ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ Баасан гаригт Ойрхи Дорнодын асуудлаар Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкянтай яаралтай уулзахаар болжээ. Кремлиэс мэдэгдсэнээр Путин бүс нутгийн удирдагчдын төлөвлөгөөт бус уулзалтад оролцохоор Туркменистаныг зорих болсон байна. Энэ далимаар тэр Масуд Пезешкянтай уулзаж, Израиль, Ираныг дайны ирмэгт аваачаад буй мөргөлдөөний талаар хэлэлцэнэ.
"Цаг үе ба иргэншил: Энх тайван ба хөгжлийн үндэс" форумаар Путин, Пезешкян нар уулзах товгүй байжээ. Эцсийн мөчид л энэ шийдвэр гарсан гэдгийг Олон улсын энх тайвны төлөөх Карнегийн сангийн ажилтан Николь Гражевски хэлсэн байна. Төв Азийн орнуудын удирдагчид 18 дугаар зууны яруу найрагч, гүн ухаантан Магтымгулы Пирагийн мэндэлсний 300 жилийн ойд зориулан хуралдаж буй нь энэ форум юм. Форумын сэдвийг Путин өмнө нь сонирхож байгаагүй аж.
Кремлийн туслах Юрий Ушаков хэлэхдээ "Энэхүү уулзалт нь хоёр талын асуудал болон Ойрхи Дорнодын эрс хурцадсан нөхцөл байдлыг хэлэлцэхэд чухал ач холбогдолтой" гэжээ.
Иран, Орос улсууд 2022 оны хоёрдугаар сараас хойш харилцаа холбоогоо гүнзгийрүүлсэн. Тодруулбал, Иранаас ОХУ-д пуужин, нисгэгчгүй онгоц нийлүүлж, зөрүүнд нь техникийн ноу-хау, мөнгө, бусад зэвсэг авах болжээ.
Путин, Пезешкян нар аравдугаар сарын 22-24 нд ОХУ-ын Казаньд болох "Брикс"-ийн чуулганаар мөн уулзана. Түүнчлэн Оросын ерөнхий сайд Михаил Мишустин өнгөрсөн долоо хоногт Иранд айлчилж, тус улсын ерөнхийлөгч Пезешкян болон тэргүүн дэд ерөнхийлөгч Мухаммад Реза Ареф нартай уулзсан билээ.
3,595.72















































