Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн Зуухны шал гэдэг газар өчигдөр /2024.10.06/ 16.12 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг, мөн өдрийн 16:17 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудан болон газар хөдлөлтийн мэдээлэл дамжуулдаг дуут системээр ирүүлсэн байна.
Тус сумын Засаг даргын орлогчоос тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, Баян-Өндөр багийн Засаг даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгджээ.
Улсын хэмжээнд 2024 он гарсаар 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 50 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэдгийг албаныхан мэдээлж байв. Монгол орны нутаг дэвсгэрт 2011-2022 онд нийт 327,576 удаагийн газар хөдлөлт болжээ. Эдгээр газар хөдлөлтөөс 6-6.9 магнитудын газар хөдлөлт гурван удаа, 5-5.9 магнитудын газар хөдлөлт 18 удаа, 4-4.9 магнитудын газар хөдлөлт 238 удаа, 3-3.9 магнитудын газар хөдлөлт 1717 удаа, 3-6.9 магнитудын газар хөдлөлт 1976 удаа бүртгэгдсэн байна. Тухайлбал, 2022 онд нийт 58,266 удаагийн газар хөдлөлт болж, 3- 3.9 магнитудын газар хөдлөлт 112, 4-4.9 магнитудын газар хөдлөлт 19, 5-5.9 магнитудын газар хөдлөлт гурван удаа болжээ.Харин Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2011-2022 онд нийт 12,589 удаагийн газар хөдлөлт болсноос, 5-5.9 магнитудын газар хөдлөлт нэг удаа, 4-4.9 газар хөдлөлт магнитудын газар хөдлөлт зургаан удаа, 3-3.9 магнитудын газар хөдлөлт 61 удаа буюу 3-5.9 магнитудын газар хөдлөлт 68 удаа бүртгэгдсэн байна.
444 2024-10-07 43.228.129.131
Баян-Өндөр баг