2024 он Монголчуудын хувьд онцлог жил болж буй. Учир нь бид өнгөрсөн зургадугаар сарын 28-нд ирэх дөрвөн жилд эрх барьж шийдвэр гаргах УИХ-ын гишүүдээ сонгож шинэ Засгийн газраа байгуулаад байна. Тэгвэл тун удахгүй /2024.10.11/-ний өдөр аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулиа өгч мөн л биднийг төлөөлж дуу хоолойгоо хүргэх нэг үгээр хэлбэл бид өөрсдийн сонгосон төлөөллөөрөө дамжуулан улс орныг удирдах, аливаа шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломж бүрдэх юм.
АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дараах асуудлуудыг шийдвэрлэх бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой. Мөн нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны бодлого, жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах гүйцэтгэлийг батлах үүрэгтэй. Үүнээс гадна хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох эрхтэй юм. Дээрээс нь хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэгт иргэдийг татан оролцуулж тэдгээрээс гарсан саналыг нэгтгэн хууль санаачлагч эрх бүхий хүмүүст уламжлах гэх мэтчилэн үүргийг хүлээдэг. Энэ утгаараа иргэдтэй хамгийн ойр байж тухайн хороо, дүүрэг, аймгийнхаа иргэдэд тулгамдаж буй асуудлыг мэддэг, тэдгээрийг цааш нь уламжилж шийдвэрлүүлэхийн төлөө явдаг хүн гэж ойлгож болно.
Сонгогчдын хувьд сонгогчийн нэрийн жагсаалт болон санал авах байрны хаягийг election.burtgel.gov.mn цахим хаягаар нэвтрэн харах боломжтой.
САНАЛЫН ХУУДСЫГ ХЭРХЭН БӨГЛӨХ ВЭ?
Сонгогч танд саналын нэг хуудас өгөх бөгөөд тухайн хуудас нь дээд талдаа аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох хэсэгтэй байна. Мөн түүний доод талд сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох гэсэн хоёр хэсгээс бүрдсэн А4 хэмжээтэй цаас байх юм. Сонгогчдын хувьд саналаа өгөхдөө эхлээд саналын хуудасны заавартай сайтар танилцах шаардлагатай. Ингэсний дараа мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгон өмнө байрлах улаан бөөрөнхийг дүүргэн будаж өгнө. Тухайн тойрогт ногдох мандатын тооноос илүү эсвэл дутуу бөглөсөн тохиолдолд тухайн саналын хуудас хүчингүй болохыг анхаараарай. Сонгогч саналын хуудсыг бөглөж дууссаны дараа зориулалтын хавтаст хийн санал тоолох төхөөрөмжид уншуулж амжиллтай гэсэн бичиг гарч ирснээр иргэн таны санал амжилттай баталгаажих юм.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд улсын хэмжээнд 2230 санал авах байр ажиллаж байгаа юм байна. Сонгогчийн тооноос шалтгаалан 1500-аас дээш сонгогчтой хэсгийн хороодод тус бүр хоёр санал тоолох төхөөрөмж байршуулах аж. Аймаг, нийслэл, сум,дүүргийн ИТХ-ын сонгуульд 10 нам, хоёр эвсэл, 267 бие даагч өрсөлдөж байна. Тодруулбал аймаг, нийслэлд 1,992 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бол сум, дүүргийн хэмжээнд 15 мянга 285 нэр дэвшигч өрсөлдөж буй. Эдгээр 17 мянга гаруй нэр дэвшигчдээс сонгогч та өөрийн тойргийн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгох үүрэгтэй юм.
Өнгөрсөн жилүүдийн орон нутгийн сонгуулийн ирцээс тухайн сонгуульд иргэд хэр зэрэг идэвхтэй оролцож байсныг харж болох юм. Тухайлбал, 2009 онд 59 хувь, 2012 онд 50 хувь, 2016 онд 60 хувь, 2020 онд 56 хувийн ирцтэй орон нутгийн сонгууль явагдаж байжээ. Үүнээс харахад иргэд орон нутгийн сонгуульд төдийлөн ач холбогдол өгдөггүй гэж хэлж болох юм. Угтаа уг сонгуулийг иргэд идэвхтэй өгснөөр эргээд иргэдэд үр нөлөө нь эергээр гарах боломжтой. Учир нь дээр хэлсэнчлэн иргэдтэй хамгийн ойр байж тэдний санал гомдол, тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, шийдвэрлүүлэх гүүр болох учиртай хүмүүс бол ИТХ-ын төлөөлөлөгчид юм. Тиймээс сонгогчдыг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Нэргүй 2024-10-09 66.181.177.195
яаж бөглөх юм бэээээ
Нэргүй 2024-10-09 202.131.245.34
иймэрхүү мэдээллийг зургаар тайлбарлаж үзүүлбэл илүү үр дүнтэй, ойлгомжтой байдаг
Батмөнх 2024-10-09 66.181.191.238
худал мэдээлэл гаргах аюултай
Нэргүй 2024-10-09 51.15.44.228
Худал мэдээлэл тараахаа больмоор байна. Юмаа мэдэхгүй нөхдүүд л ийм юм бичнэ. Заавал тухайн тойрогт байх мандатын тоотой дүүргэж бөглөхгүй дутуу байж болно.