Монгол Улс хавдрын тохиолдлоороо дэлхийд тэргүүлж буй. Өөрөөр хэлбэл, элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийн 185 орноос нэгдүгээр байрт бичигдэж байна. Цаашилбал ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдараар өвчлөх хүмүүсийн тоо ч жил ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Хамгийн сүүлийн үеийн статистикаас харвал,
2022 онд 6885 хүн хорт хавдраар оношлогдож, 4548 хүн нас баржээ. 2023 онд хорт хавдрын 7244 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн нас барсан байна.
Дээрх статистикаас харахад жил бүр хорт хавдрын тохиолдол нэмэгдсээр байна. Тодруулбал, Монгол Улсад өдөрт 19-20 хүн хорт хавдраар өвдөж, тэднээс 12-13 нь нас барж байна гэсэн эмгэнэлт судалгааг эмч нар танилцуулах болсон билээ.
Гэтэл Монголд 1981 онд баригдсан ХСҮТ гэж ганцхан эмнэлэг бий. Өдгөө тус эмнэлэг хэдийн ачааллаа дийлэхээ байж хорт хавдартай иргэдэд хэчнээн сарын эмнэлгийн дугаар хүлээж, зарим нь оношлуулж, эмчилгээ хийлгэж чадалгүй хорвоог орхиж байгаа нь гашуун үнэн.
Хавдар судлалын эмнэлэг барина гэж үе үеийн сайд амалдаг ч өнөөдөр ч тус эмнэлгийн шинэ байр хэзээ баригдах нь тодорхойгүй, төсөв мөнгөний гачигдал төр тоочсон хэвээр. Хамгийн сүүлд С.Чинзориг Эрүүл мэндийн сайд байхдаа “Барилгын зураг төслийн мөнгө батлагдсан. 2024 оны нэгдүгээр улирал гэхэд хавдрын эмнэлгийн зураг төсөл бэлэн болно” хэмээн ярьж байлаа. Гэтэл өчигдөр /2024.10.03/ УИХ-ын чуулганы үеэр сангийн сайд Б.Жавхлан “2023 онд хавдрын эмнэлэг барих ажлыг эхлүүлэх гээд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл энэ оны есдүгээр сард зураг төсөл нь бэлэн болоогүй байна” гэв. Түүний хэлснээр дүгнэвэл 2025 оны төсөвт шинэ эмнэлэг барих төсөв бас тусгагдаагүй аж. Хавдрын шинэ эмнэлгийг БЗД-ийн арваннэгдүгээр хороо буюу “Sky resort”-ын цаана барихаар төлөвлөж байсан ч ирэх жил буюу 2025 онд хавдрын шинэ эмнэлгийн барилгыг эхлүүлэх боломжгүй болов.
ХСҮТ-ийн шинэ эмнэлгийг барина гэж 2022 оноос ярьсан. Гэвч өнөөдрийг хүртэл барилга барих нь битгий хэл зураг төсөл нь гараагүй байна. Сангийн сайнд нь "гараагүй байна лээ" гэсэн хөндий, хүйтэн үгээр тайлбар хэлэх нь эгдүүцэл төрүүлэм. Эрх мэдэлтнүүдийн хувьд эх орондоо эмнэлэгт хэвтэх шаардлагагүй ч байх. Гэвч иргэдийн хувьд ХСҮТ бол ганц найдвар нь болдог.
Сүүлийн жилүүдэд цахим хуудсаар дүүрэн хавдартай, өвчтэй хүүхдүүд хандив гуйх нь энгийн үзэгдэл боллоо. Монголчууд олон нийтийн хандив тусламж гуйж гадаадын өндөр өртөгтэй эмнэлгийг зорьж байна. Ийм байхад ганц эмнэлэг барих гэж хэдэн он дамнах ёстой вэ. Одоо зураг төсөл нь гараагүй байгаа эмнэлгийг хэзээ барьж, бид хэзээ Монголдоо дугаарлахгүй үзүүлж, эмчлүүлэх боломж бүрдэх юм бэ. Үүнд хариулт өгөх хүн алга. Нэн шаардлагатайд тооцогдохгүй соёлын төв, хөшөө дурсгал барьдаг. Дээрээс нь эхлүүлээд төсөл нь гацчихсан өчнөөн төсөл бий. Энэ мэт үргүй зардалд хэдэн тэрбумаар төсөвлөдөг байж улсдаа шаардлагатай амин чухал асуудалд яагаад ийм хойрго хандана вэ дарга нар аа!
Хавдар судлалын эмнэлэгийн хувьд засвар хийх ч боломжгүй болтлоо барилгын чанар нь муудсан. Мөн хоёр туяа эмчилгээний аппарат ажилладаг байна. Энэ нь өдөрт 80 хүн үзэх боломжтой ч 120 хүн үздэг.
Тиймээс иргэд туяа эмчилгээнд орохын тулд 1-2 сар хүлээдэг аж. Зургаан ширхэг туяа эмчилгээний төхөөрөмжтэй болж байж ачаалал хэвийн болох боломжтой. Гэтэл төхөөрөмж нэмэх гэхээр одоогийн эмнэлгийнх нь барилгын багтаамж хүрдэггүй аж.
Уг нь шинэ эмнэлэг барьчихвал хорт хавдраар өвчилсөн олон хүний амийг аварна. Эрүүл мэндийн сайд албан тушаалын томилгоо хийхээс илүү энэ мэт гол асуудалдаа хэзээ анхаарал хандуулах вэ. Иргэд чинь эмнэлэгт хэвтэх ч эрхгүй болоод удаж байгааг сануулчихад буруудахгүй биз.
Иргэн 2024-10-04 90.188.242.79
Чинбүрэн нь 40 тэрбумаар БЗД т эмнэлэг болгох зорилгоор шилэн барилга худалдан авсан гэсэн биздээ? Тэр нь хавдрын эмнэлэг биш юмуу?
Б 2024-10-04 202.126.89.238
Хамгийн арчаагүй эрх баригчид бүгд хорт хавдараар үхвэл таарна хэлэх муу үг олдохгүй байна
Лантуу 2024-10-04 66.181.179.116
Нөгөө попордог Чинбүрэн хаачсан бэ?
Нэргүй 2024-10-04 124.158.120.146
Тэр баян юмуу тэр бүгдийг шийддэгийм үү малаа!
Нэргүй 2024-10-04 66.181.176.103
Хавдартай хүмүүс эмчлүүлэх эрхгүй ч гэх шиг. Ингэж худлаа гоншигонож байхаар харин тэр хавдар тусаад байгаа хүмүүстээ яаж өөрийгөө хавдраас хамгаалах вэ гэдгийг хэлээд өгвөл сайнсан. Хэний өмнөөс хавдар тусаад байгаа юм бэ??? Өөрсдөө хариуцлагатай байж сурах хэрэгтэй шүү дээ
Нэргүй 2024-10-04 59.153.114.18
Нам, төрийн арчаагүйгээс уьаа, стресс, хүнд суртал гээд олон асуудлыг шийдэж хүн амаа амар тайван амьдруулах нөхцөл бүрдүүлээгүйгээс. Ядаж л КФС кола мэтийн аюултай хоол хүнсийг хорихгүй байгаагаас
Нэргүй 2024-10-04 124.158.120.146
Урьдчилан сэргийлэлт, сэрэмжлүүлэг 00 энэ улсад
хүннү 2024-10-04 202.9.46.243
Урдчилан сэргийлэх үзлэг ороод яах юм? Хавдартай гэдгээ мэдээд үх гэж үү? Ямар эмчилч чадах биш. Туяа эмчилгээнд орох хүн очероо хүлээсээр эцсийн шатны химийн эмчилгээнд ороод л үхнэ биз дээ.
Нэргүй 2024-10-04 66.181.160.42
Хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж явна гэдэг бол маш ноцтой түгшүүрийн дохио!! Гэтэл манайхан үүнд бүр чих нь дасаад дөжрөөд төр засаг нь бараг ийм байх ёстой мэтээр ойлгодог болжээ?? Энэ асуудлын хариуцлагыг үе үеийн Эрүүл мэндийн сайд нар болон Ерөнхий сайд нар хүлээх ёстой!!!!!! Сүүлийн 10 гаруй жилд гарсан дуулиант хэргүүдийн мөнгөөр орчин үеийн тоноглол бүхий хавдрын хэд хэдэн том эмнэлэг байгуулж болох байсан!!! Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар энэ мэт том асуудалд анхаарч байх үүрэгтэй!!!