АНУ болон Хятад улс нь дэлхийн хамгийн том эдийн засагтай орнууд юм. Мөн дэлхийн хамгийн хүчирхэг армитай. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар АНУ-Хятадын өрсөлдөөн нь 21-р зууны гол сэдэв байх болно. Гэвч одоогийн байдлаар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хоёр том намын зөвхөн нэг нь л АНУ-Хятадын бодлогын талаар байнга ярьж байна.
“BBC Verify”-ийн нийтлэлүүдийг ажваас, Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Дональд Трамп мэтгэлцээнээс хойш таван удаагийн цуглаан хийхдээ Хятад улсын талаар 40 удаа дурдсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Мичиган мужид болсон хотын захиргааны форумд ганцхан цагийн дотор тэрбээр тус улсын талаар 27 удаа ярьсан байна. Гэхдээ, Трамп Хятадын тухай ярихдаа дэлхийн хоёр том гүрний хоорондох хурцадмал байдлын асуудлыг хөндөж, эдийн засгийн махчин мэтээр тодорхойлдог аж.
Тэрбээр Цагаан ордонд буцаж ирвэл Хятадын болон бусад улсын импортод ногдуулах шинэ татварын талаар байнга ярьдаг байв. Мөн Хятадад үйлдвэрлэсэн автомашинууд Америкийн автомашины үйлдвэрлэлийг сүйрүүлнэ гэж үздэг. Тиймээс Хятадын импортыг эх орондоо худалдаанд гарахаас сэргийлэхийг хүсэж байна гэжээ. Түүнчлэн, Хятадын засгийн газар санаатайгаар “Covid-19” тахлыг тараасан гэж Трамп буруутгаж байна.
Олон эдийн засагчид Трампийн татварын бодлогод эргэлзэж, энэ нь АНУ-ын хэрэглэгчдэд хор хөнөөл учруулах болно гэж анхааруулж буй. Гэхдээ Байден-Харрисын засаг захиргаа Трампийн анхны бүрэн эрхийн хугацаандаа Хятадад ногдуулсан илүү нарийвчилсан татварыг хэвээр хадгалж, заримдаа бүр нэмэгдүүлсээр ирсэн.
Эсрэгээрээ , Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Камала Харрис есдүгээр сарын 10-ны өдрийн мэтгэлцээнээс хойшхи зургаан удаа дэмжигчтэйгээ уулзахдаа Хятад улсын талаар огт дурдаагүй байна.
Зөвхөн Пенсильвани мужийн Питтсбург хотод эдийн засгийн талаар илтгэл тавихдаа Хятадын талаар цөөн удаа л дурссан байна.
"Хятад улс манай ажилчид, олон нийт, компаниудыг хохироож, дүрмийг зөрчиж байгаа үед би хурдан бөгөөд хатуу арга хэмжээ авахаас хэзээ ч эргэлзэхгүй" гэж Камала Харрис хэлжээ. Энэ талаар түүний туслахаас тодруулахад “Харрис Хятадын талаар байнга ярьдаггүй байсан ч дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг сааруулах гэсэн тус улсын хүчин чармайлтыг эсэргүүцэхийн тулд ажиллаж байсан түүхтэй” гэж “ВВС”-д ярьжээ.
Пенсильвани мужийн баруун хэсэгт орших Смиттон дахь нэгэн амбаарт Трамп нутгийн тариаланчид, фермерүүдийн хамт Хятадын тухай дугуй ширээний ярилцлага хийжээ. Энэ жижиг хот нь Ардчилсан намын төв суурин газар болох Питтсбургээс ердөө нэг цагийн зайтай байж болох ч Смиттон бол Бүгд найрамдахчуудын нутаг дэвсгэр гэж хэлж болохоор.
Трампийн ярьсан гол сэдэв нь "АНУ-ын хүнсний хангамжид Хятадын Коммунист Намын заналхийлэл нэмэгдэж байна" байв.
Энэхүү уулзалт нь Хятадын аюул заналхийллийн талаар илүү нээлттэй яриа болж өндөрлөсөн. Хэлэлцүүлэгт оролцсон тариаланчид, аж ахуй эрхлэгчид, аж ахуйн нэгжийн удирдлагууд Хятадын татаастай импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх шаардлагатай болж, тус улсын бараа бүтээгдэхүүний чанар муу байгаа талаар гомдолложээ. Трамп харуйд нь Ши Жиньпинд АНУ-ын хөдөө аж ахуйн экспортыг нэмж худалдаж авахыг ятгана гэж амласан байна.
Жо Байден ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээсээ хойш Хятад улсыг дэлхийн тэргүүлэгч ардчилсан орнуудтай өрсөлдөж буй автократ улсуудын нэг гэж тодорхойлсон байдаг.
Олон нийтийн санал асуулгын дүнгээс үзэхэд Хятад улс Америкийн сонгогчдын сонирхдог асуудлын жагсаалтад эдийн засаг, цагаачлал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэргээрээ доогуур байр эзэлдэг. Саяхан сонгуулийн тулалдааны гол гол мужуудын сонгогчдын дунд явуулсан Үндэсний аюулгүй байдлын үйл ажиллагааны судалгаанд ердөө 14 хувь нь Хятад улсыг “дараагийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл” гэж жагсаасан байна. Харин 38 хувь нь цагаачлал бол Украин болон Газын дайн 28 хувиар удаалсан байна.
Энэ судалгааны үр дүн нь Харрис яагаад Хятадын тухай ярих сонирхолгүй байгааг зарим талаар тайлбарлаж болох юм.
Түүний хувьд сонгогчдын дэмжлэгийг олохын тулд богино хугацаанд сурталчилгаагаа олон нийтэд танилцуулах шаардлагатай байгаа. Тиймээс Америкийн эдийн засгийн гол өрсөлдөгч болох Хятадад анхаарлаа хандуулах нь Ардчилсан намын хувьд тийм ч чухал зүйл биш байж магадгүй юм.
Смиттонд болсон Трампийн арга хэмжээний дараа орон нутгийн Бүгд найрамдах намын хорооны дарга Билл Бретц хэлэхдээ “Пенсильвани мужид Хятад улс нь сонгогчдын санааг зовоож буй асуудалд тэргүүлдэггүй. Гэвч Трампийн хувьд энэ тухай ярих нь чухал юм” гэжээ. Сонгогчдын хувьд Пенсильвани нь 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн гол муж байж магадгүй. Трамп, Харрис хоёулаа Цагаан ордонд ялалт байгуулахад хэцүү байх болно. Учир нь, одоогийн байдлаар урьдчилсан санал асуулгын дүнгээс харахад хоёр нэр дэвшигч тус мужид сайн сурталчилгаа хийгээгүй мэт байдалтай байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход хэдхэн долоо хоног л үлдлээ. Мэдээж хэрэг нэр дэвшигчид Азийн хамгийн том эдийн засагтай хийж буй худалдааны дайнд өөрсдийн үзэл бодол, стратегитай. Гэхдээ энэ удаагийн сонгууль нь ирэх дөрвөн жилийн дэлхийн зах зээлийг тодорхойлох тул Хятад анхааралтай ажиглаж байгаа нь дамжиггүй.
Нэргүй 2024-10-04 66.181.180.247
манай гятадын ирлийзүүд трампад их дургүй.8 жилийн өмнө цянь дао гэдэг монголын хуа цяо трамп гарч ирэхэд америк ардчиллаас ухарлаа гэж байсныг санаж бна
Нэргүй 2024-10-04 202.131.251.130
…Янкууд дэлхийн нойрхолоо алдахаас айж бна …