖААС ЯРИАГАА ЭХЭЛЬЕ?
-Миний хүүхэд нас 10 хүртлээ их жаргалтай байсан. /инээв/ Багаасаа л аав, ээжийгээ бригадаар их дагаж явдаг. Аавтайгаа өглөө хичээлдээ явж байгаад "Хоёулаа өнөөдөр хичээлээ таслах уу" гээд л театр дээр өнжчихнө. Дараа нь ээждээ баригдаад бөөн юм болдог байлаа. Заримдаа аав, ээж хөдөөгүүр зурганд явахаар гэртээ эмээтэйгээ хоцорно. Театрын уран бүтээлчдийн хүүхдүүдтэй тайзан дээр тоглож наадна.
Арай том болж хичээлийнхээ хажуугаар дугуйланд хамрагддаг болсноор тоглох ч завгүй болж эхэлсэн. Өглөө нь хичээлдээ, өдөр нь дугуйландаа явна.
Хүүхэд насаа тэр үеэс хойш мэдрэхээ больсон гэх үү дээ. Үеийн хүүхдүүдээ харахаар дуртай цагтаа тоглож, найзуудтайгаа хамт цагийг өнгөрүүлдэг байлаа. Би багаасаа нийтэч, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Хаана уралдаан тэмцээн болно тэр болгонд оролцоно. Цэцэрлэг, сургуулийн бүжиг, уран уншлага, бяцхан миссийн тэмцээнд орж, хэд хэдэн удаа шагнал авсан. Намайг аав, ээж хоёр маань маш их дэмжиж, бэлдэж өгдөг байлаа. Ер нь багаасаа л өөрийгөө мэдэрч, урлагийн хүн болох хүсэл мөрөөдөлтэй болсон гэж ойлгож болно.
АНХНЫ АМЖИЛТ
-Анх би 2007 онд "Үхэж үл болно" уран сайхны кинонд Минлэг эцгийн бага охины дүрд тоглосон. Гэхдээ энэ дүр нь уран сайхны кинонд гараагүй. Дараа нь Соёл урлагийн их сургуульд ороод "Оранж" энтертайнмент болон VOO хамтарсан "Search" төсөл дээр ажилласан. Тэр төсөл намайг олон хүнтэй танилцуулж, үүд маш том үүд хаалгыг нээж өгсөн. Энэ төслөөр дамжуулан найруулагч П.Лхагвадуламтай танилцаж, "Есдүгээр сарын цас", "Сэр сэр салхи" кинонд тоглох боломжийг олгосон юм.
ААВ, ЭЭЖ НЬ ХОЁУЛАА МЭРГЭЖЛИЙН ЖҮЖИГЧИН. ОХИНДОО ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГДӨГ ВЭ?
-Надад тусгайлан зөвлөгөө өгөөд байдаггүй. Тэр тусмаа контентын түвшний уран бүтээлд ач холбогдол өгдөггүй. Бүрэн хэмжээний уран сайхны киноны дүрийн маань зохиолыг уншиж, ганц нэг зөвлөгөө өгдөг. Тэрнээс цаашаа бодох зүйлсийг өөрт минь үлдээдэг. Харин дүр дээр ажиллаж дууссаны дараа хамтдаа үзээд ярилцдаг. Бас надад уран бүтээлч хүн хариуцлагатай байх ёстойг анхааруулж, хэлдэг.
Ер нь аавынхаа тоглосон дүрүүдэд их хайртай. Тэр дунд аавын тоглосон "Гэгээн тамлан" жүжгийн Чинхэм хаан, "Бэрд" жүжгийн харамч Гарпагоны дүрд нь илүү хайртай. Мэргэжлийн уран бүтээлчид ч энэ дүрүүдээр нь үнэлдэг юм.
ГЭР БҮЛИЙНХЭЭ ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН УРАН БҮТЭЭЛЧ. ААВЫНХАА НҮДИЙГ ДУУРАЙЖЭЭ?
-Тийм ээ. Хүмүүс миний нүдний харцыг аавынхтай адилхан гэдэг юм. Бас хамар байна. Бусдаар бол өөрийгөө ээжтэйгээ илүү адилхан гэж боддог. Хүмүүс тайзан дээрээс ээжтэйгээ ижилхэн харагдаж байна гэж хэлдэг.
"ПАГМАДУЛАМ" ТҮҮХЭН УРАН САЙХНЫ КИНО ГОЛ ДҮРД ТОГЛОСОН. ӨӨРИЙН ДҮРИЙН СУДАЛГААГАА ХЭРХЭН ХИЙВ?
-Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон "Хамба фильм" студийн хамтарсан "Пагмадулам" уран сайхны кино 2024 оны аравдугаар сарын 10-нд нээлтээ хийж байна. Миний хувьд их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Пагмадулам агсны дүр дээр ажилласан. Анх 2023 оны долдугаар сард "Сорил" киногоороо Бучоны олон улсын фантастик кино наадамд явж байхад гүйцэтгэх продюсер н.Мөнгөнтулга ах надтай утсаар холбогдож "Чи хурдан ирж нэг проб өгөх хэрэгтэй байна" гэсэн. Тэгээд эх орондоо ирсэн даруйдаа продюсертайгаа очиж уулзах гэтэл аав "Чи ямар кинонд проб өгөх гэж байгаагаа мэдсэн үү " гэсэн.
Би "Түүхэн кино л гэсэн. Одоохондоо мэдээгүй байна" гэсэн чинь аав Пагмадуламын дүр юм билээ гэж хэлэхэд маш их баярласан. Манай ээж Пагмадуламын тухай ном зохиол их уншиж, судалдаг хүн. Тэгсэн мөртлөө би ерөөсөө энэ хүний талаарх баримтат кино үзэж, номыг нь уншиж байгаагүй. Тодорхой хэмжээнд намтрыг нь мэддэг байсан. Тэгээд ямар хүн найруулах бол гэсэн Б.Ганболд найруулагч гэсэн. Өмнө нь намайг "Намаг" кинон дээрээ дуудахад нь очиж чадаагүй. Тэгээд би өмнөх кинон дээр нь очоогүй байж ямар нүүрээрээ очих юм бэ гэсэн чинь аав, ээж маань "Түүхэн дүрд тоглоно гэдэг хэр баргийн хүнд олдох боломж биш. Энэ боломжийг ашигла, яв" гэж хэлсэн. Тэгээд орсон чинь найруулагч маань үнэхээр сайхан хүлээн авч "Чи Пагмадуламтай их төстэй байн. Камер дээр туршиж үзье. Энэ дүрд яг тогломоор байна уу" гэж асуусан. Үнэндээ би УДЭТ-т ороод удаагүй, "Сэр сэр салхи" кино Венецийн наадамд шалгарчихсан гээд бүх ажлууд давхацсан байхад өөртөө дахин том хариуцлага хүлээх шаардлагатай болсон. Тэгсэн хэдий ч тоглохыг зөвшөөрч, боломжийг алдахгүйг хичээсэн.
-ПАГМАДУЛАМ ГЭХ ТҮҮХЭН ЭМЭГТЭЙН ТУХАЙ ХҮМҮҮСИЙН МЭДЭХГҮЙ ЯМАР ТҮҮХ СОНИРХОЛТОЙ САНАГДСАН БЭ?
-Хүмүүс Пагмадулам гэх эмэгтэйг брэндийн хувцас өмссөн хөрөг зургаар нь илүү сайн мэддэг юм билээ. Судалгааны хүрээнд уншиж байхад монгол эмэгтэйчүүдийг богтлох ёсыг халсан хүн юм билээ. Энэ бол маш сонирхолтой санагдсан. Бас анхны парламентын эмэгтэй гишүүн, Үндсэн хуулийг батлалцсан гээд… Ер нь тухайн нийгэм, цаг үедээ маш нөлөө бүхий гайхалтай эмэгтэй байсан. Би 14-31 насны дүр дээр нь ажилласан. Сэхээтэн язгууртан тайжийн угсааны хүний дүр учраас надаас маш их ур чадвар шаардсан.
Манай нагац эмээг бага байхад Пагмадулам агсанг нарийн бэлхүүстэй, гоолиг биетэй, сувд шиг цагаан арьстай үзэсгэлэнтэй бүсгүй байсан гэж ярьдаг байсан гэсэн.
Тиймээс үнэхээр гоо үзэсгэлэнтэй, оюун санааны манлайлагч, гаднаасаа дотроосоо ч гэрэлтсэн эмэгтэй байсан. Тэр хүн герман, орос, хятад, монгол, манж хэлтэй. Тийм учраас би герман, хятад хэлээр бага сага бэлтгэл хийсэн. Мөн дээрээс нь монгол бичгийн ур чадвараа сайжруулахын тулд тодорхой хугацаанд суралцсан. Дээрээс нь Пагмадулам шанз хөгжим сайхан тоглож, дуулдаг бүсгүй байсан учраас би хөгжим хүртэл тоглож сурсан. Эмээ маань хөгжимчин хүн байсан учраас эмээгээрээ хөгжим заалгаж, өөрийнхөө хэмжээнд тоглосон. Энэ дүрд тоглосноороо маш их зүйлсийг сурч, ахиж дэвшсэн. Их дээд сургуульд сураад төгссөн юм шиг их зүйлийг сурч авлаа.
"СЭР СЭР САЛХИ" УРАН САЙХНЫ КИНОНЫ МАРЛААГИЙН ДҮРД ТОГЛОХЫН ТУЛД УРТ ҮСЭЭ ТАЙРСАН ГЭЖ СОНССОН?
-2022 оны аравдугаар сарын дундуур анх зураг авалт нь эхэлж, арванхоёрдугаар сард дууссан. Тэрнээс өмнө дүрийн сонгон шалгаруулалт нь хоёр жил үргэлжилсэн. Энэ хугацаанд би Марлаагийн дүрээр бүтэн амьсгалж байсан. Би л Марлаад тоглоно гэж өөртөө зорилго тавьж, толгойндоо дүрээ ургуулан боддог байлаа. Хамгийн анх тэнцсэн хоёр жүжигчин нь туршилт маягаар "Есдүгээр сарын цас" кинонд тоглосон. Дараа нь "Сэр сэр салхи" кинонд тоглосон. Марлаа бол 16 настай охины дүр. Би одоо 22 настай. Би 19 настайдаа энэ киноны дүрийн сонгон шалгаруулалтад орсон боловч хариу ирэхгүй нэг жил гаруй болсон. Би бараг шилбээ хүрсэн урт үстэй байж байгаад тухайн дүрд тоглохын тулд үсээ тайрсан.
Тэр уран бүтээлдээ тоглож, дэлхийн нээлтээ Венецийн олон улсын наадамд хийж, олон үүд хаалгыг нээж өгсөн.
Найруулагч маань маш сайхан эмэгтэй. Венецид очоод кино маань дэлхийн нээлтээ хийж байхад бүх зүйл мөрөөдөл шиг санагдсан. Бидэнд бүх боломж байгааг ухаарч, олж харсан. Дэлхий гэхээр хол сонсогддог. Гэтэл тэр бүхэн хаяанд байсны мэдэрсэн. Жаахан хичээхэд л болоо юм байна гээд маш том урам зоригийг авсан.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Надад чөлөөт цаг бараг гардаггүй юм. Боломж гарвал хамгийн түрүүнд гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэх дуртай. Гэрийнхэнтэйгээ байхад тайвширч, гоё мэдрэмжүүдийг мэдэрдэг. Ажлаа тараад л гэр рүүгээ яарна. Бүх асуудлаа аав, ээждээ ярьж, хэлэлцэнэ. Манай аав маш сайхан зурдаг учраас гэр бүлээрээ зураг зурж, амьд харилцаатай байхыг эрхэмлэдэг. Мөн хамтдаа агаар салхинд гарах дуртай.
БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛНА УУ?
-Манай аавыг С.Ариунбямба, ээжийг маань Г.Амарсанаа гэдэг. Хоёулаа жүжигчин мэргэжилтэй. Харин авга өвөө маань Дундговь аймгийн Луус сумын харьяат, БНМАУ-ын Гавьяат жүжигчин Чимэрцэрэнгийн Сүхээ гэж хүн байсан. Аавын минь ээж бас жүжигчин хүн.
Би багаасаа театрт өссөн болохоор ирээдүйд энэ мэргэжлийг л сонгох ёстой юм шиг боддог байсан. Уг нь Монгол Улсын консерваторийн бүжгийн жүжигчний ангид суралцдаг байсан. Гэвч хөлөндөө хүнд бэртэл авсан учраас үргэлжлүүлэн суралцаж чадаагүй. Тэгээд Соёл урлагийн их сургуульд шалгалт өгч, 2023 онд Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Б.Хишигзаяа багшийн удирдлага дор тайз, дэлгэцийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Одоо УДЭТ-ын театр студийн жүжигчнээр ажиллаж байна.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Улсын драмын эрдмийн театрын ажилдаа анхаарна. Театрын уран бүтээлчид маань "Тэнгэрийн хүү" түүхэн туульсийн жүжгийг 13 жилийн дараа шинэчлэн тоглож буй. Мөн "Пагмадулам" уран сайхны киноны албан ёсны нээлтийн арга хэмжээ 2024 оны аравдугаар сарын 10-нд болно. Мөн кино маань аравдугаар сарын 16-нд "Улаанбаатар" кино фестивалийн монгол кино хэсэгт гарахаар болсон. Тийм болохоор эдгээр ажлыг ойрын хугацаанд төлөвлөж байна.
ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ
-Цаашдаа өөрийнхөө мэргэжлийн ур чадвараа илүү хөгжүүлэхийг хүсч, зорьж байна. Дахин түүхэн дүрийн санал орж ирвэл дуртайяа зөвшөөрнө. Учир нь жүжигчин хүнээс маш их хөдөлмөр, цаг хугацаа, ур чадварыг шаарддаг учраас тэр болгоноос суралцахыг хичээнэ. Мөн олон улсын хэмжээний уран бүтээлд ажиллаж, өөрийгөө сорихыг хүсч байна.
ҮЕИЙНХЭЭ ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Ээж маань надад "Чи өвдөлт мэдрэхгүйгээр амжилтад хүрэхгүй" гэж хэлдэг. Хэрвээ чи өвдөлт мэдэрч байгаа бол суралцаж, хичээж байна гэсэн үг. Тийм болохоор өвдөлтгүйгээр амжилтад хүрэхгүй. Өвдөлт мэдэрсэн ч шантралгүй зүтгэх хэрэгтэй. Энэ л үгийг өөртөө хэлж, хурцалдаг. Тиймээс эх орныхоо ирээдүй болсон залуустаа аливаад шантрахгүй, тууштай байгаарай гэж хэлье.
Гэрэл зургийг О.Болорсувд
Зочин 2024-10-10 202.126.91.132
Хэн мэдэх вэ баахан л жүчигчдын хүүхдүүд гээл байхын олигтой алга даа.
Нэргүй 2024-10-10 66.181.161.63
амжилт хүсье. мундаг юм билээ
Нэргүй 2024-10-10 202.131.234.123
сүүлийн үеийн жүжигчид гэж хоосон банз л байх юм. жүжиглэлт энэ тэр ёстой наалдацгүй. кино нь со киног хуулсан юм шиг_
Нэргүй 2024-10-10 66.181.160.22
гэлжгий