Камбожийн Рэйм тэнгисийн цэргийн баазыг хиймэл дагуулаас харахад хоёр саарал дүрс үзэгдэх болжээ. Сүүлийн нэг жилийн ихэнх хугацаанд харагдсан эдгээр дүрсийг Хятадын цэргийн бааз байж магадгүй гэж Вашингтон таамаглаж байна. Хэрвээ үнэн бол Хятад улс Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай гурван арлаас гадна цэргийн хүрээгээ дахин тэлж байна гэсэн үг юм.
Саарал дүрс нь Хятадын тэнгисийн цэргийн А56 төрлийн корветт буюу 1500 тн даацтай байлдааны хөлөг онгоцууд байх магадлалтай. Эдгээрийг илүү том хөлөг онгоцуудыг багтаах хангалттай том хэмжээтэй Хятадад үйлдвэрлэсэн шинэ хөлөг онгоцуудтай зэрэгцүүлэн байрлуулжээ. Рэйм тэнгисийн цэргийн баазын эрэгт Хятадын тэнгисийн цэргийн хүчинд зориулагдсан гэж таамаглаж буй бусад байгууламж ч байдаг.
Камбожийн засгийн газар гадаадын цэргийн байнгын оролцоог хориглосон үндсэн хуулиа эш татан үүнийг удаа дараалан үгүйсгэсээр ирсэн. Үүний зэрэгцээ Рэйм тэнгисийн цэргийн баазыг найрсаг харилцаатай улсуудын тэнгисийн цэргийн хүчин ашиглахад нээлттэй гэж мэдэгддэг.
Камбожийн Хатан хааны академийн бодлогын шинжээч Сэүн Сэм “Энэ бол Хятадын биш Камбожийн бааз. Камбож бол маш жижиг, цэргийн хүчин чадал нь хязгаарлагдмал улс. Бидэнд гадны найз нөхдөөс, тэр дундаа Хятадаас илүү их сургалт хэрэгтэй” гэжээ.
Хятад улс өдгөө АНУ-аас илүү олон хөлөг онгоцтой болсон. Энэ мэтчилсэн Хятадын тэнгисийн хүч эрчимтэй нэмэгдэж буйд АНУ санаа зовних болсон. Африкийн Жибути мужид 2016 онд байгуулагдсан Хятадын бааз нь одоогийн байдлаар хилийн чанадад байгаа Бээжингийн цор ганц бааз. Гэтэл эсрэгээрээ АНУ Жибути, Япон, Солонгос зэрэг олон улсад 750 орчим баазтай. Тэнцвэргүй тоо мэт боловч Хятадын амбицаас болоод энэ байдал өөрчлөгдөж байна гэж АНУ үздэг. АНУ-ын таамаглаж буйгаар Хятад алсдаа дэлхий даяар баазуудын сүлжээтэй, аль эсвэл бааз хэлбэрээр ашиглаж болох боомтуудтай болно. Эдгээрийн эхнийх нь Рэйм тэнгисийн цэргийн бааз юм.
Рэймийг АНУ-ын тусламжаар хэдэн жилийн өмнө шинэчилж байв. Тодруулбал, энэ нь Камбожид жил бүр олгодог хэдэн 10 сая ам.долларын цэргийн тусламжийн нэг хэсэг байжээ. Гэвч Камбожийн гол сөрөг хүчин 2017 онд шоронд хоригдсоны дараа АНУ энэ тусламжаа зогсоосон. Энэ цаг үеэс Камбожийн итгэлтэй түнш нь Хятад болж, тэд Бээжингийн тусламж, хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаарах болжээ. Тэр бүү хэл АНУ-тай жил бүр тогтмол хийдэг хамтарсан цэргийн сургуулилалтаа цуцалж, Хятадтай сургуулилалт хийх болсон юм.
2020 онд Рэйм дахь АНУ-ын хөрөнгө оруулалттай хоёр барилгыг нурааж, Хятадын хөрөнгө оруулалтаар өргөтгөл хийж эхэлсэн. Өнгөрсөн онд шинэ усан онгоцны зогсоол ч баригдав. Энэ нь Жибути дахь баазын 363 метр урт хөлөг онгоцны зогсоолтой бараг адилхан байжээ. Хятадын хамгийн том нисэх онгоц тээгч хөлгийг ч тухайн зогсоолд хүлээн авах боломжтой болсон гэсэн үг юм.
Ингээд удалгүй дээр дурдсан хоёр корветтийг Рэймд байршуулжээ. Камбожийн зүгээс эдгээр байлдааны хөлөг онгоцыг Хятадтай хамтарсан сургуулилалтад ашиглана гэсэн мэдэгдэл хийсэн. Харин Хятад улс үүнийг өөрийн тэнгисийн цэргийн хүчиндээ зориулсан онгоц гэж мэдэгджээ. Мөн Рэйм дэх оролцоо нь байнгынх бус учир бааз гэж тооцохгүй гэжээ.
Гэлээ гээд АНУ-ын албаныхны санаа зоволт алга болсонгүй. Хиймэл дагуулын зургаас харахад Рэймд шинэ усан онгоцны зогсоол, агуулах, захиргааны оффис, орон сууц зэрэг олон зүйл баригджээ.
Хятад, Камбож улсууд Рэйм баазын 77 га газрыг 30 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулсан гэж 2019 онд “Wall street journal” сэтгүүл мэдээлсэн. Үүнд, цэргийн алба хаагчид болон зэвсэг байршуулах аль аль нь багтсан гэж үзэж байна. Камбожийн засгийн газар уг мэдээллийг үгүйсгэсэн ч зогсоол дээр өнөөг хүртэл зөвхөн Хятадын онгоцнууд байршиж байгаа нь анхаарал татаж байна.
Японы хоёр эсминец энэ оны эхээр ирэхэд Рэймд байрлуулалгүй ойролцоох Сиануквиллд байрлуулсан нь дээрх мэдээллийн бас нэгэн баталгаа болсон юм.
Хятадын оролцоо энэ мэтээр байнгын бөгөөд онцгой болж эхэлсэн нь Камбожийн үндсэн хуулийг зөрчихгүй гэж зарим шинжээч үзэж байна. Рэйм бол байнгын бааз биш гэдэг нь техникийн хувьд үнэн. “Рэнд” корпорацийн бодлогын ахлах судлаач Кристен Ганнес хэлэхдээ “Рэймийг Хятадаас санхүүжүүлж байгаа ч Хятадад түрээслээгүй. Үндсэн хуулийн хоригийг тойрч гарах нэг арга бол үүнийг гадаадын бааз гэж нэрлэлгүйгээр тасралтгүй нэвтрэх боломжийг олгох явдал юм. АНУ, Филиппин улсууд үүнтэй ижил төстэй гэрээний дагуу ажилладаг” гэжээ.
Хятад улс Рэймд удаан хугацаагаар хүчээ байршуулах нь төдийлөн ашигтай бус гэж ихэнх шинжээч үздэг. Өөрөөр хэлбэл, Хятадад маш бага давуу талыг өгнө. Хятад улс Өмнөд Хятадын тэнгист хэдийнэ гурван баазтай.
Рэйм дэх Хятадын бааз зөвхөн АНУ-аар тогтохгүй хөрш Тайланд, Вьетнамын санааг ч зовоож байна. Хойд зүгт орших бусад баазуудыг нийлүүлээд тооцвол Рэйм нь Вьетнамыг бүсэлж буйтай адил юм. Филиппиний нэгэн адил Вьетнам ч бас Өмнөд Хятадын тэнгист Бээжинтэй маргаантай байгаа билээ. Тайландын тухайд тус улсын тэнгисийн цэргийн гол боомт болох Саттахипийн чанх урд Хятадын бааз баригдах гэж байгаад түгшиж байна.
Гэвч аль ч улс нь энэ гомдлоо олон нийтэд ил тод илэрхийлээгүй. Тайланд улс Хятадтай эдийн засгийн харилцаагаа сэвтүүлэхийг хүсэхгүй байгаа бол Вьетнамын эрх баригчид Камбожид өөрсдийнх нь эсрэг үзэл санаа өдөөгдөх вий гэж эмээж байна.
АНУ, Энэтхэг улсууд Рэйм боомтоос гадна Хятадын төрийн өмчит компанийн 2017 онд Шри Ланкаас 99 жилийн түрээсээр авсан Хамбантота боомт, Бээжингийн санхүүжилтээр дахин тохижуулсан Пакистаны Гвадар боомт зэрэгт санаа зовж байна. Гэхдээ эдгээр нь өнөөдөр тулсан асуудал бус харьцангуй хэтийн төлөв хэвээр байна. Хятад улс тэнгисийн цэргийн хүчээрээ АНУ-тай өрсөлдөж чадна гэдэгт цөөхөн шинжээч итгэж байна. Рэйм бааз энэ өрсөлдөөнд төдийлөн том өөрчлөлт оруулахгүй гэж тэд үзэж байна.
Нэргүй 2024-10-09 139.5.217.175
Хятад аль эртнээсээ л ямх ямхаар сөөм сөөмөөр гэдэг номлолоороо бид ч анзаараагүй байхад нөлөөндөө оруулцан байна
Монгол хүн 2024-10-09 202.9.46.172
Хятад сөнөх болно.
Нэргүй 2024-10-09 66.181.181.200
манай новарын гятадын эрлийзүүд гятадыг дагаж налж хөгжих хэрэгтэй гэж үздэг.уих дахь ман ан хүн олон гишүүд гятадыг улам налж хөгжлийн галт тэргэнд нь хамт сууж хөгжих хэрэгтэй гэх мэтээр улиглаж байдаг
Нэргүй 2024-10-09 185.241.208.115
Үнэн
Нэргүй 2024-10-09 66.181.181.28
Ер нь Орос Хятад улсууд дандаа газар нутгаа тэлж эзлэн түрэмгийлэх бодлого явуулдаг. Улс орнууд ядарахаараа Америкаас тусламж хүсдэг бусад үед Америкийг муулдаг Америк аль ч улсыг эзлэн авч өөрийн нутагтаа нэгтгээгүй шүү дээ.
Нэргүй 2024-10-09 202.179.24.159
МАНы гөлөгнүүд хятадын хөгжлийн галт тэргэнд сууя гэж уриалаад удаж байгаа шүү. Данх бол шууд улайж цайхгүй мэдэгддэг болсон байна лээ
Нэргүй 2024-10-09 47.227.179.89
Fuck the China!