Нударган зодоончид НИТХ-д хэрэггүй!

Хуучирсан мэдээ: 2024.10.08-нд нийтлэгдсэн

Нударган зодоончид НИТХ-д хэрэггүй!

Нударган зодоончид НИТХ-д хэрэггүй!

Хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын нэр дэвшигч ухуулагч нартайгаа архидан согтуурч зодолдсон тухай мэдээлэл дуулиан тарьсан бол өчигдөр Налайх дүүрэгт мөн Ардчилсан намаас нэр дэвшигч ухуулагчдаа “шанаа өгсөн” тухай шуугицгааж байна.

Олон нийтийн хувьд нийслэлд Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэн, МАН-д ташуур өгөн ажиллаасай гэж их хүсдэг. Гэвч нийслэлд сойсон нэр дэвшигчид нь тархи нь эхэлж ажиллахаас илүү нударгаар асуудлыг шийдэх гэж оролддог боевик маягийн зодоончид өрсөлдөж байна уу гэмээр чих халууцуулсан мэдээллүүд хөврөх болсон нь олон нийтийг гонсойлгосоор байна.

Учир нь, аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд төлөөлөл болж ажиллах хүн төлөвшсөн байх ёстой.  Тэд иргэдтэйгээ тулж ажиллаж асуудлыг нь шийдэх гүүр болдгоороо  онцлогтой.

Тиймдээ ч улс төрийн намууд орон нутгийн сонгуульд ач холбогдол өгч, хамгийн төлөвшсөн, ул суурьтай, хэр баргийн зүйлд салхи шиг хийсээд давхиад байхааргүй, тал, талаас асуудлыг хардаг, мэргэжлийн, мэргэшсэн хүмүүстээ итгэл үзүүлэн нэр дэвшүүлдэг. Харамсалтай нь, Ардчилсан нам “Женко” Х.Баттулгынхаа улс төрд дийлдсэн үү, асуудлыг нударгаар л шийдэх гэдэг, эсвэл худал сенсаци тараадаг нэр дэвшигчдийг сойсон нь мууд муухай, муухайд улцан болгож, рейтинг унагасаар байна.  Жишээ тавал, тус намаас НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн О.Отгонтөгс нар “Хүүхдийн мөнгийг зогсоох гэж байна” гэж худал мэдээ тарааж, олныг бухимдуулсаар.

Гэтэл МАН-аас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөж буй Х.Нямбаатарын баг, ХҮН намаас өрсөлдөж буй Э.Золзаяа, Үндэсний эвслээс өрсөлдөж буй М.Төмөр  нарын багийг хар л даа. Гадаадын их дээд сургуульд суралцаж төгссөн, мэргэжлийн шижигнэсэн баг хийсэн ажлаа, хийх ажлаа, бодлоготойгоо танилцуулж явна.

Уг нь Ардчилсан нам төлөвшвөл төлөвшихөөр хангалттай цаг хугацааг туулсан. Гэтэл хамгийн сүүлд мэндэлсэн Үндэсний эвслээс долоон дор улс төр хийж буй нь үнэндээ энэ намыг сэтгэл зүрхээрээ дэмжиж ирсэн олон хүний урмыг хугалж буй.

Аль ч шатны сонгууль бодлогын өрсөлдөөн голлодог.  Түүнээс хэн хамгийн их худлаа сенсаци тарьж, сүгсэлзсэнээрээ, хэн хамгийн их боевикууд нэр дэвшүүлснээрээ том, гоё харагддаг юм биш шүү дээ.

Олон нийт ч улсаа хөгжүүлье, Улаанбаатар хотын асуудлыг шийдье гэвэл энэ мэт дүр эсгэсэн хуурамч эх орончид, боевикуудыг шахаж,  мөрийн хөтөлбөр, хийсэн ажлаа танилцуулж яваа төлөвшсөн нэр дэвшигчдэд итгэл үзүүлэх ёстой. Хэрэв төлөвшөөгүй нэр дэвшигчид аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдвол ажил хийнэ гэж байхгүй. Ашиг хонжоо харна, унац харна. Өөрсдөд нь ашиг өгөхгүй төслийг хэрүүл уруул, зодоон нүдээн үүсгэсээр гацаана.

Монголын улс төрд өмнө нь  боевикууд байсан, түүнээс ард түмэн сургамж авч, хууль тогтоох дээд байгууллагад аль болох төлөөллийг нь оруулахгүйн төлөө сонголтоороо  хариу барьсаар ирсэн. Одоо энэхүү сонголтоо орон нутгийн сонгуулиар л баталгаажуулах хэрэгтэй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж