Нобелийн шагнал хүртэхүйц нээлтүүд

Нобелийн шагнал хүртэхүйц нээлтүүд

Нобелийн шагнал хүртэхүйц нээлтүүд

Физик, хими, физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шинэ шагналтнуудыг энэ долоо хоногт зарлах гэж буй. Зуу гаруй жилийн өмнө Шведийн аж үйлдвэрч Арьфред Нобелийн үүсгэн байгуулсан энэхүү өргөмжлөлөөр дэлхийг өөрчилсөн ололт амжилтыг хүндэтгэн, шагнадаг. Шинжлэх ухааны дээд шагналыг хэн авахыг таамаглахад хэцүү байдаг. Богино жагсаалт болон нэр дэвшигчид нууц хэвээр байгаа бөгөөд сонгон шалгаруулалт хэрхэн явагддаг талаар 50 жилийн турш зохион байгуулагчид нууцалж иржээ.

Түүнчлэн Нобелийн шагналыг хүртэхүйц нээлтүүдийг мартаж болохгүй. Хэдийгээр тус шагналыг хүртээгүй ч салбартаа шинэ нээлтийг авчирч, бусад шинжлэх ухааны шагналуудыг хүртэж байсан таван нээлтийн талаар сонирхуулъя.

АНХНЫ ГЕНОМЫН ЗУРАГЛАЛ

Нобелийн шагналд нэр дэвшихүйц, шинжлэх ухааны профессорууд дунд байнга яригддаг нээлт бол хамгийн анхны хүний геномын зураглал юм. Үүнийг 1990-2003 оны хооронд нарийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр гаргажээ. Хүний удамшлын кодыг задлахад АНУ, Их Британи, Франц, Герман, Япон, Хятад зэрэг орны олон мянган судлаачид хамтарч хамгийн анхны зураглалыг гаргасан байдаг. Энэхүү нээлт нь биологи, анагаах ухаан болон бусад олон салбарт асар их нөлөө үзүүлсэн. Гэвч Нобелийн шагнал хүртээгүй шалтгаан нь оролцсон судлаачдын тоо байсан юм.

Нобелийн 1895 онд гаргасан дүрмийн дагуу нэг шагналыг зөвхөн гурав хүртэлх хүнд олгох боломжтой байдаг. Уг дүрмээс болж олон тооны судлаачид хамтарч гаргасан нээлтүүд Нобелийн шагнал хүртээгүй тохиолдол цөөнгүй бий.

ТАРГАЛАЛТЫН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭНИЙ ХУВЬСГАЛ

Глюкагон төст пептид 1 буюу "GLP-1" дааврыг дуурайж жин хасах үйлчилгээ үзүүлдэг эмийг бий болгосон байдаг. Энэ нь сүүлийн хэдэн жилийн турш эрүүл мэндийн салбарыг донсолгож байна. Өдгөө дэлхийн найман хүн тутмын нэг нь таргалалттай амьдарч байгаа нь 1990 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Тус эм нь цусан дахь сахрын хэмжээг бууруулж, хоолны дуршлыг бууруулдаг бөгөөд таргалалтын эсэг эмчилгээ, үүнтэй холбоотой чихрийн шижин гэх мэт өвчлөлөөс сэргийлэх чадвартай.

"Semaglutide" гэх тус эмийг Светлана Мойсов, Доктор Жоэл Хабенер, Лотте Бьерре Кнудсен нар бүтээсэн бөгөөд 2024 оны Ласкер-ДеБакей клиникийн анагаах ухааны судалгааны шагналыг хүртжээ.

Рокфеллерийн их сургуулийн биохимич, дэд профессор Можсов, Харвардын Анагаах ухааны сургуулийн анагаах ухааны профессор, эндокринологич Хабенер нар "GLP-1"-ийг тодорхойлж, нэгтгэхэд тусалсан. Ново Нордискийн судалгаа, хөгжлийн судалгааны ахлах зөвлөх Кнудсен уг эмийг олон сая хүнд таниулах чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН БА УУРГИЙН МЭДЭЭЛЭЛ

Хиймэл оюун ухаан нь хүмүүсийн амьдралыг урьд өмнө байгаагүй хурдаар өөрчилж байна. Гэхдээ үүнийг ашиглаж, эрдэм шинжилгээний өнөөгийн чадварыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хоёр хүн бий. "Google DeepMind"-ийн зохион бүтээгч болох Демис Хассабис, Жон Жампер нар амин хүчлийн дарааллаас уургийн 3D бүтцийг тайлах хиймэл оюун ухааны программ "AlphaFold Protein Structure Database"-ийг бүтээжээ.

"AlphaFold" нь уургийн бүтцэд зориулсан "Google" бөгөөд урьдчилан таамагласан уургийн загварт шууд нэвтрэх боломжийг олгодог.

Жампер, Хассабис нар 2023 оны "Lasker" болон "Breakthrough" шагналыг хүртсэн байна. Ирээдүйд тэд химийн чиглэлээр Нобелийн шагнал хүртэх магадлалтай гэж Шинжлэх ухааны мэдээллийн хүрээлэнгийн судалгаа шинжилгээний албаны дарга Дэвид Пендлбери гэх хэлжээ. Мөн "AlphaFold"-ийн суурийг тавьсан гурав дахь судлаач Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны сургуулийн уургийн дизайны хүрээлэнгийн захирал Дэвид Бейкерийг мартаж болохгүй.

ГЭДЭСНИЙ БИЧИЛ БИЕТИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Бидний биед олон тэрбум бактер, вирус, мөөгөнцөр оршиж байдаг. Үүнийг хүний микробиом гэж нэрлэдэг байна. Сүүлийн хорин жилийн хугацаанд генетикийн дараалал тогтоох дэвшлийн ачаар эдгээр микробууд юу хийдэг, бие биетэйгээ хэрхэн харьцдаг, ялангуяа гэдэс дотор хэрхэн оршдогийг эрдэмтэд илүү сайн ойлгож авчээ. Гэвч Нобелийн шагнал авахад хэтэрхий оройтсон гэж Пендлбери үзэж байна.

  Биологич, доктор Жеффри Гордон болон Сент-Луис дахь Вашингтоны их сургуулийн доктор Роберт Ж.Глейзер нар энэ салбарын анхдагч юм.

Доктор Гордон ​​нь гэдэсний микробиом ​​эрүүл мэндийг хэрхэн бүрдүүлдгийг судалжээ. Тэрбээр хоол тэжээлийн дутагдалд гэдэсний микробиом чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олж тогтоосон ажлыг удирдаж, гэдэсний эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн хүнсний интервенцүүдийг боловсруулсан гэж хэлж болно

ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ ГЕНҮҮД

Хорт хавдар нь хамаатнуудад л тохиолддог өвчин гэж 1970-аад оны үед яригддаг байв. Хүн ба шимпанзе хоёрын генетикийн ялгааг судалснаар Вашингтоны Анагаах Ухааны Сургуулийн геном судлалын профессор Мэри-Клэр Кинг шинэ нээлт хийж, хорт хавдрыг шинжлэх ухаан талаас нь тайлбарлажээ. Тэрбээр 17 жилийн хугацаанд судалгаа хийж "BRCA1"  генийн мутаци нь хөхний болон өндгөвчний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг болохыг баталсан аж.  Энэхүү нээлт нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй эмэгтэйчүүдийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж