Мексикийн булангийн өмнөд хэсгээр дайран өнгөрч буй Милтон хар салхины хүч гуравдугаар зэрэглэлээс тавдугаар зэрэглэлд хүрч ширүүссэн. Хар салхины аюулын таван зэрэглэл байдаг бөгөөд тавдугаар зэрэглэл нь хамгийн аюултай нь гэсэн үг юм.
Милтон хар салхины зураг болон хурдлуулсан бичлэгийг НАСА-ийн сансрын нисгэгч бөгөөд АНУ-ын Тэнгисийн цэргийн командлагч Мэттью Доминик авчээ. Тэрбээр олон улсын сансрын станцынхныг сансар луу тээвэрлэх зорилгоор бүтээсэн "SpaceX"-ын "Dragon Endeavour 5" хөлгөөс зураг, бичлэгээ авсан байна. "Х" платформд нийтэлсэн зургийн дор хүмүүс сэтгэгдлээ бичжээ. Милтон хар салхи сансраас харахад хүртэл сүрдмээр, өргөн цар хүрээтэй байгаа аж.
Милтон хар салхины хурд хамгийн ихдээ 241 км/цаг хүрснийг Хар салхины төв Мягмар гаригт мэдээлэв. Үхлийн аюултай шуурга, аадар бороо, үерээс сэрэмжлэхийн тулд далайн эрэг дагуух иргэдийг нүүлгэн шилжүүлэх болжээ. Флорида мужийн захирагч Рон ДеСантис өнгөрсөн амралтын өдрүүдэд мужийн 67 хошууны 51-д нь онц байдал зарлав.
Флорида мужид өнгөрөгч долоо хоногт Хелен хар салхи их хэмжээний хохирол учруулсан. Хелен хар салхи нь сэрээх дуудлага байсан гэдгийг албаны хүн онцолжээ. Флорида, Жоржиа, Өмнөд Каролина, Хойд Каролина, Теннесси, Виржиниа мужуудыг Хелен хар салхи дайрснаар дор хаяж 232 хүн амиа алдсан. Мягмар гаригийн байдлаар эдгээр мужийн 1.6 сая байшин, аж ахуйн нэгж цахилгаангүй хэвээр байна.
Холбоотой мэдээ