Сонгогчдоос сондгойрч үлдэгсдийн эрхийг хангах зохицуулалт шаардлагатай байна

Сонгогчдоос сондгойрч үлдэгсдийн эрхийг хангах зохицуулалт шаардлагатай байна

Сонгогчдоос сондгойрч үлдэгсдийн эрхийг хангах зохицуулалт шаардлагатай байна

Оршин суугаа хаягаасаа өөр газар ажиллаж, сурдаг сонгогчдын эрхийг хангахаар байгууллагууд анхаарч эхэлжээ.

Ардчилсан нийгмийн баталгаа нь сонгууль, сонгуулийн амин сүнс нь иргэний сонгох, сонгогдох эрх. Иргэн бүрийн Үндсэн хуулиар баталгаажсан улс төрийн суурь эрхийг хангахын тулд төр, хувийн байгууллага, ажил олгогч үүрэг хүлээдэг. Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ сонгогчид Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулиар эдэлдэг. Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгөхөөр хуульчилсан учраас иргэний үнэмлэхийнхээ хаягаар л саналаа өгөх эрх зүйн зохицуулалт үйлчилдэг. Эндээс л сонгогчдоос хаягаасаа өөр газар байгаа шалтгаанаар сондгойрч үлдэгсдийн сонгох эрх хэдэн сонгууль дамжин зөрчигдөж, тэдний сонголт хаягдсаар байгаа. Энэ жилээс сонгууль зохион байгуулагчид ажил олгогчдын чихнээс хонх уяж, сонгогчид сондгойрч үлдэх ёсгүйгээ мэдэж, хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл түгээж ямартай ч бүгдээрээ гарц, боломж ярьж эхэлж байгаа нь олзуурхууштай.

АЖИЛЧДАДАА ЧӨЛӨӨ ОЛГОЖ, САНАЛ ӨГӨХ БОЛОМЖООР ХАНГАХЫГ ҮҮРЭГЖҮҮЛСЭН ЗОХИЦУУЛАЛТ АМИЛАВ

Сонгуулийн тухай хуулиудад “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж заасан. Сонгох эрхийг хангах, эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой ч төдийлөн анхаардаггүй, тэр хэрээр хэрэгжүүлдэггүй ганц өгүүлбэр 2024 оны ээлжит сонгуулиар багагүй анхаарал татлаа.

Сонгуулийн ерөнхий хорооноос “…Байнга оршин суугаа газраасаа өөр газарт ажиллаж буй сонгогчдын сонгох эрхийг хангах” Ажлын хэсэг байгуулан уул уурхай, зам тээврийн компаниудад хаваржин ажиллаж, салбарын яамд руу бичиг цаас явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль сурталчилж байгаа харагдсан. Ачаа тээврийн салбарын аж ахуйн нэгж, компаниудад 20 мянга гаруй, уул уурхайн буюу эрдэс баялгийн салбарт 40 мянга гаруй ажиллагсад байнга оршин хаягаасаа өөр газар ажилладаг судалгааг салбарын яамдаас гаргуулсны дагуу газар дээр нь ажиллах, байр суурийг нь сонсохоор ажиллаж эхэлжээ. Хуулийн заалтыг амилуулахын тулд сурталчлах, мэдээлэх нь төрийн байгууллагын үүрэг. Тиймээс ч Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын хэсэг сонгуулийн 13 тойрогт томилолтоор ажиллахдаа төрийн байгууллага болон уул уурхай, зам тээврийн компаниудад хуулийн дээрх заалтыг сурталчлан таниулж, ажиллагсдынхаа сонгох эрхийг хангах үүргээ хэрэгжүүлэхийг зөвлөж ажиллажээ. Ажил олгогчдын зовлон бэрхшээлийг ч сонсож, ачаа тээвэр, уул уурхайн 50 гаруй компанийн төлөөлөлтэй уулзалт хийж асуудал, гарц эрэлхийлсэн нь мэдээлэгдсэн.

Зөвхөн уул уурхай, ачаа тээврийн компани ч гэлтгүй санал авах өдөр ажиллаж байгаа үйлчилгээний байгууллагууд, ажил олгогчид ажиллагсдынхаа санал өгөх боломжийг хангахгүй бол хуулийн хариуцлагатайг нийтэд мэдээлсэн. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.31 дэх хэсэгт “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, санал өгөх боломжоор хангаагүй гэж гомдол гаргаж, эрх бүхий байгууллага шийдвэр гаргавал иргэнийг 10 сая, аж ахуйн нэгж байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох эрсдэлтэйг нийтэд таниулсан.

Энэ мэт уулзаж, анхааруулж, сануулсны үр дүнд Оюутолгой компани ажиллагсдынхаа ээлж солилцох хугацааг санал авах өдөртөө тааруулж, орон нутгийн иргэддээ унаа гаргаж өгсөн, зарим компани санал авах өдөр үйл ажиллагаагаа зогсоож, санал өгөх боломжоор хангасан гэх нааштай мэдээ дуулдаж эхэлсэн. Гэхдээ сонгогчдоос сондгойрч үлддэг 100 шахам мянган иргэнтэй харьцуулахад тун чамлахаар үзүүлэлт.

“УНАА БЭЛДЭЭД, ЧӨЛӨӨ ОЛГОДОГ Ч АЖИЛЧИД ЯВАХГҮЙ ГЭВЭЛ ЯАХ Ч АРГАГҮЙ”

Орон нутгийн сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороо мөн л Ажлын хэсэг гаргаж уул уурхай, зам тээврийн компаниудад ажиллаж байна. Сэтгүүлч, судлаачдын “Сонгуулийн боловсрол” клуб Ажлын хэсгийг дагаж Өмнөговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллалаа. (Өмнөговь, Дундговь аймгуудад ажилласан тэмдэглэлийг ЭНЭ ХОЛБООСООР https://www.mongoliapress.mn/news/tomilolt-sanalyn-hayrcagnaas-geegddeg-100-myangan-songoh-erh уншина уу).

Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компани Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайнуудад газрын тос олборлодог. Бидний очиж ажилласан Тамсаг XXI талбай 226 ажилчинтай. Тэдний 54 нь Улаанбаатар хотоос, 63 нь Хэрлэн сумаас, 109 нь Халхгол, Матад, Баян-Уул, Баянтүмэн, Булган, Гурванзагал, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдаас ажилладаг юм байна.

Тус компанийн Дотоод зохион байгуулалт хариуцсан захирал Д.Алтангэрэл “Манай компанийн ажилчид 14 хоногоор ээлжилдэг. Нэг ээлжид ажиллаж байгаа 100 гаруй хүний сонгох эрхийн асуудал яригдаж байгаа гэсэн үг. Газрын тосны олборлолт явуулдаг учраас үйлдвэрлэл зогсох боломжгүй. Тиймээс талбайд ажилтнуудын тодорхой хувь үлдэхээс өөр аргагүй. Улаанбаатар хотоос ажиллаж байгаа ажилчид саналаа өгч чаддаггүй, зам хэцүү, хол учраас өдөртөө яваад ирэх боломж ч байхгүй. Тиймээс орон нутгийн харьяалалтай ажилчдынхаа сонгох эрхийг хангахаар автобус явуулдаг. Сумд руу ажилчдынхаа тооноос хамаарч жижиг оврын автомашинаар хангадаг. Саналаа өгөөд ирэх хугацаанд цалинтай чөлөө олгодог. Гэвч ажилчид өөрсдөө явахгүй гэх хандлага байдаг. Тийм тохиолдолд хүчлэх боломжгүй. Зөөврийн хайрцгаар эсвэл урьдчилан санал авдаг бол компани дээрээ зохион байгуулалт хийгээд 100 хувь санал өгүүлмээр байдаг. Хэрвээ урьдчилж санал авдаг бол ажилчид маань ээлж, ээлжээр саналаа өгчихөөд ирэх боломжтой. Үүнээс гадна сонгогчдын мэдээллийн нэгдсэн сан ашиглаж байгаа тохиолдолд Улсын Их Хурлын сонгуулиар заавал үндсэн хаягтаа биш тойрогтоо очоод саналаа өгчих боломжоор хангаасай гэж манай ажилтнууд ярьдаг. Тэгвэл бид хамгийн ойр суманд өдөрт хэд, хэдэн ээлжээр очоод саналаа өгчихмөөр байна” гэсэн юм. Бидэнтэй ярилцсан Д.Алтангэрэл захирал хотынх. “Би ч олон сонгууль алгасаж байна даа, ажлын шаардлага болохоор яалтай билээ. Цахимаар ч юм уу, зөөврийн хайрцгаар урьдчилаад санал авчихдаг бол сонгох эрхээ эдэлмээр л байна” гэж ярина лээ.

Сонгуулийн санал авах өдөр сонгогчдыг саналаа өгөх боломжийг хангах зорилгоор бүх нийтээр амрахаар сонгуулийн хууль, тогтоомжуудад заасан байдаг ч Хөдөлмөрийн хуульд энэ зохицуулалт байдаггүй нь Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад үл ойлголцол үүсдэг талаар мөн тус компанийнхан ярьсан. Жилийн эхэнд Хөдөлмөрийн хууль болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар ажлын хуваарь, эдийн засгийн хуанли гаргачихдаг. Гэтэл санал авах өдөр бүх нийтийн амралт гэхээр чөлөө зөвшөөрөл, цалин мөнгөнд зөрүү гардаг аж. Тиймээс санал авах өдөр бүх нийтээр амрах зохицуулалтыг холбогдох хуулиудад тусгах шаардлагатай гэсэн саналыг ч тэд хэлж байлаа.

“ЯВААД САНАЛАА ӨГ, ХАРИН ЦАЛИН ЧИНЬ Л БАГА БОДОГДОНО ДОО”

Ийм яриа ажил олгогч, ажиллагсдын хооронд өрнөдгийг зарим нэг нь нуусангүй. Компаниас хуулиа дагаж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс сум, аймгийн төв руу унаа гаргаж өгдөг. Гэхдээ тасралтгүй ажилласан болон тухайн өдрийн урамшуулал бодогдохгүй байх айдас ажилтнуудын дунд байдаг гэнэ. Хол сумд руу өдөртөө амжиж ирэхгүй, замд алжаах зэргээс халшраад явахгүй гэх ажилчид ч олон байдаг аж. Өөрөөр хэлбэл, цалинтай чөлөө олгох эсэх нь байгууллагын үзэмж, өөрсдийнх нь шийдэх асуудал болдог юм байна.

САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖООР ХАНГАХ ТУХАЙ ОЙЛГОЛТЫН ЗӨРҮҮ

“Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэсэн хуулийн заалтын ойлголтын зөрүүг ч ярих иргэн цөөнгүй байв. Зарим компани цалингүй чөлөө олгодог, зарим нь боломжоор хангах гэдгийг унаа тэрэг гаргаж өгөх байдлаар хэрэгжүүлчихдэг. Цалинтай, цалингүй чөлөө олгох тухай нарийвчилсан зохицуулалт байдаггүй учраас хэрхэх нь ажил олгогчийн эрх. Мөн боломжоор хангахыг чөлөө олгоод орхих уу, санал авах байр руу нь хүргэх үү, хэр хугацаа байх уу гээд дур дураараа ойлгохоос аргагүй. Энэ хийдэл нь чөлөө авч, саналаа өгөхөд саад болдгийг нь зарим уурхайн ажилчид ярьсан.

Тиймээс хуульд цалинтай чөлөө олгох, боломжоор хангах ойлголтыг тодорхой зохицуулах шаардлагатай гэсэн юм.

Үргэлжлэл бий…

Ц.Өрнөх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж