Сурвалжлага: Ломбардаас эд зүйлээ аваад хоосон үлддэг

Сурвалжлага: Ломбардаас эд зүйлээ аваад хоосон үлддэг

Сурвалжлага: Ломбардаас эд зүйлээ аваад хоосон үлддэг

Нийслэлийн гудамж талбай, барилга байгууламжийн өнцөг булан бүрт "Ломбард" гэх хаяг хадаастай. “Алт, мөн­гө, эртний эдлэл, хөөрөг, авто­машин, гар утас, зургийн аппа­рат, зөөврийн компьютер, цахилгаан бараа, утасны дугаар барьцаалан зээлдүүлнэ” гэсэн хаяг хаа сайгүй тааралдана. Нэг барилгад хамгийн багадаа гурван ломбард барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Гэвч эдгээр газрууд үй олноороо тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдийн амжиргааны түвшин ямар байгааг харуулж байна.

Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр 2024 оны аравдугаар сарын 07-ний өдрийн байдлаар гол нэрийн зургаан төрлийн барааны үнэ өссөн үзүүлэлттэй байна.

Үүнээс харахад эдийн засгийн өсөлт биш үнийн өсөлт л өрх бүрт нөлөөлж байна. Иргэдийн цалин сүүлийн жилүүдэд тогтвортой өсч байгаа гэх ч бодит байдал дээр өрхийн зарлагын өсөлт орлогоосоо бүр ч хурдтай өсч байна. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтийн нөлөөгөөр өрхийн зарлага орлогоосоо давсан нөхцөл байдал бий болсон. Цаашид өрхийн орлого, зарлагын зөрүү энэ хэвээрээ үргэлжлэн өссөн тохиолдолд иргэд наад захын хэрэгцээгээ зээлээр хангахаас өөр аргагүй.

ОРЛОГО НОТЛОХГҮЙ, ЗЭЭЛИЙН ТҮҮХ ХАРДАГГҮЙ УЧРААС ЛОМБАРДЫГ ЗОРЬДОГ

"Монгол Улсад өрнөөс өрний хооронд амьдрахаас өөр арга алга. Бүх юмны үнэ тэнгэрт хадсан. Орлого нотлохгүй, зээлийн түүх хардаггүй учраас арга ядсан үед байдгаа бариад ломбардад ирдэг. Зээлийн хүүгийн нарийн учрыг сайн мэдэхгүй, өгч байгаа учраас авж л орхидог" хэмээн иргэд ярина.

"Нэг эд зүйлээ ломбардад тавиад арай гэж авдаг ч удалгүй дахиад өөр нэг юмаа тавина. Орлого оллоо гэхэд ломбардаас эд зүйлээ аваад хоосон үлддэг. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байна" гэдгээ учирлах хүмүүс цөөнгүй.

Харин зээлдэгчдийн зүгээс "Барьцаанд үлдээсэн бараагаа хугацаандаа авдаг хүн тун цөөхөн. Зарим нь нэг ч сунгахгүйгээр хаячихдаг. Бүгд л барьцаанд үлдээхдээ аль болох өндөр дүнгээр үнэлүүлж, буцаад хурдан авна гэдэг. Гэхдээ бодит байдал дээр тийм санхүүгийн чадвартай иргэн цөөхөн. Хугацаа сунгах тусам хүү бодогддог учраас ломбардад ашигтай гэж хардаг. Гэхдээ бизнес учраас байнгын эргэлтэд орж байх ёстой шүү дээ. Даанч иргэд мөнгөө аваад л хаячихдаг учраас араас нь эд зүйлээ аваачээ гэж удаа дараа сануулдаг. Гэсэн ч иргэд буцааж авдаггүй учраас хямд худалддаг" гэв. Нэг ёсондоо иргэд эд зүйлээ барьцаалж зээл авна. Барьцаалсан эд зүйлийг нь ломбардууд цаг хугацаагаа бодоод ихэвчлэн ченж гэх нэртэй хүмүүст хямд худалдана. Харин  тухайн эд зүйлийг ченжээс өөр нэг иргэн өндөр үнээр худалдан авна. Ийм л дүр зураг өнөөдөр иргэдийн амьдралд бий болоод байна.

Улаанбаатар хотод байдаг хамгийн олон ломбардтай байршил бол Баянзүрх дүүрэг. Тодруулбал Сансарын туннелийн зүүн жигүүр. Нийслэлд ойролцоогоор 1000 гаруй ломбард ажилладаг гэсэн статистик бий. Үүний тал шахуу хувь нь энд үйл ажиллагаа явуулдаг гэж хэлж болно. Учир нь дээр үеэсээ л тус газар хүний хөл ихтэй, шөнийн цэнгээний газар олонтой гэдгээрээ алдартай. Арга ядсан иргэд ломбардыг зорьдог боловч нөгөө талаар арга нь нарийссан хүмүүс ч үйлчлүүлдэг гэдгийг барьцаалан зээлдүүлэгчид хэлж байна. Оройн цагаар үйлчлүүлдэг иргэдийн хамгийн их барьцаалдаг зүйл нь гар утас аж. Гэвч гар утасны үнэ өдрөөс өдөрт унаж байдаг учраас үнэлгээ нь харьцангуй бага байдаг. Ихэвчлэн i Phone загварын утас болоод хамгийн сүүлийн үеийн гар утаснуудыг барьцаанд авдаг. Түүнчлэн иргэд лизингээр шинэ утас аваад ломбардад тавиад хаядаг жишиг тогтсон гэнэ. Мөн хулгайн эд зүйл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн толгойны өвчин болсон байна. Хулгайлагдсан эд зүйлсийн 90 орчим хувь нь ломбардаар дамждаг гэдгийг албаныхан хэлдэг.

Журмын дагуу барьцааны зүйл нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсаныг цагдаагийн байгууллагаас тогтоосон тохиолдолд борлуулахгүй, үрэгдүүлэхгүй байх үүрэгтэй.

Гэхдээ Цагдаагийн байгууллага шийдэж чаддаггүй учраас бараа ч үгүй, мөнгө ч үгүй үлддэг гэдгээ барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид хэлж байлаа. Барьцаалан зээлдүүлэх газраар жилд дунджаар 2.5 сая хүн үйлчлүүлдэг гэсэн албан бус статистик бий. Нэг ийм л өрийн сүлжээн дунд иргэд нэгнээ шулж амьдарч байна.

БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭГЧ ӨӨРИЙН ДУРААР ӨНДӨР ХҮҮ, АЛДАНГИ ТОГТООХ БОЛОМЖГҮЙ

Иргэдийн зүгээс ломбардын хяналтыг сайжруулж, хүүг буулгавал өрсөлдөөний зах зээл дээр хэрэглэгч байгаа юм чинь барьцаалан зээлдүүлэх газар хэрэгтэй гэдгийг хэлж байна. УИХ 2022 онд “Мөнгө зээл /ломбард/-ийн үйл ажиллагааг зохицуулах тухай” хууль баталсан. Тус хууль 2023 оны гуравдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн юм. Тодруулбал Мөнгө зээлийн үйл ажиллагааны Бодлогын зөвлөлийн 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолоор барьцаалан зээлдүүлэх /ломбард/ этгээдийн сарын зээлийн хүүгийн дээд хэмжээ 4,5 хувь байна гэж тогтоосон юм.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн тавдугаар бүлгийн 18 дугаар зүйл.Зээлийн хүү

  • 18.1.Энэ хуулийн 17.4.2-т заасан зээлийн хүүгийн дээд хэмжээг барьцаат болон барьцаагүй зээлд ялгамжтай байдлаар тогтоож болно.
  • 18.2.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гэрээний үндсэн дээр зээлдэгчид олгосон мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хүү гэж тооцох бөгөөд зээлийн хүүг ашигласан хугацаагаар нь тооцно.
  • 18.3.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 17.4.2-т заасныг зөрчиж зээлийн гэрээ байгуулсан бол зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн дүнгээр хүү авах эрхээ алдана.
  • 18.4.Зээлдэгч энэ хуулийн 17.4.2-т заасан зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтрүүлэн хүү төлсөн бол илүү төлсөн дүнг үндсэн зээлийн төлбөрт тооцон суутгана. Ийнхүү үндсэн зээлийн төлбөрийг бүрэн суутгасны дараах үлдсэн хэсгийг зээлдэгчид эргүүлэн олгоно.
  • 18.5.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна.
  • 18.6.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана. 18.7.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд зээлийн хүүг урьдчилан авахыг хориглоно гэж заажээ.

Харин барьцаалан зээлдүүлэгчид инфляцтайгаа уялдсан шийдвэр гаргах хэрэгтэй гэдэгт хатуу байр суурьтай байгаа юм.

Хяналтын хувьд Санхүүгийн зохицуулах хороо 2023 оны 85 дугаар тогтоолоор тус хорооны дэргэдэх орон тооны бус Бодлогын зөвлөлийг хуулийн хүрээнд зохион байгуулсан. Энэ зөвлөл  12 гишүүнтэй бөгөөд гурван жилийн хугацаатай ажиллах юм.

Барьцаалан зээлдүүлэгч нь өөрийн дураар өндөр хүү, алданги тогтоох боломжгүй юм байна. Харин зөвшөөрөлгүй иргэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх эрх зүйн орчин байдаг аж.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-09 202.9.46.107

Муу л бол хойд уулын хар овоохой гэдэг шиг Ломбард руу дайрахаа болих хэрэгтэй тэнд чинь сүйдтэй их мөнгө зээлээд байдаггүй ББСБ, Банкуудаас зээл авч чадахгүй иргэд эсхүл яаралтай цөөхөн хэдхэн төгрөг хэрэг болсон хүмүүс эд зүйлээ барьцаалж зээл авдаг. Ломбардруу дайраад байгаагийн цаад шалтгаан нь зах зээл орон зайг нь булааж авах гэсэн ББСБ дын үйл ажиллагаа өөр юу ч биш иргэдэд хайртай даа ч нэг их бичээгүй байх захиалгтай л нийтлэл бна даа.

Avatar

B 2024-10-09 66.181.161.147

Zugeer ajilgui zalhuuchuud esvel arhichid l lombard ordog.

Avatar

Нэргүй 2024-10-09 43.242.242.59

Иргэд арван жилээсээ л боловсрол, мэргэжилтэй болохыг эрхэмлэж бодолтой амьдрах ёстой. Та залуу зандан насандаа ирээдүйн амьдралынхаа суурийг бэлддэг. Залуу насандаа архи ууж, зугаа цэнгэл хөөцөлдөж цагийг үр ашиггүй өнгөрөөж явсан хүмүүс л насны эцэст мөнгөний асуудалд ордог. Бурууг өөрсдөөсөө мөн эцэг эхээсээ хайх хэрэгтэй. Өөр хэн ч боловсрол мэрэгжилтэй болоогүйд чинь буруугүй. Ямар жимс тарина түүнийгээ л иднэ шүү дээ.Төр засаг харин ч гэж цалин тэтгэвэрийг боломжоороо нэмж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж