Өрхийн эмнэлгүүд ханиадны багц олгож байгаа юу?

Өрхийн эмнэлгүүд ханиадны багц олгож байгаа юу?

Өрхийн эмнэлгүүд ханиадны багц олгож байгаа юу?

Өрхийн эмнэлгүүд ханиадны багц олгож байгаа гэх сургаар хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд өрхийн эмнэлгүүдийг зорих нь ихэсжээ. Харин зарим өрхийн эмнэлгүүд ханиадны багц ирээгүй гэх шалтгаанаар иргэдийг буцаасан тохиолдол гарсан тухай хэвлэлүүд мэдээлэв. Түүнчлэн тухайн багцад ямар эм, бэлдмэл багтах болон хэчнээн өрхөд олгох талаар иргэд мэдээлэлгүй байгаа юм.

ХАНИАДНЫ БАГЦ ГЭЖ БАЙХГҮЙ 

Тухайн ханиадны багц гэж нэрлээд буй үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-аас санхүүжүүлж буй. Тиймээс энэ талаар мэдээллийг ЭМДЕГ-ийн Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгороос тодрууллаа. Тэрбээр "Ханиадны багц гэж байхгүй. ЭМДЕГ-аас тухайн багцыг тараагаагүй. Иргэд болоод хэвлэл мэдээллийн байгууллагууд үүн дээр буруу ойлголттой байна. Та бүхний ханиадны багц гэж нэрлээд буй зүйл нь өрхийн эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлж буй өдрийн эмчилгээ, үйлчилгээ юм.

Өдрийн эмчилгээг ихэвчлэн 0-5 хүртэлх насны зорилтот бүлгийн хүүхдүүдэд бичиж өгч эмчилгээнд хамруулж байна.

Учир нь эмч эмчилгээ, эм бичээд өгөхөөр авч чадахгүй хүмүүс олон байдаг. Тэгснээр хүүхдийн өвчлөл хүндэрч эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог. Тиймээс зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээг гаргасан. Ханиад томуу ихэссэн үед эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг учир үүнээс сэргийлэх зорилготой" гэв.  Өөрөөр хэлбэл өрхийн эмнэлгээс тусламж, үйлчилгээ авсныхаа дараа худалдаж авах шаардлагатай болдог өртөг өндөртэй эм, тариаг өрхийн эмнэлгүүд өөрсдөө иргэдэд өгч дараа нь ЭМДЕГ-аас төлбөрийг нэхэмжлэх байдлаар зохицуулжээ. Өдрийн эмчилгээнд хэрэглэгдэх багцад тогтсон эм тариа, нэмэлт бүтээгдэхүүн гэж байхгүй. Харин тухайн хүүхдийн өвчлөл, шинж тэмдэг, хүнд хөнгөн байдлаас хамаарч харилцан адилгүй эмчилгээний бүтээгдэхүүн байх юм. Түүнчлэн дан ганц ханиад томуу дээр биш халдварт бус суулгалтын үед ч мөн өдрийн эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх юм.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан ханиад томуугийн үед үзүүлэх эмчилгээнд 80 мянган төгрөг, халдварт бус суулгалтын үед 60 мянган төгрөгийн эмчилгээ үйлчилгээг хүүхдүүдэд үзүүлж байгааг хэллээ.

Өрхийн эмнэлгүүд өдрийн эмчилгээний маягтаа цаг тухай бүрт бөглөж дараа нь ЭМДЕГ-аас төлбөрөө нэхэмжлэх боломжтой юм байна.

ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ ШИНЭ ЗҮЙЛ БИШ

Өрхийн эмнэлгийн өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээг Covid 19 цар тахлын үед мөн хэрэгжүүлж байжээ. Тодруулбал тухайн үед өдрийн эмчилгээний санхүүжилт 70 мянган төгрөг байсан бөгөөд Цар тахлын нэг удаагийн хуулийн дагуу 160 мянга болгон нэмэгдүүлж байсан удаатай. Үүнд өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон ажилчдын цалин, урамшуулал гээд бүх өртгийн жинг тооцож гаргасан гэдгийг Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд онцолж байсан юм. Харин одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хүүхдүүдэд зориулсан өдрийн эмчилгээний багцын тухай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Ханиад томууны улирлыг хүүхдүүдээ өвтгөхгүйгээр яаж даван туулах вэ гэдэг дээр бодлого чухал. Үүний нэг гол арга хэмжээ нь вакцинжуулалт. Энэ жил томуугийн вакцинжуулалт өмнө жилүүдийнхээс эрт эхэлж байгаа. Учир нь дархлаажуулалт, вакцин хийгдсэнээс хойш сарын хугацаанд тогтож эхэлдэг. Хоёрдугаарт сургууль цэцэрлэгийн эрүүл ахуй халдвар хамгаалал ариутгалыг сайжруулах ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Сургууль цэцэрлэгт томуугийн халдвар дамжих эрсдэл өндөр.

Түүнчлэн анхан шатны эрүүл мэндийн байгууллага болох өрхийн эмнэлэгт үзүүлээд үйлчилгээ авахаар эмийн сангаас өндөр өртөгтэй эм, тариа авч хэрэглэх болдог.

Үүнээс үүдэлтэй эмнэлгийн ачаалал ихэсдэг учраас тухайн өдрийн эмчилгээг өрхийн эмнэлгүүдэд гаргаж байгаа. Ханиад томуу туссан хөнгөн шатандаа байгаа хүүхдүүдэд хэрэглэх эм тариаг өрхийн эмнэлэг дээр нь үзээд эмийг багцаар нь өгөөд гэрээр эмчлэх боломжийг олгоно" гэсэн юм.

ХҮҮХДИЙН ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТИЙН НЭМНЭ 

Ирэх 2025 оны төвийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх хөнгөлөлттэй эмийн хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэхэд 37.2 тэрбум төгрөг тусгасан байна. Мөн “Эрүүл Монгол”, “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд” хөтөлбөрийг үргэлжлүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлтийг дэмжих хүрээнд 38 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Тодруулбал, “Эрүүл Монгол” хөтөлбөрийн зардлыг нэг тэрбум төгрөгөөр нэмж 8.8 тэрбум, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зардлыг 7.4 тэрбум төгрөгөөр нэмж 20.1 тэрбум, “Эрүүл шүд” хөтөлбөрт шаардлагатай зардлыг 8.1 тэрбум төгрөгөөр нэмж 9.1 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.

Түүнчлэн хүүхдийн амьсгалын замын үрэвсэлт өвчлөлийг эрт үед нь эмчлэхэд анхаарч, аймаг, дүүргийн эмнэлгүүдэд үүсдэг ачааллыг бууруулах зорилгоор хөнгөн үед нь өрх, сумын эмнэлгүүдэд хүүхдийн өдрийн болон гэрийн цогц эмчилгээг хийх тарифыг баталжээ.

Дээр дурдагдсан 2024 онд шинээр хэрэгжүүлж буй хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг мөн 2.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 05 дугаар тогтоол, 2023 оны жилийн эцсийн Монгол Улсад оршин суугаа хүн амын тоо, сүүлийн гурван жилийн хүн амын дундаж цэвэр өсөлтийн статистик мэдээлэлд тус тус үндэслэн төлөвлөжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж