Чуулган: 2028 онд ДНБ 132.3 их наяд төгрөгт хүрнэ

LiveЧуулган: 2028 онд ДНБ 132.3 их наяд төгрөгт хүрнэ

Чуулган: 2028 онд ДНБ 132.3 их наяд төгрөгт хүрнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2024.10.04/ 10.00 цагт эхэллээ.


16 : 11
2024-10-4

МАН-ын бүлэг төсвөөр 5 хоногийн завсарлага авлаа

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ хэлэлцэв. 

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “S&P” агентлагаас манай улсын 2024 оны зээлжих зэрэглэлийг “В+ эерэг” болж сайжирсныг мэдэгдлээ. Ийнхүү зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch Ratings”, “S&P”, “Мoody’s” гэсэн олон улсын агентлагийн хоёр нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+эерэг” "В+тогтвортой"болгон сайжруулсан гэх мэдээг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар:

-Улсын төсвийн тухай хуулийн холбогдох хэлэлцүүлгүүдийг үргэлжлүүлэн хийж, тодорхой шийдвэрийг гаргахаар чуулганы Дэгийн тухай хууль зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсч байгаа. УИХ Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг баталсны үндсэн дээр улсын төсвийг хэлэлцдэг дэгтэй. Тэгэхээр Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг хаврын чуулганаар баталж амжаагүй. Намрын чуулган эхэлж, эхний нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Ажлын хэсэг гарч, хөгжлийн төлөвлөгөө батлагдана. Бас Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж болзошгүй. Хууль нийцүүлэх үүднээс 2025 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзлээ. Холбогдох хуульд заасны дагуу ажлын тав хоногийг завсарлага олгохыг хүсч байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Улсын нэгдсэн төсөвтэй зэрэгцэн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг өргөн барьсан. Тодорхой зөрчлүүд үүсч байна гэж ойлголоо. Хуулийн төсөл өргөн барих процесстой холбоотойгоор нарийвчлах зүйлс гарч ирж байна. Хугацаатай хэлэлцүүлэг хийх шаардлагатай байна. МАН-ын бүлгийн даргын саналаар улсын төсөв дээр тав хоногийн завсарлага өглөө. 

Чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

14 : 35
2024-10-4

Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө хөдөлвөл ДНБ 10 мянган долларт хүрэх боломжтой

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны улсын төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. 

Эрхэм монголчууд аа, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монголын ард иргэд шилжилтийн хэмээх тодотголтой 30 жилийг цэглэж, төлөвшсөн ардчиллын хоёр дахь давлагаа болсон парламентын засаглалын шинэ эрин үеийг эхлүүлэхийн тулд 126 төлөөлөл бүхий Улсын Их Хурлыг сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг дэмжсэн билээ. Нэг үгээр хэлбэл, нутгархдаг биш улс орны хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэж чаддаг, ажил хэрэгч төлөөллийг хүссэн нь судалгааны үр дүнгүүдээс тодорхой харагдаж байна.
Өндөр хүлээлт хариуцлагыг хамт дагуулдаг жамтай. Хэрэв 126 төлөөлөл бүхий энэ парламент, Засгийн газар иргэдийн энэхүү хүлээлтийг биелүүлж чадахгүй, өмнөх шиг, эсвэл бүр өмнөхөөсөө тааруу гэсэн нийгмийн дүгнэлтэд хүрвэл ардчилсан парламентын засаглалд аюул учрах хэмжээний эрсдэл өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үүл мэт хуралдсаныг Та бид хамтдаа ухамсарлах учиртай.
Аливаа асуудлын шийдлийг олж, амжилт бүтээхэд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл хэрэгтэй ч, нураахад нэг л бодлогогүй үйлдэл хангалттай болохыг бид 2014 оноос хойш 10 гаруй жил зарцуулж байж ахиулсан зээлжих зэрэглэлийн үнэлгээ зэрэг олон жишээнээс харж бас суралцаж болно.
Ийм алдааг давтахгүйн тулд бид хамтарсан Засгийн газар байгуулж, “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээнд үндэслэсэн эхний төсвөө Засгийн газар Улсын Их Хуралд өргөн барьж байна.
2025 оны төсөв бол Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх дөрвөн жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Улсын төсөв бол Монгол хэмээх айлын орлого, зарлагын төсөөлөл төдийгүй, улс орны эдийн засгийн багтаамж, дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт орлогыг чиглүүлэн сэдэлжүүлэх суурь байдаг билээ.
Аль ч улс орны эдийн засгийн хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүнээр л хэмждэг. Бид ч олон улсын энэ жишгээр хөгжлийн суурь үзүүлэлтээ хэмжих нь ойлгомжтой.
Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 4,000 ам.долларт 10 гаруй жил гацсаны эцэст боомтын нэвтрэх хүчин чадал сайжирч, эрдэс баялгийн салбарын далд эдийн засаг ил болж, аялал жуулчлалаас олох орлого нэмэгдсэнээр 2023 онд 6,000 ам.доллар давсан бол, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ79.2 их наяд төгрөг, нэг хүнд ногдох ДНБ 6,800 орчим ам.долларт хүрэхээр тооцоолж байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.3 хувь орчимд хадгалагдах бол манай бүс нутгийн хэмжээнд эдийн засаг 5.1 хувиар өсөх төлөвтэй байна.
Мэдээж өдрөөс өдөрт дэлхий улам хуваагдмал болж, хурдтай хувьсан өөрчлөгдөж буй олон улсын геополитикийн нөхцөл байдал эдийн засагт том хэмжээний эрсдэлийг дагуулах нь тодорхой.
Монгол Улсын эдийн засгийн 2025 оны өсөлтийн төсөөллийг Дэлхийн  банк 4.8 хувь, Олон улсын валютын сан 4.1 хувь гэж тооцож байсан бол зээлжих зэрэглэл “В+” тогтвортой түвшинд хүрч, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлогоор Дэлхийн банкны ангиллаар дунджаас дээгүүр ангилалд шилжиж, хамтарсан Засгийн газар байгуулагдан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөхөөр зарласнаас хойш төсөөллөө ахиулж зургаа болон түүнээс дээш хувь байхаар тооцооллоо шинэчилж, энэхүү төсвийн хэлэлцүүлгийг анхаарал тавин ажиглаж байна. Нэг үгээр хэлбэл, хөрөнгө оруулагчид биднийг харж байна.
Мэдээж бид эрсдэлийг тооцох учиртай. Гэхдээ хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-аас доошгүй төсөл 2025 оны төсвийн жил эхэлж чадвал 2025 оны эцэст ДНБ 95.0 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлөв. Хэрэв 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд ДНБ 132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрэх бодит боломж байна гэж үзлээ.
Нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт Монгол Улс хүрч үзээгүй. Гэвч хүрсэн улс орнуудын хувьд дараах эерэг өөрчлөлтүүд гарсан байдаг.
●      Зээлжих зэрэглэл 1-2 түвшин дээшилж, зээлийн хүү 30 хүртэл хувь буурна.
●      Гадаадын хөрөнгө оруулалт 1.5-аас гурав дахин өсөж, дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдэнэ.
●      Шинжлэх ухаан, технологид оруулах хөрөнгө оруулалтын хувь нэмэгдэж, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдсэнээр эдийн засаг төрөлждөг.
●      Чадварлаг хүний нөөц эх орондоо буцан ирж, гадаадын чадварлаг мэргэжилтнүүд тус улсад ажиллаж эхэлнэ.
●      Иргэдийн дундаж цалин 60 хүртэл хувь өсөж, өрхийн орлого нэмэгдсэнээр ядуурлын түвшин буурч, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр засаглалын бүтээмж сайжирдаг.
●      Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжил сайжирч, чанартай үйлчилгээ авснаар иргэдийн амьдралын чанар сайжирч, хүн амын дундаж наслалт нэмэгддэг.
Дэлхий дээр хөгжлийн өөр жор, өөр ид шид байхгүй бөгөөд бид алхам алхмаар эдийн засгаа тэлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ аль болох ойрын хугацаанд 10,000 ам.доллар түүнээс дээш гаргах учиртай.
Хүн төрөлхтний амьдралын хэв маягийг асар хурдтай өөрчилж буй хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжлийн энэ үед монголчууд бид хөгжлийг хөөж биш харин угтаж түрүүлэх, өнгөрсөнтэй зууралдах бус алсыг харж, цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулж хурдтай хөгжих шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Монгол Улс хурдтай хөгжлийн төлөө эдийн засгийн 14 мега төслийг дараах эрэмбээр 2025 онд Улсын Их Хуралд танилцуулж, ил тод хэлэлцэн шийдвэрлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.

·      Хэлэлцээрийн шатанд 18 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан холболтын ажлыг дуусгаснаар боомтуудын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, нүүрс тээврийг 40 сая тонноор, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой.
·      Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, хэрэгжүүлснээр 2027 оноос баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана.
·      26 жилийн туршид хайгуулын үйл ажиллагаа явуулсан Монгол Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлж чадвал манай улсын хувьд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын төсөл болох ба улсын төсөвт 4.5 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэх боломжтой.

·      Уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилттэй уялдуулан
Орхон-Онги, Хэрлэн-Тооно ус дамжуулах хоолой барих төслийг хэрэгжүүлснээр говийн бүсэд хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэж, Улаан нуурыг сэргээж, нуур орчмын экосистем, биологийн олон янз байдал сэргэж, цөлжилтийг бууруулах чухал ач холбогдолтой. Говийн бүсийг усжуулахгүйгээр эдийн засгийн бусад томоохон төслүүдийг урагшлуулах боломжгүй юм.
·      2013 оноос эхлэн хэлэлцээрийн шатанд 10 жил гацсан Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр Оюутолгой, Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ.
·      Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах Үндэсний хиймэл дагуулын төсөл хэрэгжсэнээр 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно. Мөн бид хиймэл оюун ухаан, технологийн шилжилтэд бэлтгэлээ хангах суурь болно.
·      Түүнчлэн боловсруулах үйлдвэрийн багц төслүүд
·      Сэргээгдэх эрчим хүчний багц төслүүд
·      Нийслэлийн дэд бүтцийн багц төслүүдийг Улсын Их Хуралд танилцуулж хамтын шийдэл гаргах болно.

Дахин хэлэхэд эдгээр 14 төслийн 5-аас доошгүй нь хэрэгжиж эхэлснээр 2025 оны төсвийн жил төлбөрийн тэнцэл болон валютын нөөцийн эрсдэлгүй байх болно. Уул уурхайн ашигт малтмалын хайгуул, лиценз олголтын асуудлыг ил тод болгох, боловсруулах үйлдвэрийг татварын орчноор дэмжихээс гадна, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарыг онцгой анхаарч эдийн засгийг төрөлжүүлэх зардлуудыг мөн 2025 оны төсөвт суулгалаа.

Хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, бизнесийн орчныг дэмжих, үндэсний бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас
·      Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, худалдан авах ажиллагаа,
·      Татвар, төсвийн зарлагын шинэчлэл,
·      Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглал,
·      Үндэсний орон сууцжуулалтын тогтолцоо, хуримтлалын сан,
·      Бүсчилсэн хөгжил,
·      Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хотын засаглал,
·      Эрчим хүчний салбарын шинэчлэл,
·      Ногоон эдийн засаг, ногоон шилжилт,
·      Их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан цахим шилжилт,
·      Төрийн албаны эрх зүйн шинэчлэл,
·      Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлага,
·      Уул уурхайн тусгай зөвшөөрлийн олголт, ашиглалт, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зэрэг 14 багц эрхзүйн реформыг 2025 оны төсвийн жилд багтаан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөлөө.

Эдгээр эрхзүйн суурь реформыг хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар Ажлын хэсгүүд байгуулагдаж ажиллаж байгаад Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Ажлын хэсгийн эрхэм гишүүдэд талархал илэрхийлж, Засгийн газар нягт хамтран ажиллахаа илэрхийлье.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Та бид хамтдаа энэ бүрэн эрхийн хугацаанд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд 2025 оны төсвийг эдийн засгийн суурийг тэлэх дэд бүтцэд зарцуулж, төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гарган салах шаардлагатай байна.
Энэ агуулгаар Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 шинэ төсөл эхлүүлдэг байсан бол 2025 оны төсвийн төсөлд дэд бүтцийн 38 шинэ төслийг санхүүжүүлэхээр тусгалаа.
Монгол Улс Мянганы замын бүтээн байгуулалтын хүрээнд 7,000 км авто зам тавихад 21 жил зарцуулж байсан бол Бүсчилсэн хөгжлийн суурийг тавихад чиглэсэн аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай эдийн засгийн ач холбогдлын дарааллаар нь холбохын тулд ирэх 4 жилд 4,440 км орчим авто зам барих, ирэх оны төсөвт 2,100 км авто замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр тусгалаа.
Төрөлжсөн болон дэд бүсүүдийг дэмжих хүрээнд 1,650 МВт шинэ эх үүсвэрийг бий болгох болон цэвэр эрчим хүчний шилжилтийн зардлыг тусгалаа.
Нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг бүрэн санхүүжүүлж чадаагүйгээс барилгын чанарын асуудал гардаг байдлыг бүрэн шийдвэрлэхийн тулд шилжих нэртэй сунжирсан 602 төслийг бүрэн дуусгах санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх нь оновчтой гэж үзлээ.
Ингэснээр улсын хэмжээнд 90 сургууль, 62 цэцэрлэг, 31 эмнэлэг, 22 дотуур байр, соёл, спортын байгууламж 60, гэр бүл, нийгмийн хамгааллын 18 байгууламж бүрэн ашиглалтад орно. Ингэснээрсургуулийн хүчин чадал 40,610 суудлаар, цэцэрлэгийнх 9,540 ороор тус тус нэмэгдэнэ.
Нийгмийн суурь үйлчилгээг иргэд, нийгмийн бүлгүүдэд чиглүүлж, чанартай, хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч, ирэх оны нэгдүгээр сараас өндөр насны тэтгэвэр, халамжийн тэтгэвэр, төрийн албан хаагчийн цалинг инфляцтай уялдуулан зургаан хувь нэмэгдүүлэхээр тусгалаа.
Орон сууцжуулалт бол иргэдийн амьдралын баталгааны нэг тул Засгийн газраас үндэсний орон сууцжуулалтын реформыг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сантай уялдуулан хэрэгжүүлж, 1.0 их наяд төгрөгийг орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд зарцуулж, 13.0 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөж байна.
Бүсчилсэн хөгжлийн реформын хүрээнд Нийслэл Улаанбаатар хотод 1992-2021 оны хооронд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2028 он хүртэл үүнээс гурав дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага үүссэн байна.
Засгийн газраас Нийслэлийн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг энэ жилийн төсвийн жилд багтан Улсын Их Хуралд өргөн барьж,
●      Нийслэлийг Хөшигийн хөндийтэй холбосон туннел,
●      Нийслэлийн төвийг тус туннелтэй холбосон ган татлагат гүүр
●      Туулын хурдны зам,
●      Тэрэлжийн замын бүтээн байгуулалт
●      Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 км “Метроны нэгдүгээр шугам” зэрэг бүтээн байгуулалтын төслийг 2025 оны төсвийн жилд багтаан эхлүүлэхийн тулд төсвийн болон санхүүгийн бусад эх үүсвэрээр дэмжих бодлогыг мөн тусгав.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  нэгдсэн төсвийн үзүүлэлтийг дараах байдлаар тусгалаа.
Үүнд:
2025 оны төсвийн нийт эх үүсвэр-35.8 их наяд төгрөг,
Урсгал зардал-24.5 их наяд төгрөг,
Хөрөнгө оруулалтын зардал – 4.3 их наяд төгрөг,
Тогтворжуулалтын сан-608.9 тэрбум төгрөг,
Үндэсний баялгийн сан-2.4 их наяд төгрөг байхаар тооцов.

2025 оны төсвийг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлж чадвал:
·      Эдийн засгийн өсөлт 7-8 хувь болж,
·      Экспортын орлого 19.0 тэрбум ам.долларт хүрч
·      Гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж,
·      Өрхийн бодит орлого дунджаар 15 хувиар өсөж
·      Бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ,
·      35.0 мянган ажлын байр шинээр бий болно.
 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

13 : 37
2024-10-4

"Ирэх 2025 онд мөнгөний бодлогын хүү 10 хувьд байна"

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэв. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцууллаа. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулав. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Өмнөх сайд мөнгөний бодлогын хувьд хатуу бодлого барьдаг байсан. Би хувьдаа их хатуу бодлого барьдаг учраас аж ахуйн нэгж, иргэдийн бизнес сүүлийн 4 жил хумигдсан. Энэ нь иргэдийн хаалга руу эдийн засаг орохгүй байгаа шалтгаан. Эдийн засгийн өсөлт улсад сайн байх шиг байна. Ард иргэдийн амжиргаа өөрсдөө хөдөлмөр эрхэлж байж сайжирна шүү дээ. Монголбанкны мөнгөний бодлогын хүү 12 хувьтай байгаа бол зээлийн хүү 15-16 хувьтай байна. Энийг давж бизнес эрхэлж, татвар төлөх боломжгүй байна. Цаашдаа ямар бодлого баримтлах вэ?

Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Зарчмын хувьд санал нэг байна. Монголбанкнаас мөнгөний бодлогоо гаргахдаа төсвийн зарлагатай уядаг. Хоёр хүчин зүйл байдгийн нэг нь валютын нөөц. Төсөв тэлэхээр импорт нэмэгддэг, импорт нэмэгдэхээр валютын нөөц хомсддог. Тэгэхээр жилийн жилд хатуу явж ирсэн гэхээр төсвийн гадуурх цар тахлын үеийн дэмжлэг гэдэг өндөр тоотой мөнгөний нийлүүлэлт явсан. Инфляци буурч валютын нөөц таван тэрбум ам.долларт очихоор Монголбанк бодлогын хүүгээ сулласан. Үүнээс цааш 12 хувиас бууруулах боломж тааруу байна гэдгийг хэлж буй. Мөнгөний урсгалыг бараг 3 их наяд руу аваачсаны нөлөөгөөр импорт өнгөрсөн оноос 2.5 тэрбум ам.доллараар давж, импорт идэвхжээд явсан. Тийм учраас мөнгө төсвийн бодлогын зохистой харилцааг барина гэдэг зарчмаа хэрэгжүүлнэ. Ирэх онд мөнгөний бодлогын хүү 10 хувьд байх болов уу гэж харж байна. Бид ирэх жил уул уурхайн үйлдвэрлэлийг идэвхжүүлнэ. Нөөцөө 7 тэрбум ам.доллар давуулбал бодлогын хүү буурна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Улс мөнгөтэй болж том төслүүд хөдөллөө гэхэд иргэдийн хаалгаар орохгүй бол ямар ч үр дүнгүй юм. Аж ахуйн нэгж, ажил хөдөлмөр хийх өөрсдийн хүсэл тэмүүлэл чухал шүү. Та өмнө нь том төслүүдээ хэрэгжүүлэхдээ дандаа гадаадаас мөнгө оруулна, дотоодоосоо авахгүй гэдэг нь зөв. Бодлогын хүү дээр анхаарч ажиллахыг хүсье. 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

-Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой хуулийн заалт байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 10 зүйлд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл тооцож, түүнийг баримталж тухайн жилийн тооцооллыг гаргах ёстой. Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлэг дээр Засгийн газар энэ тоо баримтыг авч хэрэглээгүй гэсэн. Энэ зөрчил мөн үү.

Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Газар сайгүй ажиллах хүчний хомсдол гэдэг зүйл ярьдаг боллоо. Үүний цаана цалин хөлсний асуудал байдаг болов уу. Л.Энх-Амгалан сайд ажиллах хүчнийхээ датаг гаргана гээд ажиллаж байна. Хагас жилийн тооцооллоор тоо баримт гарах байх. Нүүрсний үнэ айхтар буурах хандлага байхгүй. Хятадын эдийн засгийг хоёр янзаар хардаг. Өнгөрсөн хугацаанд нэлээд саарч, доройтлоо гэдэг мэдээлэл асар их явсан бол нөгөө талдаа Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл унаж, гангын үйлдвэрлэл саарсан. Саяхан авсан мэдээллээр Хятадын эдийн засгийн өсөлтийг таван хувьдаа барина гэдэг шийдвэр гарсан юм билээ. Тиймээс олон улсын хөрөнгө оруулагчид Хятадын зах руу хөрөнгө оруулж байгаа юм билээ. Тиймээс бид экспортын алдагдалд хүрнэ гэж харахгүй байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Төсвийн хүрээний мэдэгдлийг зургадугаар сард баталсан. Тэр үед төсвийн нийт зарлагын хэмжээ 31.3 их наяд гэсэн чинь гуравхан сарын дараа 35.7 их наяд болж нэмэгдсэн. Энэ мэдэгдэлд байгаа энэ тоо, төсвийн тоотой зөрөөд байна. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Ер нь Төсвийн хүрээний мэдэгдэл дээр байгаа тоогоор улсын нэгдсэн төсвийг батлах ёстой. Би хувьдаа тооны зөрүү байхгүй гэж харж байна. Үнэхээр байх юм бол засах нь бидний үүрэг. Бид хөгжлийн төлөө алхаж байгаа юм. Тэрнээс биш Засгийн газар хямгадаж, УИХ тэлдэг уламжлалтай. Жаахан хөгжье гэхээр байр  нь солигдоод байх юм. Тийм учраас гишүүд маань улс орныхоо хөгжлийг бодох хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Төсөөллөөр 2025 онд улсын ДНБ найман хувь өсч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.8 их наяд болох нь ээ. Нийт зарлагын хэмжээ 35.7 их наяд болж, ДНБ-д эзлэх хувь нь 37.7 хувь болж өсөх нь ээ. Өнгөрсөн хугацаанд батлагдсанаас 4.4-4.5 их наяд хэмжээгээр өсч орж ирсэн. Энэ хэмжээгээрээ улсын төсөв нэмэгдэхээр тооцоолсон. Итгэл үнэмшил төрөхөөргүй байна. Нэгд, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийг хоёрхон сарын дотор өөрчлөөд байгаа юм бэ. Төсөв төлөвлөгөө батлах зарчим гэж бий. Хоёр, гурван жилийн өмнөөс төсөөлөл, мэдэгдлээ баталчихаад, тэр баталсны дагуу төсвөө баталдаг байхад одоо төсөв нь орж ирээд тэр төсөвтөө тааруулж төсвийн хүрээний мэдэгдэл төсөөллийг өөрчилж оруулж байгаа юм шиг санагдаж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Энэ удаагийн төсөв бол хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн эрмэлзэлтэй байгаа. Зөвхөн дэд бүтэц рүү хөрөнгө оруулна. Улаанбаатар руу оруулж буй хөрөнгө оруулалтаа дөрвөн их наяд руу хүргэж байгаа учраас улсын төсөв өссөн. Яагаад гэхээр түгжрэлээс салах хэрэгтэй байна. Энэ зоригийг гаргах цаг болсон. Цэвэр ус, эрчим хүч, түгжрэлд зарцуулж байгаа юм.

УИХ-ын гишүүн П.Ганзориг:

-2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн таамаглалыг ХЗДХ-ийн сайд хуульд нийцэж байна гэж дүгнэсэн. Гэтэл зөвлөлөөс гаргасан дүгнэлтэд хуулийн 12.1.8 болон 28.4 заалтыг зөрчсөн гэсэн. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16.4 болон 16.5.1 заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн байна. УИХ-ын харьяа байгууллага нь ингэж дүгнэсэн байхад Засгийн газар нь хуульд нийцсэн гээд байна. Энэ ямар учиртай вэ?

Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Төсвийн мэдэгдэл, Төсвийн төсөөллүүдээ сайн хараарай. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын өрийн нийт хэмжээ гэдгээ дандаа дээд хэмжээгээр авдаг байсан байна лээ. Энэ жил адилхан тэгж орж ирж байгаа. Та нар яамаар тоглож болохгүй. Засгийн газар нэгдмэл байдаг юм. Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам тусдаа яам биш. Яамаар нь хагаралдуулж ирсэн. Цаашдаа ийм байхгүй. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Өрийн асуудал байна. Зам, гүүр, эрчимний асуудал чухал. Өнгөрсөн туршлагыг харж байхад эхний оруулж ирсэн төслүүдээ батлуулчихаад төсөв хүрэлцэхгүй байна гэдэг үндэслэлээр анхны төсөл нь 23 дахин их өртөгтэй болдог тал бий. Энэ нь алсдаа өрөө төлж дийлэхгүй, нийгмийн зардлаа танах эрсдэл рүү ордог. Томоохон төслүүдийн ТЭЗҮ, өртөг цаашид үнэ тариф нь өсөх эрсдэл байгаа юу?

Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд 11 тоог ярина. С.Эрдэнэбат гишүүний асуулт төсөв хэлэлцэх үеэр тодорхой хариулт өгье. 

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Төлбөрийн тэнцэл дээр ирэх онд ямар дарамт ирэх вэ. Гадаад улсуудын нөхцөл байдлыг харахад сонин дүр зураг харагдаж байна. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Зах зээлд мөнгө нийлүүлэхээр импорт нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор төлбөрийн тэнцэлд эрсдэл байгаа. Бид хамгийн гол нь экспортынхоо хэмжээг л алдахгүй хичээнэ. Ирэх онд 19 тэрбум ам.долларыг экспортоос олно гэж тооцоолж байгаа. Хятадад бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэж бодохгүй байна. Одоо нийт эдийн засаг нь агшсан байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

-Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар төрийн өмнөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг эдлүүлэх үүргийг боловсролын салбарын 100 мянган багш, ажилтны өмнөөс хүлээж байгаа гэдгийг П.Наранбаяр сайд мэдэж байгаа байх. Ирэх жилээс цалин тэтгэврийг инфляцитай уялдуулан зургаан хувиар нэмнэ. Тэгэхээр багш нарын цалин 84-хөн мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Боловсролын яам хэдэн хувиар цалин нэмэх саналыг Л.Энх-Амгалан сайдад хүргүүлсэн бэ. Та энэ талаар мэдээлэл өгөөч. Багш, ажилчдын үндсэн цалинг нэмэх бүрэн боломж бий. Гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг үндсэн цалиндаа шилжүүлэхэд ирэх онд 1.8 сая төгрөгт хүрэх гарц байна. Сайд зугтаад байгаа юм шиг яваад байх юм.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Мэдээж би танаас ерөөсөө зугтаж байгаагүй. Дэлхийн багш нарын 30 дахь өдөр, Монголын багш нарын 58 дахь өдрийн баярын мэндийг боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилчдадаа хүргэе ээ. Би өчигдөр үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо. 

Багшийн дутагдал дээр нэг жишээ хэлье. МУИС дээр физикийн багш гэхэд 2024 онд наймхан хүн, 2022-2023 онд хоёрхон, 2022 онд долоохон хүн төгссөн. МУБИС дээр жилдээ 30-40 хүн төгссөн. Энэ жилийн наймдугаар сар гэхэд 192 физикийн багш дутсан бөгөөд 11 багш л ажилд орсон. Хөдөө бүр хими физикийн багшгүй, тэтгэвэрт гарсан тооны багш нь 28 цаг ажиллаж байна. Хотод 40 цаг ачаалалтай ажиллаж байна. Бид ажилчдынхаа цалин нэмэхээр ажиллаж байгаа. НҮБ-ын өмнө боловсролын зардлыг төсвийн зарлагын 20 хувьд хүргэнэ гэсэн. Энэ зарлагадаа хүрэхийн тулд саналаа өгч явуулж байгаа. Засгийн газар нэг цул. Бид бусад яамаар дамжуулан энэ асуудлыг цогцоор нь шийдэхээр ажиллаж байна. 

Миний хэлсэн тоо болгон баталгаа нотолгоотой. Албан ёсоор хэлэхэд, суманд багшлахад 40 хувийн орон нутгийн нэмэгдэл авч байгаа. Зэргийн нэмэгдэл нь 30 хувь, тэрнээс дээшээ гүйцэтгэлийн үнэлгээ байна. Гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан цалингийн систем нэвтрүүлсэн. Харин урамшуулал авч байгаа багш нарын тоог эрс нэмсэн шүү. Та бас ойлгож хандах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Чуулган дахь өчигдрийн уур амьсгалыг авч үзэхэд, олонхын бүлгийн гишүүд АН-аас томилогдсон сайд нар руу дайрч, өөрсдийнхөө алдаа дутагдлыг шинэ сайд нараас нэхсэн. МАН-ын дарга АН-д урилга өгсний дагуу бид хамтарсан Засгийн газарт орсон. Бид хамтрах эсэх тал дээр нухацтай ярилцаж байгаад иргэдийн амьдралыг сайжруулж, эдийн засгаа тэлье гэсэн. Эдийн засгийн хүрээний бүх ачаалал АН-аас томилогдсон сайд дээр ирж байна. 

Байнгын хорооны саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж, олонх гишүүн дэмжлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

10 : 20
2024-10-4

Цагдаагийн албаны тухай хуулийг хэлэлцэж байна

Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ эхэллээ. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаар Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал танилцуулав. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Тамгын газар хуралдаантай өдөр цагтаа ирээгүй УИХ-ын гишүүдийг тэр даруйд нь хэвлэлд мэдээлж байх үүргийг өгч байна. УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод долоо хоногийн хоёрхон өдөр чуулгантай байхад цагтаа ирж чадахгүй байгаа гишүүдийн асуудлаар тойргийн иргэдэд байнга мэдээлэл өгч байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Үндсэн хуулийн Цэц дээр цагдаагийн байгууллагын хуульд байгаа нэг заалт дээр дүгнэлт гарсан. Иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж, хүний эрхийг дордуулсан маягтай хэрэглэж байна гэдэг үндэслэлээр. Гэхдээ цагдаагийн байгууллагын хуульд байгаа учраас Цэц энийг авч хэлэлцэж байгаа болохоос хуульгүйгээр ийм үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд цаана нь олон байна. Жишээлбэл, ШШГЕГ, АТГ, ХХЕГ байна. Тийм учраас УИХ болон Хууль зүйн байнгын хороо энд мэргэжлийн байдлаар асуудалд хандаж, байгууллагын даргын заавар, Ерөнхий прокурорын гаргасан журмаар иргэний үндсэн эрхэд халддаг явдлыг зогсоох цаг болсон. 

Үндсэн хуульд "Иргэний эрх, эрх чөлөөг гагцхүү хуульд заасан үндэслэл журмаар хязгаарлана" гэж байгаа. Хэн нэгэн даргын гаргасан журмаар хязгаарладаг явдал 30 жил оршин тогтнож байна. Бас гаалийн байгууллага иргэний өмч, хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, битүүмжилж, хураах, түр саатуулахдаа байгууллагынхаа журмаар зохицуулж байгаа. Цагдаагийн байгууллагад л ганцхан ийм хууль байдаг. Тэгэхээр хууль сахиулахынханд ийм хууль хэрэгтэй байна. Иргэний өмч хөрөнгөд байгууллага болгон өөр өөр журмаар зохицуулалтаар халдаж болохгүй. Хуулийн нэг стандарт байх ёстой. Тиймээс УИХ-аас тогтоол гаргаж, Засгийн газарт Хууль сахиулах үйл ажиллагааны хуулийг оруулж ирэх хэрэгтэй. Тэр хуулиараа төрийн байгууллага иргэний өмч хөрөнгө, эрхэд халдаж, саатуулж байгаа бол нэг стандартаар халдана. 

УИХ-ын гишүүн М.Нарантуяа:

-Жагсаал цуглаан хийж, үг, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг цагдаагийн байгууллагаас саатуулах талаар мэдэгдэлгүйгээр шууд ачаад явчихдаг. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотойгоор олон иргэн үзэл бодлоо илэрхийлэх гэхээр мал шиг ачуулдаг. Энэ асуудлыг хуульд нарийвчлан тусгаж өгөх хэрэгтэй. Дураараа ачдаг хуулийн байгууллагынханд хариуцлага тооцдог баймаар байна. 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

-Бид Цагдаагийн тухай хуулийн 26.1 тусгай заалтыг ярьж байна. Энэ заалтад гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүн дээр очоод, цагдаа саатуулах арга хэмжээ авах гэж байгаа тухай асуудал. Тэрнээс биш цагдаагийн хэв журам сахиулах үйл ажиллагаа хамаагүй өргөн хүрээтэй. Замын цагдаа  цуваа өнгөрөхөд хүртэл иргэдийн хөдөлгөөнийг нь саатуулдаг. Үүнд энэ заалт ерөөсөө хамаарахгүй. Байнгын хорооны зүгээс энэ хуулийг хуулиар өгөгдсөн хугацаандаа буюу 14 хоногт хэлэлцэж шийдэж байгаа. Цагдаагийн байгууллагад хүндрэлтэй асуудлаараа хуулийн төслөө боловсруулаад ир гэдэг чиглэл өгч байгаа. 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Хууль батлагдсаны дараа цагдаагийн байгууллага хуулиа хэрэглэхэд өнөөдрийн бидний хэлэлцэж байгаа санал, тайлбар их чухал. Эрүү болон Зөрчлийн хуулиудаар хүнийг саатуулах, баривчлах ажиллагааг зохицуулж байхад дахин Цагдаагийн байгууллагын хуулиар түр саатуулж байгаа нь ямар учиртай вэ.

Мөн энэ хуулийн 22.2 зүйлд заасныг нэн даруй танилцуулах шаардлагатай. Тэгэхгүй бол эрх үүргийг нь танилцуулахгүй өдөржингөө үүдэндээ суулгаад л байдаг. Ийм байдлаар цагдаагийн байгууллага ажиллах вий. 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

-Ер нь энэ заалт дээр байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллах нь зөв байх. Ямар ч гэсэн нарийвчлаад судлахгүй бол болохгүй нь гэдэг дээр санал нэгдэж байна. Түр саатуулах заалт дээр зохицуулах шаардлагатай. Харин энэ хуулийн 26.2 заалтаар жагсаал цуглааны үед цагдаа хэрэглэж байгаа нь өөрөө асуудал. Яагаад гэхээр 26 дугаар зүйл чинь тодорхой хэрэг байхыг шаардаж байгаа. Тэр хэрэгт сэрдэгдэж буй иргэнийг саатуулахыг хэлнэ. Хэв журмын цагдаа авгай нөхрийн хэрүүлийг зохицуулж, наанаа зургаан цаг зогс гэсэн санаа огт байхгүй. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Байнгын хорооноос Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцсийн хэлэлцүүлэг рүү шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжих саналын томъёоллоор санал хураалт явуулна. 

УИХ-ын системтэй холбоотойгоор Аудит хийх, хянан шалгах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоор ахлуулсан бүх намын гишүүдийн оролцоог хангах байдлаар ажлын хэсэг байгуулсан. Системтэй холбоотой ажлын хэсэг системд аудит хийнэ. Олон үйлдэл давхардахаар гацаж байна. Уг нь олон улсын өндөр өртөгтэй систем юм билээ. 

Байнгын хорооны саналыг УИХ-ын гишүүд дэмжсэн тул энэ хуулийн төслийг эцэслэн батлахад бэлтгэх үүрэг чиглэлийг өгч байна. 

09 : 40
2024-10-4

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2024.10.04/ 10.00 цагт эхэллээ. Хуралдаанд УИХ-ын 66 гишүүн 52.4 хувийн ирцтэйгээр оролцож байна. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэнэ. 

ПҮРЭВ, БААСАН ГАРИГ /2024.10.03, 10.04/

Д/Д

  ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·       “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

·     Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·       Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

10.00

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-04 59.153.115.24

Demjij baina,iim yam buteej tsogtslooj baij l mongol uls hugjinu shuu,anh udaagaa l iim buteen baiguulalt hiiheer tuluvluj baigaa ta nartaa bayarlalaa,odoo harin edgeer tusluu heregjuulehed uhralt butsaltguigeer uragsh devshih l zam bn daa

Avatar

Нэргүй 2024-10-04 122.201.31.174

Тэр үнэхээр байж болох боловч тэр цагт Монгол хүн нэг бүр 15,000 долларын өртэй болох гээд байна.

Avatar

садө 2024-10-04 103.168.34.107

4 жил нэг ч төсөл хийгээгүй байж одоо бас 14 гэнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж